Дубай хотноо гурван өдөр үргэлжилж байгаа Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо буюу IATA-ийн AGM дээд хэмжээний чуулга уулзалтаар өчигдөр /2024.06.03/ МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг IATA-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож байгаагаа албан ёсоор зарласан. IATA нь 1945 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 120 орны 330 гаруй агаарын тээвэрлэгчийг эгнээндээ нэгтгэсэн том холбоо юм. Харин Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Qatar airways, Lufthansa group, Turkish airline, United airlines, American airlines, Korean airline, ANA, Cathay Pacific, Air France KLM зэрэг асар өргөн зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг, дэлхийн тэргүүлэх авиа компаниудын удирдлагууд багтдаг байна.
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирын хувьд Монгол улсаас анх удаа IATA-гийн удирдах зөвлөлд орж буй чухал үйл явдал юм. Тэрээр тус холбоонд Азийн зах зээлийг хариуцан ажиллана.
Монгол улс агаарын тээврээр зорчигч урсгал төдийлөн их биш бөгөөд МИАТ компанийн хувьд 10 агаарын хөлөгтэй. Тиймээс бусад удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд “жижиг” компани боловч Б.Мөнхтамирын удирдах ур чадвар Азийн зах зээлийг хариуцаж чадахуйц гэж үнэлэгджээ.
Б.Мөнхтамир нь Монголдоо Бизнесийн удирдлага, мэдээллийн системийн менежмент чиглэлээр баклавр, АНУ-ын Виржиниа олон улсын их сургуульд Бизнесийн удирдлага, олон улсын санхүүгийн чиглэлээр магистр хамгаалсан. Мөн АНУ-ын ASE Retial Inc болоэн Оюутолгой ХХК-д ажиллаж байсан туршлагатайн дээр 2017 оноос МИАТ ТӨХК-ийн хэлтсийн даргаас Гүйцэтгэх захирал болтлоо дэвшин ажиллаж байгаа аж. Тэрээр цар тахлын үе буюу агаарын тээврийн салбар уналтад орсон хамгийн хүнд цаг үед их хэмжээний алдагдалд ороод байсан 5 онгоцтой МИАТ компанийн гүйцэтгэх захирал болж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус компани 10 агаарын хөлөгтэй, Ази Европыг холбосон транзит болон карго тээврийг хөгжүүлж, өнгөрөгч 2023 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан байна. Мөн энэ онд АНУ, цаашлаад Австрали, Канад, Сингапур зэрэг улсуудруу шууд нислэг үйлдэхээр бэлтгэлээ ажлаа хангаад байгаа юм.