Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэл өглөө.
НОБГ-ын дарга А.Дашням "Өчигдөр оройноос эхлээд нийслэлийн хэмжээнд бороо орж эхэлсэн. Өнөөдөр үргэлжилсэн бороотой. Маргааш бас бороо орох төлөвтэй. ЦУОШГ-аас найман цаг тутамд цаг агаарын мэдээллийг шинэчилж байна.Тиймээс цаг тухайд нь мэдээллийг авч иргэдэд хүргэж байна. Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдэд мэдээлэл хүргэх, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүргийг НЗДТГ-аас өгсөн.
Маргааш буюу тавдугаар сарын 25-наас эхлээд Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэл бүхий айлуудыг аюулгүй байдлаа хангах, зөвшөөрөлгүй айлуудыг суурьшлын дөрвөн бүсэд олгосон газарт нүүх албан шаардлагыг өгнө.
Дарь-Эхээс эхэлж, амралтын өдрүүдэд уг ажлыг зохион байгуулна. Газраа орон сууцаар солих ажлыг ч зохион байгуулна. Ингэснээр өнгөрсөн жил үер буусан газарт далан барьж, шат дараалсан ажлыг хийнэ. Гэхдээ ганцхан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо бус бусад үерийн эрсдэл бүхий газруудад амралтын өдрөөр ажиллана.
Өнгөрсөн жилийн 7-8 сард хоёр удаагийн томоохон үер болсон. Нийслэлийн хэмжээнд үер, уснаас урьдчилан сэргийлэх олон ажил хийсэн. Хамтарсан байгууллагууд дөрвөн удаа хэлэлцүүлэг хийсэн. Нийслэлийн хэмжээнд хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлуулсан. Төрийн болон төрийн бус байгууллагуудыг хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өгсөн.
Саяхан Нийслэлийн хэмжээнд үер усны үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын хүч эрсдэлийн судалгааг хийхэд 68.5 хувьтай гарсан. Цаашид хүн хүчийг бэлтгэж, сургах шаардлага тулгарч байгаа" гэв.