Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2013 оноос хойш 122.9 мянган иргэнд 8.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 16 секунд

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдсан. Хуралдаан Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж, УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4-т “Хүний аюулгүй байдал, Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.” гэж, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 3.2-т “Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан.

Иргэдэд орон сууц худалдан авахад зориулан олгох орон сууцын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн 2013 оноос хойших хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкнуудын эх үүсвэрээр 8.1 их наяд төгрөгийн орон сууцын хөнгөлөлттэй зээлийг нийт 122.9 мянган иргэнд олгожээ. Энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 315.7 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2687 зээлдэгчид олгоод байгааг төслийн танилцуулгад дурдав.

Хуулийн төсөл 6 бүлэг 27 зүйлтэй бөгөөд төрөөс орон сууцыг хөгжүүлэх, санхүүжүүлэх, Үндэсний орон сууцын корпорац, Орон сууцжуулах сан үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоох, хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалттай холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

“Эхний улирлын байдлаар гадаад валютын албан нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ“
“Эхний улирлын байдлаар гадаад валютын албан нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ“
 
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.