NCAA буюу Хойд Америкийн оюутны сагсан бөмбөгийн хамгийн том лигт тоглож буй МУГТ Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од ирэх шинэ улиралд Юта мужийн Их сургуулийн багаас тоглохоор болжээ.
Өнгөрсөн улиралд Сан Франциско Донс багаас NCAA-д тоглосон тэрбээр 7.7 оноо, 3.0 самбар, 2.7 дамжуулалт дунджиласан билээ. Мөн энэ жил NBA-ийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдаад байсан ч ийнхүү нэрээ татаж Ютагийн Их сургуулийн багт тоглохоор шийдсэн байна. Түүнд энэ улирал Иллионис, Вилланова зэрэг томоохон их сургуулиадаас санал ирсэн ба эцэст нь Ютагийн Их сургуулийн Ютес багийг сонгожээ.
Ш.Энхийн-Од өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Дахин хоёр жил тоглох боломж байна. Ямар ч Ази тоглогч коллежид дөрвөн жил тоглоод лигт ордог юм байна. Жереми Лин, Юта Ватанабэ нар яг л ийм замаар явсан. Би л түүх бүтээх гэж явсан болохоос. Одоо бол сургуулиа төгсөнө гэж бодож байна. Хёрдугаарт “Биг12” гээд NCAA-ийн хамгийн том конференсийн “Юта Ютес” багт орж байгаа. Тэгэхээр ирэх улиралд илүү том багуудын эсрэг тоглоно гэсэн үг. Дахиад том багийн шинэ систем үзэж байгаа болохоор надаас их зүйл битгий хүсээрэй. Олон хүн асуусан учраас өөрөө тайлбар хийхээс өөр арга байсангүй” хэмээжээ.
Дасгалжуулагч Крэйг Смитийн удирдлага дор өнгөрсөн улиралд чамгүй амжилт үзүүлсэн Ютагийн баг шинэ улиралд Ш.Энхийн-Одоос гадна зургаан тоглогч шинээр элсүүлжээ. Сонирхуулахад, Ютагийн их сургуулийн багаас NBA-д элсэн орсон 10 тоглогч тодорсон. Тэднээс 2005 онд Андре Богут драфтын тэргүүн тоглогчоор сонгогдож байв. Дараа нь 2015 онд Делон Врайт, 2016 онд Якоб Поетл, 2017 онд Кайл Кузма нар NBA-д элссэн юм.
Эх сурвалж: https://msports.mn/
.