Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсын уулзалт үргэлжилж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хилийн чандад оршин суугаа Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах үүднээс монгол иргэд олноор ажиллаж, амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах ажлыг идэвхитэй хийж байна.
Энэ оны байдлаар Австрали Улсад 22 мянган гаруй монгол иргэн амьдарч байгаагийн 6 мянга гаруй нь оюутан гэсэн тоон мэдээлэл бий.
Эдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тус яам Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулахаар тохиролцож, яриа хэлэлцээг эхлүүллээ. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар тус улсад амьдарч буй иргэд тэтгэврээ тогтоолгох, тэтгэврээ аль ч улсад байсан шилжүүлж авах зэрэг боломж бүрдэх аж.
Сайд Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа жилийн өмнө Австрали Улсад ажлын айлчлал хийх үеэр Парламентын Сенатын Ерөнхийлөгч С.Лаянстай уулзаж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс Монголын оюутнуудад жил бүр олгодог 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 100 болгож нэмэгдүүлэх, Монгол Улсын боловсролын тогтолцоо, үнэлгээний системийг боловсронгуй болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, тэр дундаа англи хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байжээ.
Албан ёсны айлчлал хийж буй Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянстай Төрийн ордонд өргөтгөсөн уулзалт хийх үеэр дээр яригдаж байсан Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс Монголын оюутнуудад жил бүр олгодог 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 100 болгож нэмэгдүүлэх саналаа баталгаажууллаа.