Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулагч Ц.Батнайрамдал, Г.Маргад-Эрдэнэ тэргүүтэй баг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ жил “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд”, “Дэлхийн нийслэл Хархорум”, “Түүхийн хүрдэн”, “Замбативийн жаргал” гэсэн 7 бүлэгтэй зохиолын дагуу үзэгчдэд хүргэнэ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг нь хүн төрөлхтний үүслээс эхлэн тэдний хэрэглэж байсан хэрэглэгдэхүүн, Монгол орны хадны сүг зургаар дүрслэгдэн олдсон олдмол судалгаануудыг инновац болгон мөн Монгол үндэсний язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт найруулсан энтертайнмент, мюзикл дэг найруулгаар хийж байгаагаараа онцлог гэдгийг найруулагч Ц.Батнайрамдал хэлэв. Харин хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч Х.Хашхүү, ерөнхий продюсероор Үндэсний урлагийн их театрын Г.Цоггэрэл нар ажиллаж байна.