Урин дулааны цаг ирсэн энэ үед хүн бүрийг айдаст автуулдаг зүйл бол ХАРШИЛ. Тэгвэл харшил хэрхэн үүсдэг болон яаж урьдчилан сэргийлэх талаар "Precious Skin" арьс харшлын эмнэлгийн ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр Д.Мөнгөнтүлхүүртэй ярилцлаа.
-Юун түрүүнд харшлын талаарх ойлголтыг уншигчдад маань өгөх нь зүйтэй байх?
-Харшил нь ямар нэгэн харшил төрүүлэх шинж чанар бүхий аллерген хүний бие махбодод амьсгалын зам, хоол боловсруулах зам болон арьс салстаар нэвтэрч орсноор дархлааны тогтолцоо хариу урвал үзүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл харшил нь дархлааны хариу урвалын үр дүнд арьс загатнах, тууралт гарах, хамраас нус гоожих, найтаах, хамар битүүрэх, нүд загатнах зэрэг шинж тэмдгээр илэрдэг гэсэн үг.
-Урин дулааны цаг ирж байна шүү дээ. Ялангуяа хавар, зуны улиралд хүмүүсийн харшил сэдрэх хандлага их байдаг. Үүний шалтгаан нь юу вэ?
-Улирлын шинж чанартай хөдөлж буй харшлыг ургамлын тоосонцрын шалтгаантай харшил гэж үздэг. Энэ нь модлог ургамал, үет ургамал болон хогийн ургамал ургасны дараа үүсдэг. Монголчуудын хувьд хамгийн их зонхилон тохиолддог харшил бол шарилжний харшил. Ихэвчлэн наадмын дараа энэ харшил эхэлдэг. Өөрөөр хэлбэл, агаарт дэгдэж байгаа ургамлын тоосонцроор хүн амьсгалснаар дээр дурдсан зовуурь, шинж тэмдэг илэрдэг.
Түүнээс гадна жилийн турш үргэлжилдэг харшлууд бий. Жишээлбэл, гэртээ амьтан тэжээдэг хүмүүс тухайн амьтныхаа үс, ноосонд харшилдаг бол жилийн турш хамар битүүрэх, найтаах, нүд загатнах зовууриуд илэрч болдог.
Харшил удамших хандлагатай байдаг
-Харшил удамшдаг уу. Энэ талаар иргэд төдийлөн сайн ойлголтгүй байдаг?
-Ерөнхийдөө харшлыг удамших хандлагатай гэж үздэг. Эцэг эх нь хоёулаа харшилтай бол тэдний дундаас төрсөн хүүхэд харшилтай болох магадлал 75 хувьтай гэж үздэг. Хэрэв эцэг эхийнх нь нэг нь харшилтай бол тэдний дундаас төрсөн хүүхэд 50 хувь харшилтай болох магадлалтай. Учир нь эцэг эхээсээ харшламтгай суурь байдлыг авч, удамшиж төрж байна гэсэн үг.
Мөн амьдрах орчин нөхцөл байдал болон хэвийн төрсөн үү, кесараар төрсөн үү, хөхөөр хооллож байсан уу, антибиотик их хэрэглэж байсан уу, Д витаминаа хангалттай авч чадаж байсан уу үгүй юу гэдгээс хамаарч хүүхэд харшламтгай болох эсэх суурь болдог.
-Сүүлийн үед насанд хүрсэн хүмүүсээс гадна хүүхдүүд ч бас их харшламтгай болсон байна шүү дээ. Тэгвэл хүүхдийг харшлаас урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авах шаардлагатай юм бэ?
-Хүүхдүүдийн дунд диатез буюу Атопийн дерматит гэдэг харшлын шалтгаантай арьсны өвчин их байдаг. Атопийн дерматит өвчний үндсэн шалтгаан нь хүүхдүүдийн хэрэглэж буй хоол хүнс байдаг. Учир нь хүүхдүүдийн хоол боловсруулах эрхтэн систем нь бүрэн сайн хөгжөөгүйтэй холбоотой харшил үүсэх эрсдэлтэй. Мөн сүүлийн үед хүнсний харшил нэмэгдэх болсон. Үүний шалтгаан нь бидний хэрэглэж буй хоолны нэр төрөл нэмэгдэж байгаатай холбоотой.
Түүнээс гадна хүүхдийн хэрэглэж байгаа саван, шампунь, вок зэрэг химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд хүүхдийн арьсанд хүрэлцсэн тохиолдолд мөн ахуйн цэвэрлэгээний бодис агаарт дэгдэж, хүүхдийн арьсан дээр бууснаар арьсыг цочроох магадлалтай байдаг. Тиймээс ээж аавууд маань үүнд анхаарах хэрэгтэй.
-Бүх насныхан харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээг авах ёстой вэ?
-Хүмүүс яагаад харшламтгай болоод байна вэ гэхээр ихэвчлэн Д витамины дутагдал нөлөөлсөн байдаг. Түүнээс гадна кесар хагалгаагаар төрсөн тохиолдолд хүүхдийг харшламтгай болгох эрсдэлтэй гэж үздэг. Мөн бага насны хүүхдүүд дам тамхидалтад өртдөг бол харшламтгай болох магадлалтайгаас гадна агаарын бохирдол ч үүнд нөлөөлнө.
Тиймээс зөв, эрүүл амьдрах орчин бүрдэж байж л харшилгүй болох боломжтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хувь хүн өөрөө витамин, амин дэмдээ анхаарч болох ч гэсэн улсын хэмжээнд ч мөн анхаарах ёстой гэсэн үг юм. Ингэж байж бид бүгд харшлаас урьдчилан сэргийлж чадна.
Шөнийн нойроо алдвал харшламтгай болох магадлалтай
-Эцэг эхчүүд харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүддээ төрөл бүрийн витамин өгөөд байдаг шүү дээ. Энэ нь хэр үр дүнтэй юм бол?
-Харшилтай болон арьсны өвчтэй хүн бүрд чухал зүйл бол Д витамин шүү дээ. Тиймээс бүх насныхан Д витаминаа зөв хэрэглэж байх хэрэгтэй. Гэхдээ Д витамин сайн гэхээр янз бүрийн тунгаар хэрэглэж болохгүй. Энэ бол тун буруу. Угтаа Д витаминыг цусны шинжилгээгээр оношилдог юм. Таны цусанд агуулагдаж байгаа Д витамины хэмжээ ямар байна вэ гэдгийг оношлуулж, шинжилгээ хийлгэсний дараа таны биеийн жинтэй тохируулж, ямар тунгаар, яаж уухыг эмч зохицуулж, бодож өгдөг юм.
Түүнчлэн нойр маш чухал. Орой унтаад, шөнийн нойроо алдаад байвал харшламтгай болох магадлал өндөр.
-Одоо харшлаа хэрхэн оношлуулах талаар ярилцъя. Таны дээр дурдсан шинж тэмдгүүд хавар, зуны улиралд их илрээд байвал өөрийгөө харшилтай болжээ гэж тооцож болох уу, эсхүл?
-Ургамлын харшил бол тавдугаар сараас эхлээд зуны 3 сар үргэлжилнэ. Харин намар хичээл эхлэхээр агаарт байгаа ургамлын тоос багасдаг. Энэ үед харшил ч дагаад багасдаг. Ерөнхийдөө таваас есдүгээр сарын хооронд хамар нь битүүрээд, нүд загатнаад байвал өөрийгөө ургамлын харшилтай гэж сэжиглэж болохоор байгаа юм.
Гэхдээ харшлын сорилыг агаарт ургамлын тоос цацагдахаас өмнө мэргэжлийн эмчид үзүүлж, хамгийн түгээмэл хийгддэг арьс хатгах сорилыг хийлгэвэл таныг модлог ургамлын харшилтай юу, үет ургамлын харшилтай юу, шарилж, хогийн ургамлын харшилтай юу гэдгийг тодорхойлно. Ингэснээр хэзээнээс эмчилгээг нь хийж эхлэх, хэзээ хүртэл үргэлжлэх зэрэг хугацааг тогтоох боломжтой.
Тиймээс аль болох агаарт ургамлын тоос босоогүй үед урьдчилаад харшлын арьс хатгах сорил өгвөл илүү үр дүнтэй гэсэн үг.
-Харшлын эмчилгээ хэр үр дүнтэй байдаг вэ. Бүрэн гүйцэт эмчлэгддэг үү?
-Ерөнхийдөө дархлаа зүгшрүүлэх эмчилгээ хийгддэг. Гэвч энэ нь 100 хувь үр дүнтэй биш, төгс эмчлэгдэх боломжгүй байгаад байна. Гэхдээ ургамлын харшлаас болж илэрч буй зовуурь, шинж тэмдгүүдийг бүрэн намдаах боломжтой эмийн эмчилгээ бий.
-Харшил хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?
-Хурц харшил өгдөг хүнснүүдэд далайн гаралтай хүнс болон олон төрлийн амтлагчаар амталсан шарсан, хуурсан хоол багтдаг. Хэрэв харшилтай хүн ийм төрлийн хоол идвэл анафилаксийн шок буюу харшлын хүндрэл үүсдэг. Энэ нь хүний амь насанд аюултай байж болдог.
Хэрэв ийм төрлийн хоол болон далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээд хоолой ам нь сөөгөөд, амьсгал давчдаад, арьсаар нь улаан гүвдрүү гарч байсан бол заавал харшлын эмчид хандаад, эмчилгээ хийлгэх ёстой.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.