УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшилттэй холбоотойгоор АН-д үүсээд буй цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Энэ сарын 20-нд болж өндөрлөсөн танай намын ҮБХ-ны хурлаар баталсан нэр дэвшигчдийн нэрс батлагдсан өдрөөсөө л хэл ам дагуулж, өнөөдрийг хүртэл улс төрийн халуун сэдэв байсаар байна л даа. Дээрх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай намын бүх асуудал нь ил байдаг эрүүл нам. Тодорхой асуудлууд үүслээ гэхэд цаг тухайд нь эрүүлээр хэлэлцээд шийдвэрлэдэг. Тухайн үедээ бухимдалтай зүйл байдаг. Үүнийг нь хэрүүлтэй гэж ойлгоод байх шиг. Жишээлбэл, энэ сарын 20-нд болсон ҮБХ-ны хурал дээр гишүүдийн гаргасан янз бүрийн ааш байна. Тэр бол нийгмийн араншин ямар байна, түүнийг л ҮБХ дээр илэрхийлж буй илэрхийлэл гэж хэлж болно.
-ҮБХ-ны шийдвэр гарсан цагаас хойш намаасаа гарлаа, жагсаалтад багтсан ч нэрээ татлаа гэх зэргээр гомдогсод багагүй гарч ирсэн. Мөн ҮБХ-ны гишүүн биш боловч нэр дэвшилтэд орсон гэх асуудлыг тэд яриад байгаа?
-Ер нь ҮБХ-ны гишүүд шууд нэр дэвших эрхээ авч байсан тохиолдол олон бий. Тухайлбал, ҮБХ-ноос баталсан журмын дагуу тус хорооны гишүүд УИХ-д нэр дэвших эрхтэй. Харин шинээр элсээд удаагүй гишүүдэд нэр дэвших эрх олгож байгаа нь нэг статустай байгууллага өөрсдөө асуудлаа шийдэж байна гэсэн үг. Тийм учраас энд ямар нэг асуудал үүсэхгүй. Мэдээж, гомдож бухимдсан олон гишүүн бий.
Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, тэр хүмүүс тойрогт эсвэл жагсаалтад орохдоо шалгуурыг хангаж байна уу үгүй юу, тойрогтоо ажилласан байдал нь нэр дэвшиж буй бусад хүмүүсээс сайн байж чадахгүй учраас дарааллын асуудал гарч ирж байгаа. Тиймээс дарааллын асуудалд гомдсон асуудлууд бий. Тэгэхээр энэ нь цэвэр хувь хүнээс өөрөөс нь л шалтгаалах асуудал.
Намын дарга болон нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороо рейтингийн судалгааг харж байгаад жагсаалтын дээгүүр доогуур тавих асуудлыг шийдвэрлэж байгаа шүү дээ.
-Сонгуулийн ерөнхий хороо төлөөлөх эрхгүй этгээдээс материал авч байгаа нь буруу-
-Жагсаалтын 9 дүгээр байр олны анхааралд байгаа. Эхлээд С.Баярцогт байсан бол Х.Тэмүүжинг оруулсан. Дараа нь буцаад С.Баярцогтыг оруулсан. Энэ мэтээр олон нийтийн дунд ойлгомжгүй байдал үүсгэлээ. Яг албан ёсны жагсаалтын 9 дүгээрт хэн нь байгаа юм бэ?
-Өнөөдрийн байдлаар ямар нэг итгэмжлэлгүйгээр Ардчилсан намыг СЕХ-нд төлөөлөх этгээд бол Л.Гантөмөр дарга. Харин итгэмжлэлтэйгээр Э.Одбаяр, Н.Лхагвадорж, Д.Оросоо нарын нэрийг өгсөн байгаа. Тиймээс энэ дөрвөн хүн л СЕХ-нд Ардчилсан намыг төлөөлж аливаа бичиг баримтыг хүргүүлэх ёстой.
Жишээлбэл, та гэнэтхэн Ардчилсан намын жагсаалтад дургүй нь хүрээд бичиг аваачаад өгчихвөл Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авах ёсгүй. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо төлөөлөх эрхгүй этгээдээс материал авч байгаа нь буруу. Монголын мянга, мянган хүн Ардчилсан намын жагсаалт буруу гээд бичиг өгөөд байвал бүгдийг нь Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авах уу. Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа.
-Иргэд “Ардчилсан нам болж бүтэхгүй, муу нэртэй хүмүүсээ нэр дэвшүүлж болохгүй шүү” гэх захиасыг маш их өгч байсан-
-С.Баярцогтын асуудалд та хэрхэн хандаж байгаа вэ?
-Мэдээж, төлөөлөх боломжтой хүн. Би өнгөрсөн жил 108, энэ жил 85 уулзалт хийсэн байна. Энэ уулзалтуудын ихэнх дээр нь иргэд “Ардчилсан нам болж бүтэхгүй, муу нэртэй хүмүүсээ нэр дэвшүүлж болохгүй шүү” гэх захиасыг маш их өгч байсан.
Энд хамгийн их давтагдсан нэр бол С.Баярцогт. Мөн Х.Баттулга, С.Эрдэнэ нар багтсан. С.Баярцогт жагсаалтад орсноор манай намын рейтинг, нэр хүндэд муугаар нөлөөлж магадгүй гэж үзэж, би иргэдийн өмнөөс байр сууриа илэрхийлсэн.
-Сонгуулийн өмнө АН-д үүсээд буй хуваагдал нь С.Баярцогтоос үүдэлтэй гэх яриа бий. Хэрвээ энэ хүн УИХ-д сонгогдсон тохиолдолд ямар нэг албан тушаал авна гэсэн тохироо бий юу?
-Сайн мэдэхгүй байна. Би ер нь намын эрх мэдэлтэй хүн биш. Нам дотроо ямар ч албан тушаал хашдаггүй. Тийм учраас Ардчилсан нам дотор болж байгаа асуудлыг мэдэхгүй.
-Цахим орчинд АН-ын жагсаалтыг будилуулсан хүмүүсийн нэг нь Б.Пүрэвдорж гэх мэдээлэл гарсан. Таны хувьд нэр дэвшилтийн жагсаалт гаргахад оролцсон уу?
-Би иргэдийн дунд байгаа шүүмжлэлийг зөв болгохын төлөө л явсан. Ямар нэг асуудлыг шийдвэрлэх эрхтэй хүн биш. Өөрөөр хэлбэл, жагсаалтад Монголын ард түмэнд нэр хүндээ алдсан хүмүүсийг оруулах ёсгүй гэх байр сууриа илэрхийлсэн болохоос жагсаалтыг шийдвэрлэх эрх мэдэл надад нэг ширхэг ч байхгүй. Тийм учраас намайг жагсаалт будилаантуулсан гэх мэдээлэл нь худлаа.
-Жагсаалтад дээгүүр орсон хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь. Түүний хувьд ҮБХ-ны хурлаасаа хойш Төрийн ордонд үзэгдсэнгүй. АТГ-т шалгаж буй түүнтэй холбогдох хэрэг нь тогтоолд гарын үсэг зуруулах хэмжээнд очсон гэх мэдээлэл бий?
-Хувь хүний асуудлыг мэдэхгүй байна. Ж.Батсуурь гишүүний хувьд өөрийнхөө удирддаг ҮБХ-ны хурлыг тодорхой хэмжээнд зөв удирдаад, өөрийнхөө байр суурь дээр байгаа гэж ойлгосон.
-Ерөнхийлөгч болтлоо явсан хэрнээ УИХ-д горилоод явж байгаа нэг хүн байна-
-Өнгөрсөн хоёр сонгуулийн ялагдлын нэг том шалтгаан нь дотоод эв нэгдэл гэж танай намынхан ярьдаг. Гэвч сонгууль болохоос сарын өмнө дахиад л 2-3 хуваагдаад байна. АН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах боломж бий юу?
-Олон жил төрд байж, ард түмний дунд нэр хүндгүй болсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх талаар би олон удаа үг хэлж, тэмцэж байсан. Харамсалтай нь, Ерөнхийлөгч болтлоо явсан хэрнээ УИХ-д горилоод явж байгаа нэг хүн байна. Тэгэхээр шинэ залуу үе гарч ирж, Ардчилсан намыг илүү урагш нь авч явах ёстой.
Өнгөрсөн хугацаанд ямар нэг байдлаар МАНАН-таад явсан нөхөд дахиж үргэлжлүүлэх сонирхолтой байх шиг. Тиймээс аль болох нам намаараа, эрх баригч нь эрх баригч шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байя гэсэн бодлоор асуудалд хандаж байна.
Энэ удаагийн сонгуульд ардчиллыг хамгаалах маш хатуу байр суурьтай оролцох ёстой. Өнгөрсөн найман жилд тодорхой хэмжээгээр ардчиллын суурь зарчмууд гажуудах бүрд би эсэргүүцэж байсан боловч “гажуудуулсан” нөхөд нь дахиад л сонгуульд нэр дэвшээд, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг явдаг, ялангуяа МАН-ын олон хүн гарч ирэх гэж буйд харамсаж байгаа.
-Энэ удаагийн сонгуулиар бүрдэх парламент хамтарсан Засгийн газар байгуулж магадгүй асуудал яригдаж байна. Хэрвээ байгуулагдсан тохиолдолд Ардчилсан намаас орж ажиллах нь зөв үү?
-Эрх баригч нь эрх баригч шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байхгүй бол өнгөрсөн хугацаанд хэтэрхий өвөр, түрийдээ ойрхон байсан нөхцөл байдал нь Монголын хөгжлийг хойш нь татлаа. Хэрвээ сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулбал эрх баригчаа хийнэ. Хамтрах ойлголт байхгүй. Ялагдал хүлээвэл сөрөг хүчний үүргээ биелүүлнэ. Ерөөсөө хамтрахгүй.
-Ер нь өнгөрсөн найман жилд УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ хэр биелүүлэв?
-Гишүүд доторх янз бүрийн уур амьсгалаас болоод хангалттай хэмжээнд ажиллаж чадсангүй. Ардын намын саналыг тодорхой хэмжээгээр оруулж ирж, эв нэгдэлгүй байлгах ажлыг хийсэн ганц хоёр хүн бий. Тэдгээрээс болж, сөрөг хүчин шиг байж чадаагүйд харамсдаг.
-Ярилцсанд баярлалаа.