Хэд хоног бороо орсон тул нийслэлд нэлээд жиндүүхэн өдрүүд үргэлжилж байна. Ярилцах зочинтойгоо уулзаж кофе шоп орсон боловч бараг суудалгүй байх бөгөөд дулааныг хүсэмжилсэн хүмүүс халуун кофег санагалзсан бололтой. Энэ удаа бид С.Байгалмаа гэх хүүхэлдэй урлаачтай сэрүүн өдөр дулаан яриа өрнүүлсэн юм.
-МОНГОЛД ХҮҮХЭЛДЭЙ УРЛАЛ ХӨГЖСӨН ГЭЖ ХЭЛЭХЭД ХЭЦҮҮ, ЗӨВХӨН СУВИНЕР БАЙДЛААР Л АШИГЛАДАГ-
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Байгал гэдэг. Хувцас загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Гэрийн эзэгтэй, хүүхдүүдийн ээж. Мөн хүүхэлдэй урлаач.
-Эзэмшсэн мэргэжил тань хүүхэлдэй урлахад нөлөөлсөн үү?
-Мэргэжлээрээ ерөөсөө ажиллаж байгаагүй. Би бүр багаасаа барбины хувцас хийгээд л тоглох дуртай байлаа. Хөл гар нь нугалардаг хүүхэлдэй тэр үед ховор бас үнэтэй. Айлын бага болохоор хүмүүс надад мөнгө их өгдөг. Мөнгөө цуглуулж байгаад нэг барби аваад гарын дүйтээ болохоор хүүхэлдэйндээ хувцасны загвар гаргаж янз бүрийн гоёл оёдог байсан. Хүн өөрийн сонирхлоо огт мэддэггүй юм билээ. Их сургуульд эсгүүр сонирхдог байсан болохоор загвар зохион бүтээгч гэх мэргэжлийг сонгосон.
-Хүүхэлдэй хийх санаагаа хаанаас хэрхэн олж байв?
-Хаана ч явсан миний сонирхдог зүйл бол ерөөсөө л хүүхэлдэй. Скрийншот хийж авсан зургууд хүртэл. “Ямар хөөрхөн юм бэ” гэж хараад гайхаж бишрээд толгой сэгсэрч их удаан явсан. Их сургуулиа төгсөөд бизнес наймаа эрхлэх зэргээр өөр ажил хийж нэлээн удаан явсан. Энэ миний хийх ажил биш байна гэж бодоод ер нь хүүхэлдэй хийгээд үзье гээд шинэ жилийн өмнөхөн материалаа аваад судалгаа хийж эхэлсэн. Одоо хоёр жил болж байна. Саарал өнгийн даавуун материалаар хийж байсан миний анхны хүүхэлдэй одоо ч гэсэн надад байдаг.
-Судалгаа их хийсэн үү?
-Нэлээн удаан бараг зургаан сар судалгаа хийсэн. Хэр алдартай хүүхэлдэй, энэ төрлийн урлал гадаадад хэр хөгжсөн, монголд байдаг эсэхийг унших шаардлага гарсан. Монголд хүүхэлдэй урлал хөгжсөн гэж хэлэхэд хэцүү, зөвхөн сувинер байдлаар л ашигладаг. Харин дэлхийд урлал болтлоо хөгжсөн байдаг.
- ИЙМ ХҮҮХЭЛДЭЙ ХИЙНЭ ГЭЖ ЗУРСАН НЭГ Ч ЗУРАГ БАЙДАГГҮЙ -
-Дуртай зүйлээ олоод тэрийгээ ажил хэрэг болгохын давуу тал нь яг юу вэ?
-Сайн гэрийн эзэгтэй байсан хүн чинь хүүхэлдэй урлаж эхэлснээс хойш гэрийн ажлаасаа холдож эхэлсэн. Хүүхэлдэйгээ хийгээд суувал хэдий хэр хугацаа өнгөрснийг огт анзаардаггүй. Дэргэд хэн юу хийж байгааг ч анзаарах сөхөөгүй байдаг. Өөр зүйл хийе гээд чадахгүйгээр дурлаж хийдэг. Тэгж чин сэтгэлээсээ нэг ч оёдлыг нь зөрүүлэхгүйгээр хийсэн бүтээл маань маш гоё болдог.
-Нэг хүүхэлдэйг хэдий хэр хугацаанд хийдэг вэ?
-Хэмжээнээсээ хамаарч, захиалгаасаа шалтгаалаад янз бүр байдаг. Хувцас нь солигддог энгийн хүүхэлдэйг таван хоногт хийнэ. Хүмүүсийг дуурайлгаж хийхээр бол /Ононбат шиг/ 7-10 хоног. Эхний хоёр өдөр материалаа цуглуулна.
-Түүхий эдээ хаанаас авч байна?
-Хүүхэлдэй хийдэг зориулалтын материал гэж бий. Тэр нь одоогоор манай улсад байхгй. Тиймээс эх бие хийх материалаа АНУ-аас авч байгаа. Зарим төрлийн жижиг чимэглэлүүдээ монголоос авдаг.
-Анхны хүүхэлдэйгээ хийж дуусаад гартаа барих сэтгэгдэл хэр байсан бэ?
-Үнэхээр сайхан. Хараад л суугаад баймаар. Бодож, төсөөлж байсан зүйл минь бодит болсон болохоор итгэж өгөхгүй байсан. Анхны хүүхэлдэйгээ одоотой харьцуулахад тэнгэр газар шиг өөр. Би өөрөө дөнгөж сурч яваа, миний мэдэхгүй зүйл маш их. Гэхдээ улам нарийн чадвар шаардсан гоё бүтээл гаргахын төлөө хичээж байгаа. Нэг хүүхэлдэй хийж дуусахад л олон зүйл шинээр сурсан байдаг.
-Бүтээлээ хийхдээ хар зураг гаргадаггүй шууд төсөөллөөрөө хийдэг гэж сонссон энэ үнэн үү?
-Ийм хүүхэлдэй хийнэ гэж зурсан нэг ч зураг байдаггүй. Шууд л хийдэг. Юу зохих, зохихгүй гэдэг дээр мэдрэмж нөлөөлдөг байх. Бодолдоо хүүхэлдэйгээ төсөөлөөд бодит болгох мэдрэмж гайхалтай.
-МИНИЙ ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ЦОР ГАНЦ ХУВИЛБАРААР ХИЙГДДЭГ-
-Хэн нэгэнд зориулсан хүүхэлдэй хийж байхад тэр хүний зан чанар тодроод байдаг гэж байсан?
-Яг тэгдэг. Хүний дуураймал хүүхэлдэй хийх захиалга авахад зарим нь их амархан бүтээд хугацаанаасаа өмнө дуусчихна. Цаанаасаа хурдан, гоё болдог. Зарим хүүхэлдэй бол нэлээн асуудалтай. Оёод л ханзлаад л буруу болж буцаж эсгээд материалаа эвдэх тохиолдол байна. Захиалагчаасаа асуухаар жаахан ширүүн ааштай хүн байдаг. Дээл оёдог хүмүүс энэ талаар сайн мэддэг. Түүнтэй адилхан юм уу даа.
-Монголчууд хүүхэлдэйг урлаг гэхээсээ илүүтэйгээр хүүхдийн тоглоом гэдэг талаас хардаг. Харин та ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Үнэн. Одоо гэхдээ арай өөр болж байна. Энэ үзэл санаа өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Хүүхэлдэй зөвхөн хүүхдийн тоглоом биш. Урлаг талаас нь хараасай. Хийж бүтээхийн тулд маш их цаг хугацаа ордог гэдгийг ойлгоосой гэж бодож байна. Таны бүтээл ийм боллоо гээд үзүүлэхээр хүмүүс маш их гайдаг. “Ийм гоё юм уу” гээд дуу алддаг. Зураг харах бодитоор үзэх хоёр асар их ялгаатай. Бодитоороо илүү хөөрхөн.
-Та бүтээлүүддээ үнэхээр хайртай юм аа
-Би бүтээсэн бүх хүүхэлдэйгээ чин сэтгэлээсээ хайрлаж хийдэг. Хүмүүст бэлэглэж явуулахдаа ч хайрлаад явуулдаг. Үнэхээр хөөрхөн. Би давтаж хийх дургүй. Тиймээс миний хүүхэлдэйнүүд цор ганц хувилбараар хийгддэг. Зорьж авсан хүндээ цор ганц байвал гоё шүү дээ.
-Бусад төрлийн хүүхэлдэй урлалаас таны хийж байгаа хүүхэлдэй юугаараа ялгаатай вэ?
- “Яагаад ам хамаргүй юм бэ” гээд зарим хүмүүс ойлгодоггүй. Одоо нэг үеэ бодвол ойлгодог болоод л байгаа. 1800-аад онд Германы багш хүүхдүүдийг юм хийж сургая гээд хөдөлмөрийн хичээлд хүүхэлдэй урлалыг оруулсан байдаг. Өөрөө хүүхэлдэйг анх зохиосон хүн. Тэр үеэс хөгжсөөр одоо урлаг болсон. Би Орос, Анличуудаас санаа авч хүүхэлдэйгээ ххийдэг. Хөгжихийн тулд үзэж харах хэрэгтэй. Манай монголчууд хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг болсоор байгаа нь талархууштай.
-Хүмүүс нэлээн эерэг сэтгэгдэлтэй байгаа харагддаг
-Анх пэйжээ нээгээд хүүхэлдэйгээ зарж эхлэхэд хоёр нүдтэй гээд л гайхдаг байж. “Уруул зураад өгөөч хөмсөг хийгээрэй, хүүхэд айлаа” гэдэг байсан. Хэрэглэгчид маань тоглоом гэж хараад байдаг. Би болохоор тоглоом гэж хийдэггүй. Би хоёр нүдтэй хүүхэлдэйгээ сувинерийн зориулалтаар нандин бэлэг болгох зорилгоор хийдэг. Хүүхдүүд нь л тоглох байхдаа гэж оёдлыг нь сайтар бөхөлж хийдэг болсон.
Зарим хүмүүс хүүхэлдэй бэлэглэх зүгээр үү. Ямар нэгэн шашинтай холбоотой юу гэж асуудаг. Сүрлээр хүүхэлдэй хийгээд зүүгээр хатгаж домнодог үйлийг хэлж байж магадгүй. Ямар нэгэн шашны зан үйл байхгүй. Гэхдээ энэхүү зан үйл хүүхэлдэйг урлаг болтол хөгжихөд нэлээн хувь нэмэр оруулсан байдаг. Хүмүүс миний бүтээлийг шүүмжлээсээ гэж хүсдэг. Гэвч харсан хүн бүхэн "ямар хөөрхөн юм бэ, гоё байна" гэж хэлдэг.
-ОНОНБАТ АХЫН ХҮҮХЭЛДЭЙНИЙ САХЛЫГ ХИЙМЭЛ СОРМУУСААР ХИЙСЭН-
-Айлидо гэдэг үгний утга?
- Их амархан. “I Little Doll”-ыг монголчлоод “Ай-ли-до” болгосон. Манайхан монгол нэршилд дуртай байдаг.
Дуртай ажлаа хийгээд сайн гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгээд амьдарч байна.
-Та жүжигчин Ундармаад сандал хийж өгсөн байсан. Захиалга байсан уу?
-Анх миний пэйжийг шейрлэсэн хүн нь Ундармаа эгч. Тэгээд манай дагагчийн тоо 300 болсон. Тэр үед маш их хөөрч, баярлаж байлаа. Тэгээд цугуулгад нь сандал хийж бэлэглэсэн. Тэр сандлыг 2-3 хоног сууж, их хичээж хийсэн шүү.
Харин Нансалмаа эгч миний хамгийн анхны худалдан авагч. Анх уулзаад шууд хоёр хүүхэлдэй авсан. Эхэлж байсан болохоор “хүмүүс намайг ойлгохгүй байхдаа” гэж бодож байхад “Миний гадаадаас хайдаг хүүхэлдэйг чи хийчихсэн байна шүү дээ” гээд надад урам өгч, дэмжиж байсан. Их энгийн, гоё хүн байдаг юм билээ. Сүүлд охиных нь гэнэийн захиалгаар Нансалмаа эгчийн хүүхэлдэйг маш их хичээж, бүх зүйлийг нь хоёр удаа хийсэн. Бас Ононбат ахын хүүхэлдэйнд сахал хийх шаардлага гарсан. "Ямар материалаар хийх вэ" гэж удаан бодсоны эцэст хиймэл сормуусаар яг тохирсон. Эрэгтэй хүүхэлдэй нэг их хийдэггүй. Алгын чинээ биджакыг эсгээд оёно гэдэг маш нарийн ажиллагаа шаардана. Өмсөж, тайлж болдог костюм хийхээр миний гар бүр чичрээд байдаг.
-Ярилцлагынхаа төгсгөлд залуучууддаа хандаж үг хэлэхгүй юу?
-Бүтээл хийдэг хүмүүсийг чин сэтгэлээсээ, өөриймсгөөр хийж сураасай гэж хүсдэг. Бичсэн ч, уншсан ч, хүнд тусалсан ч гэсэн чин сэтгэлээсээ яг өөрийн юм шиг хийж байвал өөртөө хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Цэрэнчимэг