Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 06:00 цагаас эхлэн орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийт таван байршилд 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй машин механизм, өндөр хүчин чадлын дөрвөн зөөврийн ус соруулах насостойгоор замд тогтсон 7720 тонн усыг соруулж дууслаа.
Тодруулбал,
- Борооны ус зайлуулах шугам сүлжээгүй болон засварын ажил хийж буй Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц;
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны гүүрний урд хэсэг;
- Удирдлагын Акедамийн хойд зам;
- Саппорогийн уулзвар;
- "Хүннү 2222" хорооллын урд талын авто замд тогтсон нийт 7720 тонн усыг тус тус соруулсан.
Мөн Дунд, Сэлбэ, Туул гол дагуух үзлэг шалгалтыг тогтмол хийж байна.