Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосчууд: Монголыг үзэсгэлэнт байгаль мориор төсөөлсөн ч хотын залуус нь бид нараас ч илүү загварлаг байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 1 секунд

Хүүхдүүд тоглох тоглоомын талбайгүй хаашаа л харсан гудамж, зам. Гэр хорооллын энхэл донхол өгсүүр гудамжинд хоёр давхар бүхий барилга бусдаас өнгөлөг. Энэ бол Баянхошууны Зүүнсалааны гудамжинд байрлах “Ид шидийн ордон-1” хүүхэд хамгаалал хөгжлийн төв.

Хаанаас нь ч харсан содон энэ алга дарам газарт хүүхэд өсвөр үеийнхэн цуглажээ. “Солонгос ах эгч нар ирж гоё үзүүлбэр үзүүлнэ” гэх чимээнээр догдолсоор ирсэн нь энэ байлаа. Тэдний хүлээлт талаар өнгөрсөнгүй.

Пусан хотын оюутан залуус каратэгаар “мэндчилэх” үед 9, 10 насны хөвгүүд онгирч “чи ингэж хөшиглөж чадах уу”, “Би чадах юм чинь, үзэх үү хоюулаа” гэж шуугина. Тэдний өмнө хилийн чинадаас ирсэн ах нар нь тулааны урлагийг “гайхуулав”. Хөвгүүдийн нүд гэрэлтэж байлаа. Дараа нь К-Pop хөгжмийн нүргээнд бүжиглэх эгч нараа харсан бяцхан охид биширч, догдолсон нь царайнд нь элт.

К-Pop хөгжмийн урлаг хил, хэл соёлоор зааглахгүй охид, залуусын дунд алдартай хэвээрээ. Бүжигчин охидын төлөөлөл Чүэ Жи Ни “Миний хувьд үзүүлбэр үзүүлэхэд хүүхдүүд гоё хүлээж авсанд баяртай байна. Бидний зүгээс сүүлийн үед хит болж буй дуун дээр бүжиг бэлдэхийг зорьсон ч богино хугацаанд учраас нэг л үзүүлбэр үзүүлсэн. Гэхдээ хоёр өдөр хичээл хүүхдүүдэд хичээл заахдаа аль болох шинээр гарч буй хөгжим, бүжгийн хөдөлгөөнийг зааж өгнө” гэсэн юм.

Сүүлийн үед охидын шинэ залуу хамтлаг newjeans, aespa К-pop-т цөмрөн орж байна. Гэсэн ч хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн дунд blackpink хамтлаг моданаас гарсангүй бололтой.

Хүүхдүүд бүгд л энэ хамтлагийн дууг сонсож, бүжиглэх дуртай гэдгээ дуу нэгтэй ярьж байлаа. Хэдийгээр Монгол, Солонгос хоёр улс хил, хэл соёлоор ялгаатай ч К-pop хөгжмийн ертөнц хүүхэд залуусыг холбож байгаа нь тодхон харагдана. Ингэхэд хөрш зэргэлдээ улс орнуудын нэг болох Өмнөд Солонгосын залуус Монголыг ямар нүдээр харж, хэрхэн төсөөлдөг бол?

МОНГОЛЫГ ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬ, МОРЬ МАЛААР ТӨСӨӨЛЖ БАЙСАН Ч СОЛОНГОСООС ЯЛГАРАХГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА ЮМ БАЙНА

Тэдний төлөөлөл Пусан хотоос ирсэн оюутан Ким Жин Ху Монгол Улсыг онгон зэрлэг байгаль, морь, мал аж ахуйгаар төсөөлж байжээ. Түүний хувьд анх удаа Пусан хотоос Монголд ирсэн бөгөөд Улаанбаатар хот бусад хотуудтай адил барилгажсан, залуус нь маш загварлаг болохыг тодотгож байв. Тэрбээр "Монголд ирэхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар гардаг шиг л үзэсгэлэнт байгальтай, мал аж ахуйтай гэж төсөөлж байсан сэтгэгдэл минь өөрчлөгдсөн. Нисэх буудал нь маш гоё, бас хурдны замтай.

Улаанбаатарт ирэхэд Солонгоос ялгарах зүйлгүй барилгатай, CU, GS-25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдтэй эх орондоо байгаа юм шиг л санагдсан. Залуус нь биднээс ч илүү загварлаг юм билээ.

Улаанбаатар хот маш хурдацтай хөгжиж байна гэж харлаа" гэсэн юм. Түүний хувьд Монгол хоол идэж үзээгүй, аялах төсөөлөлгүй байгаа ч сайн дурын үйл ажиллагааны хүрээнд ирэхдээ "Монгол хүүхдүүд маш хөөрхөн бас үнэхээр чадварлаг" гэдгийг онцолж байсан юм.

МОНГОЛЫН БАРИЛГА НЬ НАМХАН ЦЭЛМЭГ ТЭНГЭРТЭЙ, ЗАЛУУС НЬ БИД НАРААС Ч ЗАГВАРЛАГ ЮМ

Мөн Пусан хотоос сайн дурын байгууллагаар ирсэн Чүэ Жи Ни "Монголын тэнгэр маш уудам цэлгэр" гэдгийг яриандаа тодотгож байлаа.

Тэрбээр "Миний хувьд Монголд газардсан даруйд мэдрэгдсэн зүйл бол тэнгэр нь маш уудам. Солонгост өндөр барилга дунд өргөн уудам тал, цэлмэг тэнгэр харах боломжгүй. Харин Монголд ихэнх барилга нь намхан учраас цэлгэр тэнгэр, уудам талыг харах боломжтой нь маш гоё санагдлаа" гэсэн юм.

Түүний хувьд Улаанбаатар хотыг тодорхойлохдоо "Монголд ирэхээс өмнө Улаанбаатар хотыг улсынх нь нийслэл гэх л ерөнхий мэдээлэлтэй байлаа. Хотод нь ирэхэд Солонгостой адилхан CU, GS-25, Emart зэрэг сүлжээ дэлгүүр бүгд байна. Үйлчлүүлэхэд маш сайн зохион байгуулалттай юм билээ.

Улаанбаатар хот Солонгостой адилхан хөгжиж байгаа юм билээ. Гэхдээ байгальтай ойрхон бас хуучны барилга гудамжууд зэрэгцээд байдаг нь маш сонирхолтой санагдсан. Залуус нь биднээс ялгарахгүй маш загварлаг, охид нь Кpop айдолуудыг их дуурайж хувцасладаг нь бид нараас ч илүү юм билээ" гэлээ.

Түүний хувьд анх удаа Монголд ирж байгаа нь энэ бөгөөд хэрэв аялахаар бол морь, тэмээ унаж үзэхийг хүсдэг байна.

МОНГОЛД СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД ИХ БАЙГАА НЬ ХОЁР УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА САЙН БАЙГАА НЬ ХАРАГДЛАА

Монголд анх удаа ирж буй залуусын төлөөлөл ийм сэтгэгдэлтэй байсан бол хоёр дахь удааагаа зочилж буй Пак Кён Ук хоёр улсын хамтын ажиллагаа сайн байгаа нь Улаанбаатар хотод нээгдсэн сүлжээ дэлгүүрүүд харуулж байгааг тодотгосон. Тэрбээр "Улаанбаатар хотод СU, GS-25, Emart зэрэг сүлжээ дэлгүүр их байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаа ямар сайн байгааг харуулсан санагдлаа.

Миний хувьд зургаан жилийн өмнө Монголд аялахаар богино хугацаанд ирж байсан. Тэр үетэй харьцуулахад маш богино хугацаанд хурдацтай хөгжиж. Хэдийгээр энэ удаа ажлаар ирсэн ч аялах боломж гарвал айраг ууж, хонины махаар хийсэн бүх төрлийн хоол идэхийг хүсэж байна" гэсэн юм.

Мөн үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ "Солонгост төрөлт багассанд хувьдаа сэтгэл эмзэглэдэг. Харин Монголд хүүхдүүд их. Маш цайлган, хөөрхөн санагдсан.

Тэд ирээдүйд улс орны хөгжилд өндөр хувь нэмэр оруулна. Тиймээс хүүхдийн төлөө ажилладаг Төрийн бус байгууллагууд болон Монголын төр хүүхдүүдийнхээ боловсролд илүү анхаараасай.

Хэрэв хувь хүний хөгжил боловсролд нь анхаарч чадвал Монгол Улс одоогийнхоос ч илүү хөгжих ирээдүй байна" гэж байлаа.

"Ид шидийн орон-1" төвд хоёр хоног зочлох хугацаандаа хүүхдүүдэд Кpop, Каратэ, Солонгос хэл, Солонгос хоолны соёлыг танилцуулахаар Бусан хотоос ирсэн залуусын төлөөлөлтэй цөөн хором ярилцсан юм. Залуустай хамт хүүхдүүд сэлфидэж, БНСУ-ын тугаар салхин сэнс хийж тоглож бас зураг хамт зурах зэргээр нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн билээ.

Энэ жилийн “ЗААН ЖИМНИ”-гийн эзэн бөх хэн болох бол?
Энэ жилийн “ЗААН ЖИМНИ”-гийн эзэн бөх хэн болох бол?
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.