Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Банзрагч: Шинэ Хархорум хотын чиглэлд буюу Улаанбаатар-Хархорин чиглэлийн төмөр замын судалгааны ажил хийгдэж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 5 секунд

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчтай төмөр замын дэд төслүүдийн талаар ярилцлаа.

--------------------------------------

-Өнөөдөр Улаанбаатар метро барих төсөл яригдаж байна. Үүний зэрэгцээ иргэдээс орон нутагт метро байгуулбал төвлөрөл саарна гэх саналыг гаргах боллоо. Ийм суурь дэд бүтэц бидэнд бэлэн байгаа юу гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө 500 орчим мянган хүн амтайгаар ерөнхий төлөвлөгөө гаргасан байдаг бол одоо 1,5 сая орчим иргэд Улсын нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ хэрээр хүн амын нягтарши, авто машиний түгжрэл нь тулгамдсан асуудал болоод байна. Иймээс метро барих нь маш зөв гэж хувь хүний хувьд үзэж байна.

Монгол инженер, залуус маань гадаадын мэргэжлийн багтай хамтран метро барих бүрэн боломжтой. Хоёр дахь нийслэл Өвөрхангай аймгийн Хархорин бол ирээдүйд хүн ам төвлөрсөн нийслэлийн хот болно.

Монгол Улсын Их хурлын тогтоолд Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, “Шинэ Хархорум” хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг тусгасан байгаа. Иймд Улаанбаатараас -Хархорин чиглэлд төмөр зам,авто зам барих замын чигийн судалгааг Зам тээврийн хөгжлийн яамнд ажлын хэсэг байгуулагдан манай “Монголын төмөр зам” ТӨХК-аас дээрх ажлын хэсэгт орж ажиллаж байна.

-Урьдчилсан байдлаар шинэ хот руу төмөр зам баригдвал хэр хугацааг зарцуулах бол. Ийм тооцоо бий юу?

-Хөшигийн хөндийгөөс Хархорин чиглэлд баригдах төмөр замын чигийн хувилбаруудын урьдчилсан судалгааг хийж байна гэж түрүүн хэлсэн. Мэдээж хамгийн боломжтойг нь сонгоно гэсэн үг.

Өнөөдрийн мөрдөж байгаа 1-р зэрэглэлийн төмөр замын жишиг 180 хүртэл км/ цагийн хурдаар тооцоход Улаанбаатар-Хархорин ороход цаг нийлээд хэмнэнэ. Одоогоор хурдны төмөр зам байх уу эсвэл 1-р зэрэглэлийн зорчигч, ачаа тээврийн төмөр зам барих эцсийн шийдвэр гараагүй байна.

Иймд судалгаа хийгдсэний дараа хамгийн зөв, өнөөдрийн нөхцөл байдалд тохирсон хувилбарыг сонгоно. Өнөөдөр автомашинаар зорчиход 360 орчим км зам туулж байгаа шүү дээ.

ТРАНЗИТ ТЭЭВЭР ЗӨВ БОДЛОГООР ХЭРЭГЖВЭЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ӨГӨХ ҮР ӨГӨӨЖ НЬ ИХ

-Нөгөөтэйгүүр, олон арван жил царцсан дэд бүтцийн нэг төмөр замын төслүүдийг богино хугацаанд хөдөлгөж барьж байна. Хамгийн сүүлд, Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбосон хил дамнасан нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалт дууссаныг зарлалаа. Эндээс харахад төмөр зам барихад асуудал биш бололтой?

-Төмөр зам барих нь амар хэцүү гэхээс илүүтэй Монгол инженерүүд, Монголчууд бид өөрсдөө төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож өөрсдөө хийж чаддаг гэдгээ 2019 оноос хойш харуулж байна. Өнгөрсөн хугацаанд төмөр замын төслүүд гацсан үндсэн шалтгаан нь төрөөс гаргаж буй шийдвэртэй холбоотой байсан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан “Боомтын сэргэлт”-д анхаарал хандуулж ач холбогдол өгсний үр дүнд төмөр замын бүтээн байгуулалтууд хэрэгжиж байна. Цаашид үе шаттайгаар хилийн боомтуудыг төмөр замаар холбох ажил үе шаттайгаар хэрэгжээд явна.

-Сүүлийн гурван жилийн хугацаанд бид төмөр зам барьж дуусах бүртээ “эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулна”, “эдийн засгийн төмөр судас монголчуудыг тэжээнэ” гэх зэргээр гоё ганган үгээр хачирлах боллоо. Сонсоход гоё ч бодит үр ашиг нь хэзээнээс мэдрэгдэх вэ?

-Төмөр замын бүтээн байгуулалт бол богино хугацаанд үр өгөөж нь харагддаггүй урт хугацаандаа 5-с дээш жилд үр өгөөжөө өгдөг онцлогтой. Төмөр замаар бид зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэхээс гадна транзит тээвэр буюу дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх тал дээр зөв бодлого хэрэгжүүлбэл төмөр замын үр ашиг өсч Монголын эдийн засагт их хэмжээний ашиг оруулах тээвэр логистикийн төрөл гэж харж байна.

-Төмөр замын төсөл, бүтээн байгуулалтын үр ашгийг макро түвшинд харвал экспортын орлого нэмэгдэхийн хэрээр валютын орлого нэмэгдэх, ханш савлахгүй төгрөг сулрахгүй зэрэг макро түвшинд эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Гэвч бидний ярьдагаар долоон буудлын Должинд төмөр замын үр ашиг яаж нөлөөх бол. Урт хугацаанд мэдрэгдэх юм уу?

-Төмөр зам бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий нэн тэргүүний салбар. Манай улсын хувьд говь, хээр тал, хангай хосолсон өргөн уудам газар нутагтай. Шинэ төслүүд хэрэгжсэнээр нэг үе эзэнгүй мэт байсан газар нутгаа эзэнтэй болгож байна.

Говьд баригдаж дууссан төмөр замын бүтээн байгуулалтуудыг дагаад суурьшлын бүс шинээр бий болж байна. Төмөр зам дагаж хөгжил ирдэг. Энэ бол бодит үнэн.

Шинэ суурьшлын бүсүүдийн нөлөөгөөр шинэ ажлын байр олноор бий болж Улаанбаатарын маань хүн амын төвлөрөл саарч, түгжирлийн асуудалд багч гэсэн эерэг нөлөө үзүүлэх боломж байна гэж өөдрөг төсөөлж явдаг.

Төмөр замын үр өгөөжөөс илүү ач холбогдлыг 1-рт тавьж судалгаа төлөвлөгөөтэй зоригтой шийдвэр гаргаж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нь зөв гэж боддог. Тиймээс том агуулгаар нь харах хэрэгтэй.

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ НЬ БАРУУН КОРИДОРЫН ЭХЛЭЛ БОЛЖ БАЙНА

-Жишээ нь, Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбосон хил дамнасан нарийн царигтай төмөр замыг хоёр дахь Замын-Үүд болно гэх хүлээлт байгаа. Магадгүй төсөөлснөөр болбол хүмүүс ч заавал Улаанбаатарт амьдрахыг зорихгүй байх?

-Би дээр хэлсэнчлэн төмөр замын бүтээн байгуулалтыг дагаад суурьшлын бүс бий болох, Улаанбаатар хотын төвлөрөл саарахд багч болов нөлөөлөх нөхцөл бүрдэнэ. Мэдээж өнөөдрийн нөхцөл байдлыг харвал Замын-Үүд, Шивээхүрэн боомт хоёр ялгаатай, харьцангуй өөр асуудал. Шивээхүрэн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байна.Тэр дундаа Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордийн тээвэр зонхилж байна. Харин Замын-Үүд логистикийн төвөөр бүх төрлийн бараа бүтээгдэхүүний экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээвэр хүртэл хийгдэж байна. Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсыг олон улстай холбох төмөр замын Баруун коридорын эхлэл болж байгаагаараа маш онцлогтой. Засгийн газар хилийн боомтуудтай холбоотой төслүүдийг зоригтой, зөв зохион байгуулалттайгаар эхлүүлсний хүчинд өнөөдөр миний хувьд энэ тухай ярих боломж бүрдсэнд баяртай байна.

-Төмөр замын бүтээн байгуулалтыг дагаад нүүрс тээврийн жолооч нар ажлын байргүй болох магадлалтай болж ирлээ?

-Автозам болон төмөр замын тээвэр харилцан уялдаатай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг. Цаашид ч ийм байна. Бас жолооч нар маань хүсвэл сургалтад хамрагдаж, шинээр бий болж буй төмөр замын хүний нөөцийг бүрдүүлж энэ салбарт ажиллах бүрэн боломжтой гэж харагдаж байна.

Төмөр зам бол хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тасралтгүй, найдвартай хэвийн, ажиллагаатай тээврийн нэг. Тиймээс байгаль орчинд ээлтэй, аль ч улс орны эдийн засгийг өргөж тэтгэж тэжээдэг салбар юм.

Үүнийг бодлогын хувьд залгамж халаатай зөв зохион байгуулалттайгаар явуулбал Монгол Улсын ирээдүй гэрэлтэй харагдаж байна.

-Таны хэлсэнчлэн төслийн залгамж халаа чухал байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар, одоогийн парламент дэд төслүүдийг богино хугацаанд хөдөлгөж чадсан нь сайн. Гэхдээ удахгүй шинээр бүрдэх шинэ парламент одоо үр өгөөжөө өгч амжаагүй байгаа төмөр замын төслүүдийг, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа мега төслүүдийг царцаах уу. Үргэлжлүүлэх үү гэдэг нь анхаарал татаж байна?

-Шинэ Засгийн газар, УИХ-д төрийн залгамж халааг үргэлжлүүлж дэд төслүүдийг хөдөлгөх бодлогыг таслахгүй хэрэгжүүлэх залуус нь гарч, мэддэг чаддаг хүмүүс нь үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Дэд төслийг хөдөлгөхөд аливаа саад бэрхшээл ямар ч улс орны өмнө тулгардаг. Монгол Улсын хувьд ковид-19, цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч бүтээн байгуулалтуудын ажлууд үргэлжилж өнөөдрийг хүрлээ. Дэд төслүүдийг хөдөлгөх бодлогоо үргэлжлүүлээд явах залуус нь гарч, мэддэг чаддаг хүмүүс нь үргэлжлүүлээд яваасай гэж бодож байна. Хэцүү төвөгтэй саад бэрхшээл ямар ч улс орны өмнө тулгардаг. Монгол Улсын хувьд ковидын үед болон ковидын дараах нөхцөл байдал хүнд байсан ч мега төслүүд царцалгүй бүтээн байгуулалтын ажлууд үргэлжиллээ. Энэ нь монголчууд эвтэй байж, бодлогоо зөв тодорхойлж, оновчтой зохион байгуулсаны үр дүнд тухайн төслүүд хэрэгжиж Монголын ард түмэн үр ашгийг нь хүртэх боломжтой болсон гэж бодож байна.

-Монгол Улс төмөр замаа өөрсдөө барьж бас бариулж чадаагүй олон жил өнгөрсөн. Тиймээс монголчууд өөрсдөө төмөр зам барина гэдэгт ихэнх хүн итгээгүй байх. Та бүгдийн хувьд төмөр зам барина гэдэгтээ хэр итгэлтэй байв. Эргээд харвал цар тахлын үед төмөр зам барихад саад бэрхшээл их гарч байв уу?

-2020 онд “ковид-19” цар тахал дэгдсэн, улс орнуудын хил хаалттай хүнд цаг үед төсөл хэрэгжиж байсан ба бүтээн байгуулалтын талбай руу явахын тулд мэргэжлийн байгууллагуудаас олон давхар зөвшөөрөл авдаг байлаа.(арга ч үгүй биз) Иргэдээс ялгаагүй төмөр замын төслийн инженер техникийн ажилтнууд нааш цааш зорчиход хүнд цагийг туулж өнгөрсөн. Гэсэн ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил урагшилна гэдэгт манай салбарынхан, төслийн инженерүүд бүгд л итгэлтэй байсан. Харин “санхүүжилт яах бол...?” гэсэн эргэлзээ бол байсан. Энхүү төслийг эхлүүлж бас дуусгахад төр засгаас бодлогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК төслийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Ингээд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 1.4 их наяд орчим төгрөгөөр боссон ажил шүү дээ.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар жилд 15 сая хүртэл тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Өнөөдрийн нөхцөл байдал 15 сая тонн ачаандаа хүрээгүй ч үе шаттайгаар төмөр замын тээврийн үйл ажиллагаа тасралтгүй явж байна. 2024 он гарсаар 1 сая гаруй тонн ачаа тээвэрлэж байна. “Тавантолгой” түлш компанид нийлүүлж байсан утаагүй түлшний түүхий эд болох нүүрсийг авто тээврээр тээвэрлэж байсныг болиулж төмөр замаар амжилттай тээвэрлэсэн. Ингээд Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК 100 хувь найдвартай хангаж чадсанд манай хамт олон бахархалтай байгаа. Ер нь л бид бүхэн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд маш олон саад бэрхшээлийг давсан. Гэсэн ч төрөөс зөв бодлогоор дэмжиж тухай бүр нь хүндрэлтэй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж байсны үр дүнд өнөөдөр бүтээн байгуулалтынхаа ард гарч хийсэн юмтай, ярих юмтай байгаадаа баяртай байна.

Төмөр замыг дагаад эрчим хүчний асуудал яригдана. Эрчим хүчний хэрэглээг зохицуулах талаар ямар бодлого барьж байна?

- Эрчим хүчний нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгч бол төмөр зам байдаг. Энэ утгаараа төмөр зам тогтвортой тасралтгүй хэвийн ажиллагаатай байхын тулд 2 эх үүсвэрээс тэжээгдэх шаардлагтай. Иймээс төслийг хэрэгжүүлэх судалгааны шатанд эрчим хүчний эх үүсвэрийн асуудалд онцгой анхаарч холбогдох салбарын яам болон мэргэжлийн байгууллагтай хамтарч ажилладаг.

-Манай улс 10.000 км төмөр зам барих өндөр амбицтай. Одоогоор хэчнээн км төмөр зам барьж дуусгаад байна?

-2019 оноос хойш нийт 1000 орчим километр төмөр замын бүтээн байгуулалт хийсэн байна. 2010 онд УИХ-аас баталсан төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулахаар салбарын яам ажиллаж байна.

Бодлогын баримт бичигт 6000 орчим км төмөр зам гэж байсан бол одоо үүнийг нэмэгдүүлэх нөхцөл боломжийг судалж байна. Үүнийг үе шаттайгаар үргэлжлүүлнэ гэж ойлгож болно. Монголчууд бид төмөр замаа барьж чаддаг гэдгээ олон улсад харуулаад л явж байна.

Манай инженер техникийн ажилтанууд, ААН-үүд улам л чадвахжиж нэг баг болон ХАБЭА- г баримтлан ажиллаж байгааг хараад бахархалтай байна.

Ярилцсанд баярлалаа

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан, бага зэргийн аадар бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 25 хэм дулаан, бага зэргийн аадар бороотой
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.