“Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хуланг МАН-ын гишүүнчлэлтэй гэж үзэн СЕХ-оос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байсан билээ. Тэгвэл уг асуудлыг шийдэх шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүний зүгээс Н.Хуланг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй гэж үзэн, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг СЕХ-нд даалгалаа.
Шүүх хуралтай холбоотойгоор Н.Хулангийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрээр “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшигч Н.Хуланг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолыг шүүх хэлэлцлээ. Шүүхээс аливаа хүн улс төрийн намд нэгдэн орсон бол түүнээс гарах нь сайн дурын үндсэн дээр буюу тэр хүний өргөдлөөр шийдэгддэг гэдгийг эцэслэлээ. “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчийг МАН-ын гишүүнчлэлтэй байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан бол эдгээр нэр дэвшигчид тухайн намаас гарсан өргөдлөө өгсөн гэдгээ нотоллоо. Шүүхээс иргэн хүн намаас гарахдаа аливаа намын зөвшөөрөл, шийдвэр хэрэггүй гэдгийг тогтоож байна. Үндэсний эвслийн бүх нэр дэвшигч УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй боллоо. УИХ-ын сонгууль болоход есхөн өдөр үлдлээ. Нэр дэвшигчид эрхээ хязгаарлуулж, сонгуулийн сурталчилгаагаа цөөн хоногт хийх гэж байна” гэв.
Харин “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулан "Нэр дэвших эрхээ шүүхээр сэргээлгүүллээ. Болж буй процессоос МАН-ын өрсөлдөгч бол Ардчилсан нам биш, ХҮН нам биш “Үндэсний Эвсэл” юм байна гэж харагдаж байна. “Үндэсний Эвсэл”-ийн дөрвөн нэр дэвшигч буюу тэргүүн Н.Номтойбаяр, МАН-ын хамаарал бүхий байсан гурван нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг хязгаарласан. Сонгууль дуусахад 9 хоног үлдсэн байна. Миний хувьд үлдсэн хугацаанд залуучууд руу чиглэсэн, мөн иргэн хүн рүүгээ хандаж юу хийж байгаа вэ гэдэг дээр хичээнгүйлэн ажиллах болно" гэлээ.