Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бумдарь: Манай парламентын амин сүнс нь ардчилсан тулгуурт сонгуулийн тогтолцоо юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 26 секунд

Улс төр судлаач, Стратеги академийн захирал Д.Бумдарьтай ярилцлаа.

Авторитар, тоталитар дэглэмтэй улс орнууд ч гэсэн аажмаар ардчилал руу шилжиж байна

-Сүүлчийн 76 гишүүнтэй парламент буухаасаа өмнө тоо болон тогтолцооны томоохон өөрчлөлтийг хуулийн хүрээнд хийж чадсан. Гагцхүү хуулийн хэрэглээ хэр хөрсөн дээрээ бууж, парламент ёс, дэгтэй нийцэх бол гэдэг нь сонин. Төлөөллийн ардчиллыг бэхжүүлж яваа манай улсын төрийн тогтолцоо хууль эрх зүйн хүрээнд сайжирч чадаж байгаа юу гэдэгт та ямар хариулт хэлэх вэ?

Өнгөрсөн хугацаанд бид парламентад ёсны төлөвшлийг нэг хоёр шатаар ахиулсан хуулийн томоохон өөрчлөлтий хийж чадсан. Үр дүн нь энэ удаагийн сонгуулийн холимог тогтолцоо юм.

Онлцох хоёр зүйлийг дурдъя. Нэгт, ардчилсан засаглал, хүний эрх гэдэг зүйл хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл болчхоод байна. Авторитар, тоталитар дэглэмтэй улс орнууд ч гэсэн аажмаар ардчилал руу шилжиж байгаа нь үүнийг улам бүр бататгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүнд байдаг жам ёсны эрх цаг хугацааны эрхэнд тухайн нийгэмд давамгай оршсоор байгаа учраас Ардчилал гэдэг зүйл илүү үнэ цэнтэй болж хүчээ авч байна гэсэн үг.

Хэрэв тухайн улс ардчилсан засаглалтай байгаад Ерөнхийлөгчийн засаглал руу шилжлээ гэж үзвэл тэнд төрийг хэн удирдах тухай асуудал гарч ирнэ. Тиймээс сонгуулиар дамжлуулж парламентын эрх хэрэгжиж байгаа учраас тулгуур нь өөрөө ардчилал гэж ойлгож болно. Нэг үгээр, ардчилал, сонгууль хоёр салшгүй холбоотой гэж үзвэл сонгуулийн талаар тухайн эрх зүйн актууд дээр яаж тусгасан байдгийг бид анхаарч харах ёстой. Энэ утгаараа бид маш том шилжилтийг өнгөрсөн хугацаанд хийж чадсан гэж хэлээд байгаа юм.

Хоёрт, сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр ес дэх удаагийн ээлжит сонгууль 78 тойрогтой, 48 нэр дэвшигч намын жагсаалтаар өрсөлдөхөөр болсон. Үүнээс тойргоор нэр дэвшигчдийн ач холбогдлыг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж сонгуульд сонгогчийн жин, санал өгч байгаа байдал гэх мэт олон зүйлс анхаарал татна. Гэхдээ энэ нь манай улсад шууд хэвшиж чадаагүй зүйл. Мажоритар системээр сонгогдох 78 хүн онол, практикийн хувьд засаг захиргааны нэгжийг төлөөлдөг.

Тодруулбал, манай улс засаг захиргааны 21 нэгжтэй бол тэнд амьдарч байгаа иргэдийг төлөөлөх заавал нэг төлөөлөгч байх ёстой болно. Тиймээс тухайн тойргийг төлөөлөх хүн нэг байж болдоггүй. Хэрэв нэг байвал тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн эсвэл нэрийг нь татсан тохиолдолд нөгөө засаг захиргааны нэгжид амьдарч байгаа иргэдийн төлөөллийг хэн хангах вэ гэдэг асуудалтай тулгарах эрсдэлтэй.

Тиймээс хоёр болон түүнээс дээш төлөөлөл тойргоос сонгогдож байж тухайн засаг захиргааны нэгжид амьдарч байгаа иргэдийг эрх ашиг хангагдана гэсэн үг.

Харин намын жагсаалтаар сонгогдох 48 төлөөллийг бол та бүхэн сайн мэдэж байгаа. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж буй энэ удаагийн парламент маань сонгуулийн хуулийг оруулж ирж батлахдаа гол зүйл нь жагсаалтад салбар бүрийн төлөөллийг хангадаг байх тогтолцоог бий болгохын төлөө байсан.

Нийгмийн дундаж давхаргаас дээш хүмүүс парламентын 80 орчим хувийг эзэлдэг болчихсон

-Сонгуулийн холимог тогтолцоо мөнгөний улс төрөөс мэргэжлийн байх шаадлага руу улстөрчдийг шахаж, чиглүүлж чадах болов уу, судлаач хүний хувьд өөрчлөлтийг та юу гэж харж байгаа вэ?

-2012 оны сонгуулийг эс тооцвол бусад хугацаанд болсон сонгуулиудаар бүгд доороо хөлтэй, санхүүгийн боломжтой, нам дотор эзлэх байр суурь өндөр зэрэг хүмүүсийг олноор нь нэр дэвшүүлж гаргаж ирсэн. Тухайн хүмүүсийн ХОМ-ийг харахаар нийгмийн дундаж давхаргаас дээш хүмүүс парламентын 80 орчим хувийг эзэлдэг болчихсон байна. Ийм байхад нийгмийн асуудлууд болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд, багш, эмч, малчдын асуудлыг бодитойгоор ярих төлөөллийн чадамж нь суларсан гэсэн үг.

Тиймээс жагсаалтаар нэр дэвшиж буй 48 хүн бол нийгмийн бүлгийн төлөөлөл байна гэсэн санааг гаргаж хэрэгжүүлэхийн тулд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа улс төрийн зөвшилцөл гаргаж баталсан гэж би хувьдаа хардаг.

Улс төрийн намуудын хамгийн оновчтой шударга өрсөлдөөний хэлбэр нь мэтгэлцээн

- Мэдээж олон намын төлөөллөөс парламент бүрдэж байж, олон ургалч санаагаар мэтгэлцдэг зарчим руу орох байх. Ардчилсан тулгуурт сонгуулийн тогтолцооны нэг хэв шинж нь энэ гэж ойлгож болох уу?

-Улс орны засаглалын хэлбэрээс хамаарч ардчилсан засаглалтай улс бол тухайн хэв шинжийг хадгалах гол тулгуур нь сонгууль. Тиймээс сонгуулийн хууль өөрөө ямар байх вэ гэдэг нь эхний хэв шинж. Дараа нь сонгууль шударга, ил тод явагдах нь чухал шалгуур болдог. Сонгууль ил тод байхын цаана улс төрийн намуудын санхүүжилт ил тод байж, улс төрчдийн өрсөлдөөний шударга байдлыг илүү их нийгэмд таниулна гэсэн үг.

Хамгийн оновчтой шударга өрсөлдөөний хэлбэр нь манайд бол мэтгэлцээн. Тодруулж хэлбэл, мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулж, түүнийгээ бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар олон нийтэд танилцуулж, ойлгуулж чаддаг байх нь чухал. Нөгөө талаас улстөрчид өөрсдийгөө таниулж, чадвараа харуулахын тулд мэтгэлцээнээр дамжуулж сонгогчдын итгэлийг олж авах нь чухал. Энэ нь тухайн улстөрчид ч мөн мэргэших, чадваржих нэг том боломж гэж харах хэрэгтэй.

Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдөж мөрдөгдөж байгаа учраас цаашид намууд болон нэр дэвшигчид мэтгэлцээн суурьтайгаар бодлого, шийдлээ танилцуулаад өрсөлдөх юм.

Практикт ажиглаад байхад мэтгэлцэх гэдгийг манай зарим улстөрчид нэгийгээ доромжлох, алдааг нь тодруулж шүүмжлэх, хувь хүн рүү дайрах, хувийн асуудлыг улстөржүүлж маргах өнгө аяс нэлээд ажиглагдаж байна.

Гэтэл улс төрийн мэтгэлцээн өөрөө бодлогод л суурилах ёстой. Тухайн бодлого нь Монгол Улсын хуулийн хүрээнд хэрэгждэг байх нь чухал. Тиймээс шинээр бүрдэх парламентыг зөвшилцлийн парламент, ажил хэрэгч парламент гэх мэт маш олон янзаар нэрлэж байгаа. Мөн чанартаа сайн хууль баталдаг парламент байх уу, аль эсвэл мэтгэлцээнд суурилсан бодлого гаргадаг парламент байх уу гэдэг нь тухайн парламентын дэгтэй холбоотой. Парламентын дэг өөрөө ямар байхаас шалтгаалж хууль баталдаг, эсвэл зөвлөлддөг байх чиглэл рүү парламентын соёл, төлөвшил цаашид хэрхэн тогтох нь эндээс харагдана. Харин энэ бүхний эхлэл суурь нь ардчилсан тулгуурт сонгуулийн тогтолцоо юм.

Ярилцсанд баярлалаа

ТАНИЛЦ: Ойрын хугацаанд болох шоу тоглолтуудын тасалбар 60 мянган төгрөгөөс 2 саяын үнэтэй байна
ТАНИЛЦ: Ойрын хугацаанд болох шоу тоглолтуудын тасалбар 60 мянган төгрөгөөс 2 саяын үнэтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.