Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мандуул: Цан цохиж арилжаа эхлүүлснээс 1 цагийн дотор нийслэлийн 500 тэрбумын бонд зарагдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 54 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул нийслэлийн бондын талаар тодрууллаа.

---------------------

-Өчигдөр Монголын анхны орон нутгийн бонд болох Улаанбаатар хотын бондын анхдагч зах зээлийн арилжааг цан цохиж, нээсэн. Цан цохиж арилжаа эхлүүлснээс 1 цагийн дотор нийслэлийн 500 тэрбумын бонд зарагдсан гэж дуулдлаа. Энэ талаар яриагаа эхэлье?

-Монгол Улсын түүхэнд нийслэл Улаанбаатар хот анх удаагаа хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн бүтээгдэхүүн буюу нийслэлийн бондыг амжилттай арилжаалж дууслаа. Нийтдээ 500 тэрбум төгрөгийн бондыг арилжаалсан. Цан цохиж арилжаа эхлүүлснээс цагийн дотор арилжааны захиалга дүүрсэн. Монголын хөрөнгийн зах зээл дээр эрэлт их байсныг харуулж байна. Нийслэлийн бонд зах зээл дээрх суурь хүүг тогтоосон гэдгээрээ онцлог байлаа. Бодлогын хүү 11 хувь дээр байдаг. Энэ нь богино хугацааны эрсдэлгүй хөрөнгө оруулалт 11 хувьтай байдаг гэсэн үг. Харин нийслэлийн бонд гурван хэсгээс бүрдэнэ. 1,2,3 жилийн хугацаатай. 1 жилийн хугацаатай нь 12 хувьтай, 2 жилийн хугацаатай нь 13 хувьтай бол 3 жилийн хугацаатай нь 14 хувьтайгаар гарсан. Энэ нь богино, дунд, урт хугацааны хүүгийн суурь түвшинг тогтоож, санхүүгийн зах зээл дээр цаашид шинэ бүтээгдэхүүнүүд гарах, зээлийн хүү буурах, хувийн хэвшил хөрөнгө оруулалт татах боломжуудын суурийг тавьж өгсөн.

-Бондын зарцуулалтын талаар яривал?

-Бондын зарцуулалтыг бүтээн байгуулалтад ашиглана. Тухайлбал, эрчим хүч, зам засвар, цэвэрлэх байгууламж дээр голлон анхаарч энэхүү зарцуулалтыг хийнэ. Нийслэлийн хувьд анхны өр төлбөрийн харилцаанд орж байгаагаараа онцлог. Тэгэхээр санхүүгийн сахилга батаа сайжруулж, дотоод журам боловсруулан, бондын зарцуулалтыг зориулалтын дагуу үр ашигтайгаар зарцуулах эсэх дээр хяналт тавьж ажиллана.

-Ер нь дэлхийн бусад улс орны хотуудаас бонд гаргасан туршлагаараа аль улс тэргүүлдэг вэ ?

-Олон улсын зах зээл дээр дэлхийн хотууд өөрийн гэсэн бонд гаргаж, бүтээн байгуулалтын ажлуудыг хийдэг туршлага өргөн байдаг. Тухайлбал, АНУ-ын зах зээл дээр гэхэд хотуудынх нь бондын зах зээл нийтдээ 4 их наяд ам.долларын хэмжээнд хүрсэн. Их том зах зээл. Монгол Улсын хувьд орон нутгийн бондын зах зээлийн хөгжлийн эхлэлийг нь тавилаа. Үүнийг зөв зүйтэй эхлүүлээд цаашдаа хөрөнгийн зах зээл дээр хувь нэмрээ оруулаад явна.

-Нийслэлийн бонд нь 12, 13, 14 хүүтэй байгаа. Энэ нь бондын дундаж хувь хүүн үзүүлэлттэй харьцуулахад өндөр үү, бага уу.

-1, 2, 3 жилийн хугацаатай санхүүгийн бүтээгдэхүүн Монголын зах зээл дээр бараг байхгүйтэй адил. Тэгэхээр цаашдаа санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, зээлийн хүүг бууруулахын тулд урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг бий болгох хэрэгтэй. Үүн дээр нийслэл түйчээлэн анхны бүтээгдэхүүнээ гаргалаа. Араас хувийн хэвшлүүд бүтээгдэхүүн гаргаж хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулах байх гэж найдаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Хан-уул дүүргүүд үерийн хамгийн өндөр эрсдэлтэй байна
Баянзүрх, Сүхбаатар, Хан-уул дүүргүүд үерийн хамгийн өндөр эрсдэлтэй байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.