Их Британи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компани болон Оксфордын их сургуулийн судлаачдын хамтран гаргасан коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг АНУ-д сэргээгээгүй хэвээр байна.
Одоогоор тус вакцины туршилтад оролцогчдын нэгээс гаж нөлөө илэрсэн бөгөөд шалтгааныг судлахын зэрэгцээ туршилтыг түр зогсоожээ. Сайн дурын туршилтад оролцогчдын нэгнийх нь бие муудсаны улмаас туршилтыг есдүгээр сарын 6-нд түр зогсоосон аж. Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарын асуудал хариуцсан газар шалгалтаа дуусгахаас нааш вакцины туршилтыг сэргээхгүй байх юм.
Харин Их Британи болон Бразилд “AstraZeneca” компанийн вакцины эмнэлзүйн туршилтыг сэргээсэн байна. Түүнчлэн ДЭМБ вакцин гарган авах гэж яарахгүй байх болон эмнэлзүйн судалгааны дүрэм журамд улс орнууд хайхрамжгүй хандаж болохгүй тухай зөвлөжээ.