Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 506 хүн эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 425 нь төв эмнэлэгт бол 81 нь салбар эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Ачааллын хувьд харьцангуй байгаа нь иргэдийн зүгээс "шинэ салбар эмнэлгийн байршлыг сайн мэдэхгүй учраас мэддэгээрээ хол ч ГССҮТ-д ирсэн" гэдгийг ярьж буй.
Бүтэн 10 жилийн турш царцсан хуучнаар Түлэнхийн төв эмнэлэг одоогийн ГССҮТ-ийн салбар эмнэлэг болж өнгөрсөн оны намар албан ёсоор үүдээ нээсэн юм. Гэвч бидний мэдэх ГССҮТ-д ачаалал ийн төвлөрсөөр байна. Тус төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гэмтлийн эмч П.Батсайхан хэлэхдээ "Зуны амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотой эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Зургаадугаар сараас эхлэн долдугаар сард оргил ачаалал ихэснэ. Энэ нь зам тээврийн осолтой холбоотой" гэлээ.