Нэг ангийн хоёр ширээ эзгүйрч, гэрт гэгээ тасарсан уйтай өдрүүд... Аялалд явсан хүү, охин хоёр эргэж ирсэнгүй. Тэд дөнгөж долоохон настай, сургуулийн босгоор алхаад удаагүй нэгдүгээр ангийн сурагчид байсныг албаны эх сурвалжууд мэдээлж буй. Гэхдээ цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх хариу тайлбарыг өгч байгаа билээ.
2024.05.28 Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт ноцтой осол гарч, хоёр бяцхан зүрх зогссон гунигт өдөр. Суудлын автомашинд зорчиж явсан хүүхдүүдийг том оврын машин араас нь мөргөсөн ноцтой осол гарсан шалтгаан өнөөдөр тодорхойгүй.
Саяхан л гараас нь хөтөлж, инээж шулганаж байсан хүүхдээ аялалд явуулаад алдана гэж ямар эцэг эх зөгнөж мэдэх билээ. “Хэрэв мэдсэн бол...” уйлж дэвхцэж байсан ч явуулахгүй байлаа. Ингэхэд бид зам тээврийн ослоор хэчнээн хүүхдээ гараасаа алдав.
Зөвхөн энэ он гарсаар 12 хүүхэд амь насаа алдсан бол одоо 14 болов. Өнгөрсөн онд 43 хүүхэд бусдын буруутай үйлдлээс болж зам тээврийн ослоор нас баржээ.
Статистик сөхвөл, 2016-2023 он хүртэл 414 хүүхэд эндсэн байна. Тэд өнөөдөр амьд мэнд байсан бол...
Дээр дурдсанаар осол болсон газар болох Өмнөговь аймаг нь байгалийн үзэсгэлэнт тогтоцтой ч уул уурхай дагасан бүс нутаг тул том оврын ачаа тээврийн машины цуваа татрахгүй. Тоос татуулан сүнгэнэх нүүрс тээврийн жолооч нартай зэрэгцэн гүйцэт түрүүлэх гэсэн суудлын автомашинууд өөр хоорондоо сүлжилдэх ердийн мэт үзэгдэлд бид дөжирчээ. Гэтэл зам тээврийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь орон нутагт бүртгэгдэж, өдөр бүр хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй зам дээр амь тавьж байгааг бүртгэхээс өөрцгүй байна.
Энх цагт амьдарч байгаа атал жилд хагас сая иргэнээ зуурдаар алдаж байгаа нь Орос, Украины дайнаас илүү зам тээврийн осол аюулын харанга дэлдсэний дохио. Эсэн мэнд эргэж ирэх эсэх нь мэдэгдэхгүй орон нутгийн зам ҮХЛИЙН ЦЭГ болж, үүний том эргүүлэг нь хоёр хүүхэд эндсэн Өмнөговь аймгийн нутаг.
Тэр дундаа уурхай чиглэсэн Гурвантэс сум хүртэл 300 гаруй километр шороон замд үхэл цаг үргэлж отно. Засмал замгүй шороон дунд уулын мухарт жим татуулсан нүүрс тээврийн жолооч, уурхайчдын хэд нь өнөөдөр ажилдаа, гэртээ харьж чадалгүй нөгөө ертөнц рүү одсоныг тоогоор илэрхийлэх боломжгүй байна. Зам тээврийн хөгжлийн яам болон Тээврийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагуудын өгсөн мэдээллээр "Замгүй учраас бүртгэх боломжгүй" гэх хариу тайлбарыг өгч байгаа юм. Ямартай ч осол цаг үргэлж гарч, замд хүний амь үрэгддэг нь ердийн үзэгдэл мэт болсон нь даанч харамсалтай.
Биднийг Гурвантэс сумын нутаг Шивээхүрэн боомтоос буцах замд пургонтой явсан иргэд осолдож зургаан хүний амь үрэгдсэн ноцтой осол гарсныг нутгийн иргэд ярьж байлаа.
Ослын тухайд мөн л том оврын ачааны машин тоормосгүй байсан тул пургон мөргөж тэнд зорчиж явсан БНХАУ-ын иргэд ч бас амь үрэгдсэн гэдгийг ярьж байв. Ер нь ачаа тээврийн машинууд тоормосгүй явах нь энүүхэнд аж. Үүнээс болж осол гардагт бүгд л дор бүрнээ айдастай.
Уурхайн бүс нутагт байрлах шатахуун түгээх станцын ажилчид "Бид өөрсдөө ч замд явахаасаа айдаг. Аль болох урсгал сөрөхгүй болгоомжтой л явахгүй бол урдаас чинь тоормосгүй машинууд орж ирэх нь энүүхэнд шүү. Ер нь тэмдэг дохиогоо сайн хараарай. Энд ачаа тээврийн том оврын машинууд хурдтай бас аюултай" гэж сэрэмжлүүлэв. Мөн уурхайн ажилчид "Ажлын өдрүүдэд ачааны том машинууд өглөө, оройдоо хурдтай давхидаг. Засмал замгүй болохоор хэцүү шүү дээ. Тоос босоод урдах зам харагдахгүй байгаа биз дээ. Анхандаа ч айдаг л байлаа. Одоо дассан даа. Гэхдээ л хол замд гэр рүүгээ эсэн мэнд харих нь баталгаагүй. Харин гэртээ зүгээр ирэхдээ л эхнэр хүүхдүүдээ хараад баяртай байдаг даа. Ер нь замтай болбол осол гарах нь бага байх, хурдан ч очно" гэлцэнэ.
Уурхайн ажилчдын хувьд 14/14 хоногийн ээлжтэй. Гэхдээ нэг өдөр нь замд өнгөрдөг аж. Хэрэв Улаанбаатараас Өмнөговь руу ажилдаа явахаар болбол 15 цагийг замд өнгөрүүлэх нь наад захын л үзэгдэл. Аймгийн төв Даланзадгад хүртэл ихдээ 9 цаг, цаашилбал 5-6 цаг явж байж кэмпийн бараа харна.
Өмнөговьд өнөөдрийн байдлаар 16 уурхай олборлолт явуулдаг, нэг уурхай багадаа л 100-гаас илүү ажилтантай, үүний зэрэгцээ нүүрс тээврийн жолооч нарыг тооцвол энэ бүгдийн цаана эрдэнэт хүний амь элэг бүтэн амьдралаар хэмжигдэж байна.
Тэдний хэд нь амьдын хагацал үзэж, хэчнээн эмэгтэй өрх толгойлж, хүүхдүүд аавгүй хоцорсныг тааж мэдэхгүй. Гагцхүү үлдэж хоцорсон ар гэр, Гурвантэсийн уулсын дунд чимээгүй дарагдсан бололтой.