Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дараагийн УИХ, Засгийн газрыг эрх мэдэлдээ байлгах гэсэн Ерөнхийлөгчийн сонирхол ба Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн ХЭН НЬ ХЭН БЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 7 секунд

Эзгүй, эзэнгүй болсон Цэцийн асуудлыг одоо л нэг юм улстөрчид анхаарч эхэллээ. Улс төрд мөнгө эхийн сүү гэдэг шиг Цэцэд эрх мэдэлтнүүд эцэг тэнгэр нь болсоор удлаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш ҮХЦ-ийн даргыг томилуулахгүй улс төрийн хүрээнд барьж ирсэн гол шалтгаан нь яг одоо солигдож буй гурван гишүүний томилгоотой шууд холбоотой юм.

НЭГ, Эрсдэл үүсгэхээс болгоомжилсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн байгуулсан парламентаараа Цэцийн гишүүдийн томилгоог ЗҮТГҮҮЛЖ байна

Цэц есөн гишүүнтэй. Ш.Солонго, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын хугацаа сая дууссан. Тэдний орны хүмүүсийг УИХ болон Ерөнхийлөгчийн институтээс санал болгож томилдог учраас өнөөдрийг хүртэл ҮХЦ-ийг даргагүй долоон сар болгов. Улстөрчид болон намчид өөрсдөдөө ашигтай томилгоог Цэц дээр хийснийхээ дараа даргыг нь өөрийн хүмүүс дундаасаа тавихаар бэлтгэж байна гэсэн үг.

Тэгвэл өнгөрсөн хоёр өдөрт ҮХЦ-ийн гишүүд Ерөнхийлөгчийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг санал болгов. Г.Занданшатар даргатай УИХ-ын зүгээс Ц.Цолмонг санал болгов. Товчхондоо, Ерөнхийлөгч болон парламентын ойлголцол явагдсан гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, энэ парламентын бүрэн эрхийн хугацаа юу юугүй дуусах гэж байна. Сүүлийн чуулган нь энэ баасан гарагт хаалтаа хийх гэж байгаа. Тиймээс ҮХЦ-ийн гишүүний томилгоог энэ парламентын, сүүлийн чуулганыг хаахаас өмнө хийх нь зайлшгүй шаардлага Ерөнхийлөгчийн зүгээс үүсээд буй юм. Учир нь 2020 оны парламентын сонгуулиар бүрэлдэн тогтсон энэ парламент бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн парламент. Түүний баг. Үүнийгээ ч зарлаж, өөрийнхөө нэр нүүрээр ард түмнээс итгэлийг нь авахад үнэтэй хувь нэмэр оруулж, үнэмлэхгүй олонхыг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, өөрийн хүмүүсийг байгаа дээр нь л Ерөнхийлөгч ҮХЦ-д хүссэн хүмүүсээ томилуулах хэрэгтэй. Хэрэв ийм томилгоог хийж чадахгүй бол дараагийн парламентаар Цэцийн томилгоог хүссэнээрээ хийх боломж хязгаарлалттай. Нэгт, сонгуулийн дүн яаж гарч мэднэ. АН-ынхан хэрвээ олонх болдоггүй юм аа гэхэд олон болоод ороод ирвэл Цэцийн гишүүдээс нэгийг нь бид томилно гэж зүтгэх нь гарцаагүй. Хоёрт, хэрвээ МАН сонгуульд ялбал Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнийн парламент бүрдэнэ. Энэ парламент Ерөнхийлөгчийн институтад ийм хэмжээний эрхийг өгөхгүй. Цэц бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хувьд стратегийн ач холбогдолтой улс төрийн байршил юм.

Тиймээс Ерөнхийлөгч өөрийн парламентаараа хамгийн чухал томилгоогоо энэ өдрүүдэд хийлгэхээр ажиллаж байна.

ХОЁР, Ерөнхийлөгч дараагийн парламент, шинэ Засгийн газрыг Цэцээр дамжуулж ГАРТАА "БАРИХ"-ААР ЗОРЬЖ байна

Тэгвэл яагаад Ерөнхийлөгчид Цэц дээр өөрийн хүмүүсээ томилуулах нь чухал юм бэ гэдэг асуулт гарч ирэх нь гарцаагүй. Яагаад гэвэл Цэц дээр Засгийн газрын гаргасан шийдвэр, УИХ-ын баталсан хуулийг гомдол, маргаан үүсгэх зарчмаар өөрчлүүлэх, хүчингүй болгуулах боломжтой. Нэгэнт сонгуулийн дараах парламентад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ил далд нөлөө үлэмж хэмжээгээр буурах нь ойлгомжтой. Тиймээс нэн яаралтай өөрийнхөө бүрдүүлсэн парламентаар Цэцийн томилгоог хийлгэх гэж байгаа талаар дээр дурдсан. Гэхдээ энэ бол У.Хүрэлсүх гэх хувь хүний ашиг сонирхол, шунал гэхээс илүүтэй манай институт хоорондын тогтолцоотой холбоотой зүйл юм. Ийм тогтолцооны шинжтэй маргаан зөрчил нь үеийн үед Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрыг зөрчилдүүлсээр ирсэн билээ. Хэдийгээр сая Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр илүүтэй ойлголцож сонгуулийн нэр дэвшүүлэлтээ хийсэн ч энэ хэвээрээ институт хоорондоо ойлголцоод явна гэж байхгүй. Сонгуулийн дүнд байгуулагдах парламентыг спикерийг хэн томилуулахаас шалтгаалаад гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн институт хоорондын зөрчил гүнзгийрнэ. Магадгүй энэ жилий төгсгөл, 2025 оны эхэн үеэс л зөрчил томрох байх гэж таамаглаж байна.

Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн дээр хийсэн өмнөх болон одоогийн томилгоонуудыг ашиглаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны сонгуулийн дараа тодрох дараагийн Ерөнхий сайд, парламентыг барих гэсэн санаархал юм. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ байсан ч, өөр хүн байсан ч ялгаагүй Ерөнхийлөгч эцсийн дүндээ Цэцээр дамжуулж хүслээ гүйцээнэ гэсэн үг.

Хэрэв санаж буй бол 2007 онд Ц.Нямдоржийн УИХ-ын дарга байхад нь “УИХ-ын эрх мэдэлд удаа дараа халдсан. Үндсэн хууль зөрчсөн” гэх дүгнэлтийг Цэцийн их суудлаас гаргаж байв. Улмаар Цэцийн дүгнэлтийг үндэслэж, Ц.Нямдоржийг “орондоо хууль зассан” гэх лоозон дор УИХ-ын даргаас нь огцруулж байв. Энэ бол тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас УИХ-д үзүүлсэн дайралт бөгөөд Ц.Нямдорж үгэнд нь орохгүй байсантай холбоотой зүйл юм. Дараа нь Ц.Нямдорж Хуулийн сайд байхдаа хариугаа авч Н.Энхбаярыг баривчилгаанд гар бие оролцсон гэдэг. Үүнийг саяхан Н.Энхбаяр төрийн ордонд “Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл Ерөнхийлөгч Цэцээр дамжуулж Ерөнхий сайдыг хэрхэн барьдаг вэ гэдгийг сануулъя. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тухайн үедээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй үг хэлээ ололцохгүй баахан зүтгэж байгаад эцэст нь зайлуулагдсан. Тэр үеийн үйл явцыг санаж буй бол тухайн үед аймгийн дарга нарын томилгоо гэх зэрэг гурван ч асуудлаар Н.Алтанхуягийн Засгийн газрын шийдвэрийг Цэцэд өгч байлаа. Тэр болгонд нь Ерөнхий сайд шууд засгийн шийдвэрүүдээ өөрчилж байв. Яагаад гэвэл Цэц дээр тогтоосон Ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгааргүй их. Хэрвээ Цэцийн шийдвэр Засгийн газрыг буруутгаад гаргачихвал Ерөнхий сайд огцрох хэмжээнд очих эрсдэлтэй.

Ийм учраас л Ерөнхийлөгчид Цэц маш сонирхолтой бөгөөд хэрэгтэй байршил нь юм. Энэ нь цаашлаад улс төрөөс буухад нь ч, эргэн ирэхэд нь ч хэрэгтэй. Цэцийн гишүүдийн томилгоо зургаан жилийн хугацаатай хийгддэг.

ГУРАВ, Ерөнхийлөгчийн гэх шошготой ч С.Амарсайханы тамгын дарга байсан Р.Батрагчаа, "Миеэ"-д зүтгэж, Ц.Нямдоржийн хуулийн хэлтсийн даргаар 10 жил ажилласан Ц.Цолмон, АН-ын гаралтай МАН-ын үед мандаж буй Б.Болдбаатар

Одоо тэгвэл энэ өдрүүдэд томилогдох гэж байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг ярилцъя.

Ц.Цолмон бол М.Энхболдыг УИХ-ын дарга байхад нь “гал тогоо”-г нь хариуцдаг байсан хүн. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар дарга яагаад М.Энхболдын талд явж ирсэн хүнийг оруулж ирсэн бэ гэдэг асуулт гарч ирж буй юм. Ц.Цолмон нь өнгөрсөн 2020 оны сонгуулийн үеэр одоогийн намын удирдлагуудын шийдвэр таалагдаагүй учраас бие даан нэр дэвшиж байсан. Үүнийхээ дараа Д.Хаянхярвааг “Эрдэнэс Монгол” дээр очиход нь дэд захирлаар нь ажиллаж байв. Бүр өмнөх түүхийг нь сөхөж харвал 2004-2013 он хүртэл ХЗДХ-ийн яамны Хуулийн хэлтсийн даргаар ажилласан намтартай нэгэн юм. Өөрөөр хэлбэл, Ц.Цолмонгийн ард дэмжлэг үзүүлсэн хэд хэдэн субъект гарч ирж буй юм. Эхнийх нь мэдээж оруулж ирж буй Г.Занданшатар даргын дэмжлэг. Үүнээс чухал нь Ц.Нямдорж болон М.Энхболд талын хамаарал. Ялангуяа ҮХЦ-ийн гишүүний асуудал дээр Ц.Нямдорж шиг хүний дэмжлэг ус, агаар шиг хэрэг болох нь гарцаагүй биз.

Харин нутаг усны хувьд Ц.Цолмон нь Говь-Алтай аймгийн гаралтай нэгэн юм. Магадгүй дээр нь нэмэгдээд энэ зүгийн дэмжлэг ч орж ирсэн байхыг үгүйсгэхгүй.

Б.Болдбаатар бол туйлын эргэлзээ дунд байгаа нэгэн. АН-ын гаралтай гэж түүнийг харж байсан ч 2016 онд МАН-ын үед Болгарт томилолт авч, улмаар Г.Занданшатар даргын парламент дээр хуулийн хэлтсийг нь ахалж байв. Нутгийн хувьд Өвөрхангайн гаралтай гэх мэдээлэл байгаа бөгөөд түүнийг 2012 онд УИХ-ын тамгын газрын ЕНБД-аар томилогдож байхад С.Баярцогт сайд сүрхий дэмжиж үг хэлж байснаас өөр мэдээлэл, үүх түүх алга. Ямар ч байсан “Эх орон – Ардчилал” эвслээс эхэлж УИХ-ын арын албанд ажиллаж ирсэн нэгэн юм.

Р.Батрагчаа бол Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр одоо ажиллаж байгаа. Ерөнхийлөгч шууд утгаараа өөрийнхөө хүнийг явуулж байна гэсэн үг. Гэхдээ яг улс төрийн угшил Ерөнхийлөгч гэхээсээ илүү С.Амарсайхантай ойрхон байх үндэслэлтэй юм. Тэрбээр, С.Амарсайханг 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга байхад нь НДЗ-гийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зөвлөх түүнийг аль талдаа илүү “зүтгэх”-ийг одоогоор хэлж мэдэх юм алга.

Түүнээс гадна ЕТГ-ын дарга Я.Содбаатартай ойр холбоотой гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өгч байна.

ДӨРӨВ, Монгол Улс "Намчин хуульчийн" нөөцгүй болж байна

Ямар ч байсан улс төрийн хувьд олон улс төрийн дэмжлэгийн хувьд ямар нөхцөл байдалтай байгаа талаар дээр өгүүллээ. Эцэст нь нэмж хэлэхэд магадгүй одоо чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн дэргэд эдгээр хуульчид дээр арай илүү байж болох юм. Гэхдээ Үндсэн хуулийг манах хэмжээнд яригддаг манай хуульчдын хүний нөөцийн чадамж буурч байна уу гэж анзаарагдахаар байна. Мэдээж Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд тэргүүтэй ахмадуудыг явуулаагүй нь дэвшил юм.

Нэгэнт томилгоог хийхээр “галт тэрэг” хөдөлсөн хойно энэ хүмүүс томилогдох нь ойлгомжтой. Харин гишүүн болсных нь дараа дундын зуучлалуудаар институт бүрийг төлөөлсөн хүмүүс яаж ажиллах вэ гэдэг нь хамгийн сонирхолтой асуулт юм. Өнгөрсөн бүх цаг хугацаанд шууд өөрийн хүнээ явуулалгүй дундын зуучлалтай хүмүүсийг стратегийн албан тушаалд томилсныхоо горыг хэсэг хугацааны дараа бүх л эрх мэдэлтнүүд амсаж, бас түүндээ золиослогдож явж ирсэн гэдгийг сануулъя. Уг нь эрх мэдэлтэй байгаа дээрээ найдвартай нь дээр гээд өөрийн хүнээ л шууд томилох хэрэгтэй юм сан.

2013 оноос хойш 122.9 мянган иргэнд 8.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ
2013 оноос хойш 122.9 мянган иргэнд 8.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.