Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас энэ оны 3-р сарын 11-нд албан ёсоор COVID-19 халдварт өвчнийг цар тахал хэмээн үзсэн. Нөхцөл байдал өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч Олон Улсын Олимпийн хорооноос зуны 32 дахь удаагийн олимпийн их наадмыг 2021 оны 7-р сарын 23-аас 8-р сарын 8-ныг дуусталх хугацаанд Токио хотод зохион байгуулагдахаар болсныг албан ёсоор зарлалаа.
Мөн олон улсын олимпийн хорооны Дэд ерөнхийлөгч Жон Коутс мэдэгдэхдээ Олимпийн наадмыг ямар ч тохиолдолд ахин хойшлуулахгүй бөгөөд COVID-19-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийх бэлэг тэмдэг бол энэхүү наадам байх ёстойг цохон тэмдэглэж байлаа. ОУОХ, “Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооноос тамирчдын бэлтгэл, олимпийн эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгджээ. Мөн олимпийн наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах магадлалын талаар ярилцаж байсан ч ийм нөхцөл байдал үүсэхгүй байхаар ажиллаж байгаа талаар зуны олимпийг зохион байгуулах хорооны удирдагчдын нэг Тоширо Мүто мэдэгдлээ.
Харин наадмын “НЭЭЛТ, ХААЛТ”-ын ёслолыг хялбаршуулж, оролцох хүмүүсийн тоог цөөлж магадгүй талаар тэрбээр хэлсэн юм. 2021 онд зохион байгуулагдахаар болсон зуны Олимпод 200 гаруй улс орны 11 мянга орчим тамирчид нийт 33 спортын төрөлд өрсөлдөнө.