2024 оны УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр болж, дүнгээ танилцуулсан билээ. Тэгвэл шинээр бүрэлдэх парламентын зарим сонин хачинаас та бүхэнд хүргэж байна.
-27 настай С.Цэнгүүн GEN Z үеийнхнийг парламентад төлөөлөлтэй болгож, 73 настай Г.Рэгдэл парламентад хөл тавив-
Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент бүрдэхээр боллоо. Сонгуулийн холимог тогтолцоог ашиглан явуулсан энэ удаагийн сонгуульд тойргуудаас гадна намын жагсаалтаар олон сонирхолтой дүрүүд орж ирсэн юм. Тэр дундаа олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан "дүрүүд"-эд парламентын хамгийн залуу болоод ахмад гишүүд багтаж байна.
Тодруулбал, Ардчилсан намд үе солих процессыг хамгийн идэвхтэйгээр өрнүүлж, дуу хоолой болж гарч ирсэн С.Цэнгүүн энэ парламентад хамгийн залуу гишүүнээр тодорч байна. Хэдийгээр намын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн цагаасаа эхлэн нэлээдгүй шүүмжлэлд өртөөд амжсан ч 1997 онд төрсөн 27 настай энэ бүсгүй GEN Z үеийнхнийг парламентад төлөөлөлтэй болгож чадлаа. Тэрбээр чөлөөт зах зээл, хувийн өмч ба эрх чөлөөг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо өргөж Ардчилсан намын хөгжлийн бодлогын асуудалд баруун төвийн үзэл баримтлалд тулгуурлан ажиллахыг зорилт болгон дэвшүүлсэн байдаг. Түүний хувьд 2013-2017 онд ШУТИС-ийн БУХИС Маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр хамгаалж, үргэлжлүүлэн 2020-2022 онд СЭЗИС-ийн Санхүү менежментийн магистрын зэрэг хамгаалсан байдаг.
Харин энэ парламентын хамгийн ахмад гишүүнээр МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдэж сонгогдсон Д.Рэгдэл болж байна. Тэрбээр шинжлэх ухааны салбарын төлөөлөл болж орж ирж байна. Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч тэрбээр 1951 онд төрсөн буюу 73 настай. 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн нэгэн. Харин энэ удаад тэрбээр парламентын танхимаас эл салбарын асуудлыг хөндөх чухал салбарын төлөөлөл болж байна.
-Шинэ парламентад казахуудын төлөөлөл нэгээр нэмэгдэж, дөрөв боллоо-
Сонгуулийн бүсчилсэн тойргийн асуудал яригдаж эхлэх цаг үеэс Баян-Өлгий аймагт амьдарч буй үндэстний цөөнхийн төлөөлөл болох казах (хасаг), цаатан (духа), тува иргэдийн төлөөллийг хангах үүднээс тусад нь бүс болгохоор ярилцаж, шийдвэрлэсэн байдаг. Улсын хүн амын дийлэнхтэй харьцуулахад тооны хувьд цөөн ч хэл, соёл иргэншлийнхээ угсаатны хувьд ялгарах, өөрсдийн өвөрмөц байдлыг хадгалах хүсэл эрмэлзэлтэй казахуудын төлөөлөл парламентад орж, тэдний дуу хоолой болно гэдэг тун чухал хариуцлага гэж хэлж болно. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн дүнгээр казах иргэдийн төлөөлөл дөрөв болж нэмэгдлээ. Ингэхдээ тойргийн мандатаар Х.Жангавыл, Т.Аубакир, Б.Бейсен нар гишүүнээр сонгогдсон юм. Үүнээс гадна ИЗНН-ын намын жагсаалтаар С.Замира багтаж орж ирлээ. Ингэснээр парламентад казах иргэдийн төлөөлөл дөрөв болсон гэсэн үг юм. Т.Аубакир, Б.Бейсен нарын хувьд өмнөх парламентад сууж туршлагажсан улс төрчид юм.
-Л.Оюун-Эрдэнийн танхимаас сонгуульд нэр дэвшсэн сайд нараас Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гурван сайд “МУЛТРАВ”-
Ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Хот хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшиж өрсөлдсөн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 90 гаруй хувь нь сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн гэсэн үг юм. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нар нэр дэвшээгүй.
Тэгвэл сонгуулийн дүнгээр Л.Оюун-Эрдэнийн танхимаас нэр дэвшсэн сайд нараас Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гэсэн гурван сайд парламентын босго давахуйц санал авч чадалгүй, өрсөлдөөнөөс мултарсан юм.
ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН САНАЛЫГ ИЗНН ХУВААСАН УУ
УИХ-ын 9 дэх удаагийн парламентын хамгийн сонирхолтой дүр нь ИЗНН байна. Улс төрд битүү морь гэдэг агуулгаар дөрвөн ч суудал авахаар болсон тус намын жагсаалтыг Б.Батбаатар, М.Нарантуяа, Р.Батболд С.Замира гэсэн нэр дэвшигчид тэргүүлж буй юм.
Б.Батбаатарын хувьд ИЗНН-ын дарга бөгөөд энэ удаагийн сонгуульд бусад улс төрийн нам, эвслүүдийг бодоход хамгийн бага ажиллагаатай, сурталчилгаагаа цомхон явуулсан нам боловч дээрх дөрвөн нэр дэвшигч ногоон гэрлээр УИХ-д сонгогдов.
Улс төрийн хүрээнд ИЗНН-ыг МАН-ын дэмжлэгээр УИХ-д суудал авсан гэх хардлага гараад буй юм. Гол учир нь Үндэсний эвслийн саналыг хувааж өрсөлдсөн байх магадлалтай гэсэн таамаг байна.
Тэгвэл улс төрийн хүрээнд ИЗНН эрх баригч намын дэмжлэгийг авч Үндэсний эвслийн саналыг хувааж өрсөлдсөн байж болзошгүй гэдэг хардлага байгаа юм.
Дашрамд сануулахад, ИЗНН-ын даргаар өмнө нь УИХ-ын гишүүн асан С.Оюун, С.Дэмбэрэл, Д.Энхбат гэсэн хүмүүс ажиллаж байсан аж.
ПАРЛАМЕНТАД СУУДАЛ АВСАН 4 НАМ, НЭГ ЭВСЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮНЭЭ ДЭВШҮҮЛНЭ
Монголчууд ээлжит парламентаа эмхлэн байгуулж буй ч хоёр жилийн дараа төрийн тэргүүнээ сонгоно. Өөрөөр хэлбэл улирч буй 8 дахь удаагийн парламентаар Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгох хуулийг баталсан байдаг. Хууль батлагдсанаас хойших хамгийн анхны зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч бол Ухнаагийн Хүрэлсүх. Улс төрийн хүрээнд дээрх хуулийг түүнд зориулж баталсан гэж ярих нь ч бий.
Тэгвэл одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусахтай холбогдон шинэ парламентыг бүрдүүлж байгаа 4 нам, нэг эвслээс хэн нь дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх вэ гэдэг нь татаж буй. Ямартай ч улс төрийн нам, эвслүүдийн өрсөлдөөн нэлээд ширүүсэхээр байгаа аж.
ШИНЭ ПАРЛАМЕНТЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ Д.РЭГДЭЛ НЭЭЖ ХУРАЛДУУЛНА
Монгол Улсад байнгын ажиллагаатай 9 дэх удаагийн парламент 126 гишүүнтэй бүрдэж буй. Тэгвэл уг парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн нээн хуралдуулаг хуультай.
Тодруулбал, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд 22.3-т Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу шинэ парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл даргалж хуралдуулахаар байна.
Дүгэрийн Рэгдэл
-1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн
-1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль,
-1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.
-1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.
-2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна.
-1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА, 1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд ЭШДэА,
-1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант,
- 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч,
-1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга,
-2001-2009 онд Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,
-2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч,
-2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
-ШУА-ийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхын саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан аж.
-Академич Д.Рэгдэл нь 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэж байжээ.
-ТАНИЛЦ: Шинэ парламентад сонгогдсон СЭТГҮҮЛЧ мэргэжилтэй гишүүд-
Шинэ парламентад сонгогдсон 126 гишүүний дунд сэтгүүлч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн 4 хүн байгаа юм. Эдгээрийг танилцуулбал,
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2001 онд "Бэрс" дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж байжээ. Дараа нь 4-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан одоогийн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хувьд сэтгүүлч мэргэжил эзэмшиж, 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, "Ил товчоо" сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Түүнчлэн 7-р тойрог буюу говийн бүсэд АН-аас нэр дэвшиж, суудал авсан "Цензургүй яриа"-ны гэгддэг Л.Мөнхбаясгалан багтлаа. Тэрбээр 1997-1998 онд Хэвлэлийн хүрээлэнг дүүргэжээ.
Дөрөвдүгээрт, "Улаан бал"-ын гэх тодотголтой сэтгүүлч Ч.Лодойсамбуу 12-р тойрогт АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулаад байна. Тэрбээр 2005-2009 онд "Хэвлэлийн хүрээлэн"-ийн дэргэдэх Сэтгүүлч коллежид сурч, төгсөж байжээ.
-Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо-
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж, дүнгээ танилцууллаа. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан хүмүүсээс онцолбол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулга 4-р тойрогт АН-аас нэр дэвшиж ялалт байгуулав.
Тэрбээр 2017 онд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон 2021 оныг хүртэл ажиллаж байсан билээ.