2024 он гарсаар улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний өдрийн байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Усны ослын улмаас 30 хүн нас баржээ. Бага насны хүүхдийг шаардлага хангахгүй, хийлдэг гудсан дээр тоглуулах, согтуудаа машинтайгаа голын усанд орох, голын эрэг дагуу амарч яваад архи уусан үедээ голыг эрэг дээр зогсож байхад нь эрэг нурсан зэрэг тохиолдол бүртгэгджээ.
Хамгийн сүүлд гэхэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хиймэл нууранд хүүхэд эндсэн харамсалтай осол өчигдөр бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 13 настай хүүхэд хийлдэг гудастай усанд байхдаа осолдож, нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.