
Баяр наадмын урт амралт дуусаж, өнөөдрөөс ажил цуглалаа. Ажил цуглахдаа зэрэгцэн урт амралтын өдрүүдэд аюулт үзэгдэл ослын улмаас 19 хүн амь насаа алджээ гэх албан мэдээ цацагдав. Үүний дийлэнх нь буюу 13 нь усны ослоор хорвоог орхижээ.
Наадмын амралт эхлэхтэй зэрэгцэн холбогдох албаныхан өдөр бүр шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлдэг ч тогтож харж, толгойдоо эргэцүүлдэг хүн ховор. Тийм ч учраас жил бүр баяр наадмын дараа ОБЕГ-аас "Баяр наадмын амралтын үеэр усны ослоор тэдэн хүн энджээ" гэх мэдээлэл цацагдаж, нийтээрээ халаглаж, хариуцлагатай байхыг хэдэн биенээсээ шаарддаг ч хэдхэн хоноод л мартчихдаг.
НААДМЫН АМРАЛТААР УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ХҮНИЙ ТОО:

- 2017 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 12 хүн
- 2018 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 4 хүн
- 2019 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 14 хүн
- 2020 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 17 хүн
- 2021 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 26 хүн
- 2022 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 20 хүн
- 2023 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 8 хүн
- 2024 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 24 хүн
- 2025 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 18 хүн
- 2026 оны БАЯР НААДМЫН АМРАЛТ: 13 хүн
Энэ бол зөвхөн баяр наадмын амралтын өдрүүдэд усны ослоор амь насаа алдсан хүний тоо.
Ердөө хэдхэн хоногийн дотор гэхэд дэндүү их тоо. Үүний ард хэчнээн гэр бүл өнчрөл хагацлын хатуу зовлонг туулж буйг хэлэхэд бэрх.
Хамгийн харамсалтай нь үүний дийлэнх нь бага насны хүүхдүүд. Эцэг эхийн анхаарал хором сарнихад л энэ тоо нэгээр нэмэгдэж, алдрай бяцхан үрс аврал эрсээр энэ хорвоог орхидог. Зуны дэлгэр цаг дуусах болоогүй учраас энэ тоо хэдээр нэмэгдэхийг бид таашгүй.
Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй. Тиймээс гол ус бараадахдаа анхаарал болгоомжтой байж, хариуцлагатай аялахыг анхааруулж байна.
Усны осол хоромхон зуурын хариуцлагагүй үйлдлээс үүддэг учраас алхам тутамдаа АНХААРАЛ, БОЛГООМЖТОЙ БАЙЦГААЯ!!!
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Усанд живсэн үед үзүүлэх анхны тусламж
- Амьсгал авч байгаа эсэхийг шалгаж яаралтай тусламж дуудах /102, 103, 105/
- Амьсгалахгүй байвал хамрыг чимхэж, ам руу хүчтэй үлээнэ. 10 секундэд 5 удаа ухаан ортол давтана.
- Амьсгалж эхэлбэл хажуу талаар нь харуулж цэвэр агаар амьсгалуулна.
- Толгойг гудайлган эрүүг нь өргө. Ам, хоолойд нь тээглэсэн зүйлийг гарга.
-
Цээжний доод хэсэгт буюу өвчүүний голд нэг гарынхаа алгыг байрлуулж нөгөө гараараа түгжиж, хоёр гараа нугалахгүйгээр цээжин дээр дарна. Амьсгал сэргэж судас лугшилт мэдрэх хүртэл үргэлжлүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!