Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Беларусь улсын Боловсролын сайд А.И.Иванецтай тэтгэлгийн квотыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын сайд А.И.Иванецыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд Монгол Улс болон Беларусь Улс хооронд дипломат харилцаа тогтсоны 32 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр тэр тусмаа боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Беларусь Улсын Боловсролын сайд А.И.Иванец уулзалт найрсаг, ажил хэрэгч болж байгаад талархлаа илэрхийлэн хоёр улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэг итгэж байгаагаа хэлэв.

Үүний дараа талууд хоёр орны шаардлага, хэрэгцээнд нийцүүлэн шинжлэх ухаан, техник, инновацын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд ойн нөхөн сэргээлт, үржүүлэг, ургамал, газар тариалан, түүх, археологийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан.

Мөн Беларусь Улсын Засгийн газраас олгож буй тэтгэлэг, тэр тусмаа Беларусь Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны “Тэтгэлгийн тухай” зарлигийн дагуу Монгол Улсын иргэнд олгох тэтгэлгийн тогтолцооны сургалтын квотыг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хамтран ажиллаж энэ чиглэлээр мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Беларусийн улсын хөдөө аж ахуйн академтай хамтран хөдөө аж ахуйн чиглэлээр монгол мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, Беларусийн Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Ойн Хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд

  • Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын яам болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах замын зураглал (2024-2026),
  • Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр,
  • Шинжлэх ухаан, технологийн салбарт Беларусь Улсын Үндэсний шинжлэх ухааны академи болон Монгол Улсын Шинжлэх ухааны академи хоорондын гэрээ,
  • Бүгд Найрамдах Беларусь Улсын Янка Купалагийн нэрэмжит Гродненскийн улсын их сургууль, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд талууд гарын үсэг зурцгаав.

Сонирхуулахад, хоёр улсын Засгийн газар хоорондын “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Беларусь Улсаас олгож буй Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас өнөөдрийн байдлаар 28 оюутан суралцаж байна. Мөн Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Беларусийн суурь судалгааны сан хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Беларусь Улс 2009-2022 оны хооронд нийт 35 төслийг 323,7сая төгрөгөөр санхүүжүүлжээ.

Н.Номтойбаяр: Шүүх нь хүний царай харахгүйгээр шийдвэр гаргана гэж горьдож байна
Н.Номтойбаяр: Шүүх нь хүний царай харахгүйгээр шийдвэр гаргана гэж горьдож байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний найман сарын байдлаар 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.