Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөр гишүүдийн 61.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Х.Ганхуяг гишүүн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурал 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа дээрх төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо 2024 оны 81 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Х.Ганхуяг, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар ажилласан байна. Ажлын хэсэг 1 удаа, дэд ажлын хэсэг 2 удаа хуралдан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд заасан холбогдох шаардлагыг хангасан, төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай зарчмын зөрүүтэй 19 саналын томьёоллыг бэлтгэжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр хавсралтын “Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгоно” гэснийг хасахаар; 2 дугаар хавсралтад хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, улс, бүсийн чанартай авто замын сүлжээнд холбох, “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, эрсдэлийн үнэлгээ хийх, хүний нөөцийн аудитын ажлыг сайжруулах, “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркын дулаан болон цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зэрэг төсөл арга хэмжээг нэмж тусгах, тэдгээрийн шалгуур үзүүлэлт болон зорилтот түвшин, хэмжих нэгж, хариуцах байгууллага зэрэгт холбогдох өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Ц.Цэрэнпунцаг гишүүн гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжиж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Монголбанкны 2023 оны санхүүгийн тайлан болон холбогдох бусад тайланг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван Байнгын хорооны гишүүдэд энэ талаар танилцуулсан юм.
Тайлант онд эдийн засгийн сэргэлт бэхжиж, эдийн засагт нааштай эерэг өөрчлөлт гарсан гэв. Эдийн засгийн өсөлт 7 хувьтай гарч, инфляц 7.9 хувь буюу Төв банкны зорилтот түвшинд бууран, урсгал тэнцэл 15 жилийн дараа ашигтай болж, төлбөрийн тэнцлийн ашгаар гадаад валютын албан нөөц нэмэгдсэн байна. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарсан гэдгийг тэрбээр онцолсон. 2023 онд гадаад өрийн олон төлбөрийг дотоод нөөц бололцоогоороо амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банкны “Евро” бонд, “Самуурай” бонд, Засгийн газрын “Гэрэгэ” бонд, Төв банкны үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хүрээнд авч ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань, хувийн секторын бондын төлбөрүүдийг амжилттай төлжээ. Эдгээр том дүнтэй өр төлбөрийг амжилттай төлсөн хэдий ч гадаад валютын албан нөөц 4 тэрбум 920 сая ам.доллар болж нэмэгдсэн гэв. 2024 оны эхний улиралд эдийн засгийн сэргэлт үргэлжилж, ДНБ-ий өсөлт 7.8 хувь байгаа бөгөөд 04 дүгээр сарын байдлаар гадаад валютын албан нөөц 5 тэрбум ам.доллар буюу 07 дугаар сарын барааны импортын хэмжээг хангах түвшинд хүрсэн болохыг Ч.Энхтайван дэд ерөнхийлөгч танилцуулсан. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байж, жилийн инфляц улсын хэмжээнд 6.4 хувьд хүрч буурснаар мөнгөний бодлогын төлөвийг бууруулах орон зай бүрдсэн гэв. Банкны салбарын хувьд эдийн засгийн өсөлтийг дэмжих, өрхийн аж ахуйн хэрэглээ, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой хадгалах чиглэлд санхүүгийн зуучлалын үүргээ амжилттай хэрэгжүүлсэн хэмээн тайланд дурджээ. Банкны салбарын хадгаламж жилийн дүнгээр 26.2 хувиар, зээлийн үлдэгдэл 23.3 хувиар өссөн аж. Банкны салбарын реформ амжилттай үргэлжилж, системийн нөлөө бүхий банкнууд бүгд хувьцаагаа хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалснаар 470 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж олон нийтэд нээлттэй ХК болсон байна. Банкуудын корреспондент банкны харилцаанд ахиц дэвшил гарч, гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, зардал багатай хийх боломжтой болсон хэмээн Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. Банкнууд анх удаа Базель стандартын дагуу өөрийн хөрөнгийн болон хөрвөх чадварын хүрэлцээг дотооддоо үнэлж эхэлсний дээр Төв банкнаас банкны салбарын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлалыг баталжээ.
Монголбанкны 2023 оны санхүүгийн тайлан болон холбогдох бусад тайлангийн дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Үүгээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан холбогдох тайлан, илтгэл, мэдээллийг сонсов.
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж, УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4-т “Хүний аюулгүй байдал, Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.” гэж, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 3.2-т “Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан.
Иргэдэд орон сууц худалдан авахад зориулан олгох орон сууцын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн 2013 оноос хойших хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкнуудын эх үүсвэрээр 8.1 их наяд төгрөгийн орон сууцын хөнгөлөлттэй зээлийг нийт 122.9 мянган иргэнд олгожээ. Энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 315.7 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2687 зээлдэгчид олгоод байгааг төслийн танилцуулгад дурдав.
Хуулийн төсөл 6 бүлэг 27 зүйлтэй бөгөөд төрөөс орон сууцыг хөгжүүлэх, санхүүжүүлэх, Үндэсний орон сууцын корпорац, Орон сууцжуулах сан үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоох, хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалттай холбоотой харилцааг зохицуулах юм байна.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.