Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, хур тунадас их хэмжээгээр орох төлөвтэй байгаа тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.
Хүчтэй аадар борооны улмаас гол, горхи, булаг, суваг шуудууны усны түвшин нэмэгдэж, гудамж, зам талбай болон нам дор газарт ус тогтох, үерийн ус халих эрсдэлтэй. Иймд иргэд та бүхэн өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж, шаардлагагүй тохиолдолд ус ихээр тогтсон болон үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг зөвлөж байна. Иргэд та бүхэн:
Үерийн ус тогтсон зам, гүүр, далангаар автомашинтай болон явганаар зорчихгүй байх;
Гол, горхи, суваг шуудуу, үерийн ам, жалга болон эрсдэлтэй бүсэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;
Автомашинаа үерийн ус зайлуулах суваг, шуудуу болон нам дор газарт байрлуулахгүй байх;
Гэр, хашаа, орон сууцны орчны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх;
Цахилгааны утас, шон, самбар болон ил задгай цахилгаан тоноглолд ус хүрсэн тохиолдолд ойртохгүй байх;
Аадар бороо, хүчтэй салхи шуургатай үед аль болох гэрээсээ гарахгүй, шаардлагатай тохиолдолд аюулгүй газар түр хоргодох;
Үерийн усанд автсан эд зүйл, цахилгаан хэрэгслийг дур мэдэн ашиглахгүй байх;
Үер, усны аюулын талаарх сэрэмжлүүлэг, холбогдох байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах нь бидний хамтын үүрэг. Та бүхэн сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлээрэй.
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл