Ардчилсан намын ҮБХ-ны энэ сарын 20-ны хуралдаанаар УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорсон. Энэ талаар нэр дэвшигч, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин мэдээлэл өглөө.
-Манай АН-ын үндэсний бодлогын хороо руу нэр дэвших 126 хүний нэрийг АН-ын дарга оруулж ирсэн. Ингэж оруулж ирэхийн өмнө ямар асуудал болсон бэ гэхээр нэр дэвшигчдийг тодруулах комисс байгуулагдсан. Тус комиссыг С.Баярцогт ахалж, 126 хүний нэр дэвшилтийг шийдсэн.
Жагсаалтын 9-т бичигдсэн С.Баярцогт өөрийнхөө нэрийг дэвшүүлж орж ирсэн нь зохимжгүй гэх маргаан Үндэсний бодлогын хороон дээр үүссэн. Нэгдүгээрт өнгөрсөн найман жил Х.Баттулга гэх хүнийг шүүмжилж, бодлогыг нь эсэргүүцэж явсан АН-ын бүх залуучууд зөвхөн энэ хоёр хүний тохироон дээр жагсаалтын хойшоо шидэгдсэн.
Найман жилийн турш АН-ын хаяаа манаж, өрхийг нь таталцаж, гал голомтыг нь нураалгахгүйн тулд явсан залуучууд цөөн хүний хуйвалдааны золиос болох ёстой гэж. Энэ уур бухимдал нь жагсаалтын 9-т бичигдсэн С.Баярцогтыг солих уур амьсгал болж хувирсан. Би ч тухайн үед маш тодорхой хэлсэн. С.Баярцогт надтай огт ярихгүйгээр Хан-Уул дүүрэгт Х.Баттулгын хүргэнтэй хамт нэр дэвших шийдвэрийг гаргасан учраас би "Уучлаарай. Өөрөө тэр дүүрэгтээ нэр дэвш. Жагсаалтад би нэрээ дэвшүүлнэ" гэх байр сууриа илэрхийлж Үндэсний бодлогын хороон дээр дэмжигдэж жагсаалт өөрчлөгдсөн.
АН Үндэсний бодлогын хороогоороо жирийн гишүүд, олон нийтийн сонголтоор С.Баярцогтын нэрийг сольсон. Үндэсний бодлогын хороо руугаа орж ирж чадахгүй, АН-ын жирийн гишүүдтэй нүүр тулж чадахгүй зөвхөн ордны хуйвалдаанаар эрх мэдэлд хүрдэг гэж боддог ийм алхмыг АН тас цохих ёстой. Сонгууль гэдэг хэн нэгэнд боломж олгодог зүйл биш.