Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ялсан намын дарга Засгийн газраа тэргүүлж, ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД БОЛНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 1 секунд

16 хоног үргэлжилсэн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрүүд өнөөдрөөр дуусгавар болж байна. Ийнхүү нэг өдрийн дараа монголын ард түмэн ирэх дөрвөн жилд төрийн эрх барих нам, эвсэл болоод нэр дэвшигчдийг сонгох хариуцлагатай сонголтын цаг үед тулж ирээд байна. Энэ удаагийн сонгуулийн онцлогийн нэг нь пропорционал системийг ашиглаж буй явдал билээ. Тэр дундаа эл сонгуулийн системийн анхаарал татаж буй хэсэг нь иргэд дан ганц тойргуудад нэр дэвшигчдэд бус нам, эвслийн жагсаалтад саналаа өгөх юм. Нам тус бүр жагсаалтдаа 48 нэрсийг жагсааж, иргэд сонгогчдод танилцуулаад буй. Өөрөөр хэлбэл сонгогчид тодорхой нам, эвслийн ирэх дөрвөн жилд барьж ажиллах ерөнхий бодлого, үйл ажиллагаа, агуулгыг өргөн цар хүрээтэй дүгнэж, сонголтоо хийнэ гэсэн үг юм. Энэ утгаараа нам, эвслийн дарга нарын нөлөө энэ удаагийн сонгуульд ихээхэн жин дарна. Тэдний нөлөө дан ганц гүйцэтгэх засаглал бус төрийн эрх барих дээд байгууллага болон УИХ-д аль нам олонх болох вэ гэдэгт ч чухал нөлөө үзүүлэх юм. Товчхондоо, иргэд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг дүгнэж сонголтоо хийнэ гэсэн үг. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд ч хүчтэй Ерөнхий сайд, тогтвортой Засгийн газартай байх бодлогыг дэвшүүлж өгсөн нь улс орны цаашдын хөгжилд чухал үүрэг хүлээж оролцох субъект болохыг тодотгосон явдал билээ.

Тэгвэл энэ өрсөлдөөнд орж ирэх намуудаас хэн дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшиж, Засгийн газраа тэргүүлэх вэ гэх асуулт хариулт нэхэж байна.

Монгол Ардын Намын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд нам дээрээ үе хоорондын шинэчлэлийг эхлүүлж, улс оронд нүүрлэсэн авлига хулгайтай тэмцэж буй агуулгаар өөрийн имижээ бүрдүүлж, энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. МАН өнгөрсөн найман жилийн хугацаанд төрийн эрх барьсан. Харин ирэх дөрвөн жилд тэднийг дахин олонх болгох уу гэх асуултад иргэд тун удахгүй хариулж, дүнгээ тавина.

Харин дараагийн Ерөнхий сайдын нэрийг нам дотооддоо эцэслэсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотой тогтоолыг намын Удирдах зөвлөлөөс өнгөрөгч тавдугаар сарын 20-нд болсон намын хурлынхаа үеэр баталсан. Өөрөөр хэлбэл, намын дүрэм болоод Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолоор 2016 оны сонгуулийн дараа тухайн үеийн намын дарга М.Энхболдыг бус Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилж байсан үйл явц давтагдахгүй байх нөхцөл бүрдсэн.

Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр

2016 онд хүлээсэн ялагдлаас хойш сөрөг хүчний үүргээс илүүтэйгээр нам дотооддоо талцал, хуваагдлын асуудалтай явж ирсэн. Урт хугацаанд үргэлжилсэн талцал хуваагдал өнгөрөгч оны хавар намын даргаар Л.Гантөмөрийг УДШ бүртгэж, тамга тэмдгээ гардан авснаар нэг талдаа гарсан гэж олон нийт харсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд олон нийт тус намд итгэл хүлээлгэж, олонх болгож чадвал стратегийн Засгийн газраа 9 яамтайгаар байгуулахаар төлөвлөөд буй. Харин Ерөнхий сайдаар намын дарга Л.Гантөмөр ажиллах талаар намаас нь саяхан хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байдаг. Л.Гантөмөрийн хувьд өөрөө ч Засгийн газраа тэргүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа харагдсан. Тэрбээр сонгуулийн уулзалтын үеэр Ерөнхий сайд болбол Их тэнгэрийн амнаас ажилдаа явахгүй гэж мэдэгдсэн удаа ч бий.

ХҮН намын дарга Тогмидын Доржханд

Өнгөрсөн парламентад орж ирсэн шинэ содон өнгө төрхүүдийн нэг нь яалт ч үгүй ХҮН намын дарга Т.Доржханд байсантай санал нийлэх биз ээ. 11 хүнтэй сөрөг хүчин ажлаа хийж чадахгүй байхад ганцхан суудалтай ХҮН нам сөрөг хүчин болж чадлаа гэх дүгнэлтийг иргэдийн зүгээс хийж байна. Тэрбээр ганц дайчин ганцаардахгүйн жишгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо зэрэг томоохон реформуудаас гадна нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ногоон автобус зэрэг асуудлуудад шүгэл үлээж, энэ чиглэлд хийгдсэн сонсголуудад хүчтэй дуу хоолой болж оролцсон.

Нөгөөтээгүүр монголын улс төрд гуравдагч хүчний орон зай дээр орж ирж буй энэ нам өнгөрсөн хугацаанд төлөвшсөн үү гэх асуулт хүн бүрт байсан. Тэгвэл тэд нэр дэвшүүлэх процесс болоод сонгуулийн өмнө олонх болсон тохиолдолд байгуулах Засгийн газраа бусад нам эвслүүдээс урьтаж олон нийтэд зарласан үйл явц нь тухайн асуултад хариулт өгөв. Ялангуяа сонгуулийн өмнө Засгийн газраа зарлана гэдэг нь улстөрийн том соёл.

ХҮН намаас Засгийн газраа “МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР” хэмээн тодотголтойгоор зарласан. Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдаар тус намын дарга Т.Доржханд ажиллана. Тодруулбал, ХҮН намын дүрмийн 6.2.4-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон тохиолдолд тухайн сонгуульд намыг удирдаж ялуулсан Намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Намын дарга Ерөнхий сайдын албан тушаалаас өөрөө татгалзсан тохиолдолд намын дарга санал оруулж Төлөөлөх зөвлөлөөс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгож тодруулна" хэмээн заасан байдаг. Эл дүрмээ баримтлан тус нам олонх болж чадсан тохиолдолд Ерөнхий сайдаар Т.Доржхандыг ажиллуулна хэмээн зарлаад байгаа юм.

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Нямтайширын Номтойбаяр

Хэдэн жил дамнан бэлддэг улс төрийн сонгуульд маш богино хугацаанд олонд танигдаж байгаа улс төрийн хүчин болж байна. Тус эвсэл энэ оны эхээр байгуулагдаж, Монголын ногоон нам, Монгол ардчилсан намыг эгнээндээ нэгтгэж чадсан. Хэрэв сонгогчид “Үндэсний эвсэл”-д олонх болж чадах итгэл хүлээлгэсэн тохиолдолд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр эвслийн тэргүүн Н.Номтойбаярын нэр яригдаж эхэлнэ.

“Үнэн ба Зөв” намын дарга Аюурзанын Отгонбаатар

“Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар өнөөдрийг хүртэл олон нийтийн дунд нэлээдгүй тэмцэгч имижээр танигдаж, улс төрд идэвхтэй дуу хоолой болж ирсэн нэгэн. Энэ удаагийн сонгуулийг мөнгөгүй хийнэ хэмээн амлаж, өөрөө жагсаалтад биш тойрогт үзэж байгаа. Магадгүй олон нийт эл намд олонх болох боломж олговол намын дарга А.Отгонбаатар Ерөнхий сайдад нэр дэвшиж ажиллах боломжтой юм.

Ц.Батнайрамдал: Энэ жилийн наадмын нээлтийг 7 бүлэгтэй зохиолын дагуу үзэгчдэд хүргэнэ
Ц.Батнайрамдал: Энэ жилийн наадмын нээлтийг 7 бүлэгтэй зохиолын дагуу үзэгчдэд хүргэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.