УИХ-ын Анхдугаар чуулган болж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилсон билээ. Тэрбээр тамгаа хүлээж авсныхаа дараа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Түүний хувьд хэлсэн үгэндээ,
Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд Улсын Их Хурлын гишүүд Та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.
Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана.
Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт Та бидний өмнө тавигдаж байна" хэмээн онцоллоо.