Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Буян-Ундрах: Монголчуудад ганцаараа ажиллах орон зай хэрэгтэй нь батлагдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 34 секунд

Ганцаараа байхдаа бүрэн төвлөрч, үр бүтээлтэй байж чаддаг хүмүүс цөөнгүй боловч тэдэнд зориулсан газар тэр бүр байдаггүй. Харин “Нэг хүний оффис” хэмээх зөвхөн ганцаараа чимээгүй нөхцөлд төвлөрөх сонирхолтой хүмүүст зориулсан түрээсийн оффисын газар нээгдсэн нь цахим орчинд шуугиан тариад буй. Тэгвэл бид энэ удаа “Solo Space” хэмээх нэг хүний оффис түрээсийн үйл ажиллагаа явуулж буй Э.Буян-Ундрахтай уулзаж ярилцлаа.



Зургийн тайлбар: Э.Буян-Ундрах өөрийн гэсэн орон зайг хүсдэг байсан учраас solo space-ийг эхлүүлжээ.

- ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ, ЯГ ОДОО НЭГ ХҮНИЙ ТӨВЛӨРЧ СУУХ ЗОРИУЛАЛТТАЙ 10 ӨРӨӨТЭЙ -

-Өөрийнхөө тухай товчхон танилцуулна уу?

-Намайг Энхтөр овогтой Буян-Ундрах гэдэг. Би одоо 22 настай зүгээр л нэг залуу байна /инээв/.

-Нэг хүний оффис нээх санааг хэрхэн олсон бэ?

-Оффис гэхээс илүүтэй багаасаа би өөрийн гэсэн орон зайг хүсдэг байсан. Тиймдээ ч том болсон хойно энэ бизнесийг хийхэд нөлөөлсөн байх. Залуу хүний сэтгэл хөдлөлөөр гэнэт энэ жилийн наймдугаар сарын 20-ноос шийдвэрээ гаргаад ажил хэрэг болгосон. Одоо үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн хоног болж байна.

-Энэхүү оффисоо босгох хөрөнгөө яаж шийдсэн бэ?

-Би өөрөө “Solo study” гэдэг цахим хуудсаар дамжуулан хэл сурах хүсэлтэй залуучууддаа сургалтын материал өгдөг байсан. Мэдээж аав ээжээсээ туслалцаа авсан. Түүнчлэн энэхүү бизнесийг эхлүүлэхэд тусалсан хамтрагч маань байгаа. Санаа нийлээд л “надад ийм мөнгө байна чамд юу байна, оролдоод үзэх үү?” гээд л хоорондоо ярьж байгаад энэхүү оффисоо анх нээсэн.

 -Яг одоо хэдэн өрөөтэй үйл ажиллагаа явуулж байна? Үнийн хувьд хэд байгаа вэ?

-Энэ бол зөвхөн эхлэл. Яг одоо нэг хүний төвлөрч суух зориулалттай 10 өрөөтэй. Үнийн хувьд нэг цагийн 2000 төгрөг, өдрөөр 10 мянга, сараар 200 мянган төгрөгийн үнэтэйгээр өрөөнүүдээ түрээслүүлж байна.



Зургийн тайлбар: Энэ орон зайд ганцаараа төвлөрөн суух боломжийг бүрдүүлсэн нь давуу талтай.

- БИ ӨӨРИЙН ТӨСӨӨЛЖ ХҮСДЭГ БАЙСАН ЗҮЙЛЭЭ Л ХИЙСЭН -

-Нэг хүний оффисын онцлог тал юу вэ? Хүмүүс хэр их сонирхож байна?

-Хүмүүс маш их сонирхож байна. Нээсэн өдрөөсөө эхлээд л бүх цагт бүх өрөө хүнтэй байгаа. Маргаашийн захиалга дүүрээд хэд хоногийн өмнөөс урьдчилсан захиалга аваад эхэлсэн. Үүнээс үзэхэд хүмүүст ийм орон зай хэрэгтэй байсан нь батлагдсан.

-Энэ төрлийн бизнесийн судалгааг хэр хийсэн бэ? Дэлхийн бусад улс орнуудад ийм оффис хэр хөгжсөн байдаг вэ?

-Яг ийм оффис гээд дэлхий дахинд нэрд гарсан оффис одоогоор байхгүй. Харин Солонгос, Японд иймэрхүү капсул зочид буудлууд олон байдаг. Харин судалгааны хувьд тийм ч их хайж үзээгүй. Би өөрийн төсөөлж хүсдэг байсан зүйлээ л хийсэн.

-Хүлээлтэнд хэр хүрч байгаа вэ?

-Мэдээж “хүмүүс ийм зүйлд мөнгө зарцуулах болов уу, үйлчлүүлэх болов уу” гэж дотроо санаа зовсон. Харин нээгдээд үйл ажиллагаа явуулж үзэхэд хүлээлтээс давсан үр дүн гарсан. Ахуйн орчинд ажилдаа төвлөрч чадахгүй хэцүү байдаг шүүдээ. Түүнчлэн номын санд ч бүрэн төвлөрч чадахгүй үе гардаг болохоор энэ асуудлыг шийдэхэд оффис маань тохирсон газар.



Зургийн тайлбар: Ганц хүний оффис эрэлт ихтэй, үйлчлүүлэгчид цагаар биш өдрөөр түрээслэхийг илүүд үзэж байна. 

-ИНТРОВЕРТ ХҮМҮҮСЭЭ БИТГИЙ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХИЙГ ОРОЛДООЧ, ОРОН ЗАЙ НЬ ДУТАГДААД БАЙВАЛ ЭНД ХҮРЭЭД ИР-

-Интроверт хүмүүст илүү тохирсон газар гэж уншиж байсан. Энэ тухай дэлгэрүүлж тайлбарлавал?

-Хүмүүсийг ерөнхийд нь нээлттэй ба дотогшоо гэж хоёр ангилдаг. Энэ бол судлагдаад батлагдсан зүйл. Интроверт буюу дотогшоо хүмүүс хэн ч саад болохгүй тайван орчинд ажлын бүтээмж өндөр байдаг бол эсэргээрээ экстраверт буюу нээлттэй хүмүүс хамт олонтойгоо багаар ажиллаж байж үр дүнд хүрдэг. Орчин үед нийгмээрээ манлайлж буй хүмүүс нь экстраверт байгаа болохоор тийм байх гоё сайхан гэж боддог болчихсон. Гэтэл интроверт хүмүүс олуулаа байхад нийгэм тэднийг анхаарахгүй байгаа нь өөрөө асуудал шүүдээ. Яг үнэндээ өндөр бүтээмжтэй агуу зүйлсийг санаачилж хийдэг хүмүүс нь интровертүүд байдаг. Харин тэрхүү бүтээсэн зүйлсийг нь экстравертүүд бусдад таниулсан тохиолдол олон. Тэгвэл энэ интроверт хүмүүсийнхээ дотор байгаа зүйлсийг ухаж гаргаж ирье. Орон зай нь байхгүй байгааг анзаарсан болохоор залуу хүнийхээ хувьд бусдадаа боломж олгох үүднээс энэ бизнес биелэлээ олсон байх. Би өөрөө ч багаасаа гарч тоглохын оронд гэртээ дуртай киногоо үзээд суух сонирхолтой интроверт талруугаа хүн байхгүй юу. Тиймдээ ч “Be Quite” гэдэг ном уншаад интроверт хүмүүс экстравертуудаа даган дууриах хандлага нийгэмд байгааг ойлгосон. Иймд интроверт хүмүүсээ битгий өөрийгөө өөрчлөхийг оролдооч, орон зай нь дутагдаад байвал энд хүрээд ирээ гэж хэлмээр байна /инээв/.

-Оффист үйлчлүүлэхэд ямар нэг дүрэм бий юу?

-Хамгийн гол дүрэм бол бусаддаа саад болохгүй байх хэрэгтэй. Мөн орж ирээд фейсбүүк ухаад суух ч юмуу үр бүтээлгүй байхыг зөвшөөрөхгүй. Учир нь төслөө бариад дипломоо хийх ёстой олон хүн хүлээж байгаа шүүдээ.

Зургийн тайлбар: Ганц хүний оффисын дүрэм нь бусдад саад болохгүй мөн үр бүтээлтэй ажиллах. 

- ЕРӨӨСӨӨ МАРКЕТИНГ ХИЙГЭЭГҮЙ -

-Хүмүүс ихэвчлэн ямар хэлбэрээр түрээсэлж байгаа вэ? Жилээр түрээсэлсэн хүн байгаа юу?

-Одоохондоо жил сараар түрээслэх бодолгүй байна. Аль болох олон хүн оруулахгүй бол ард нь үлдэж байгаа хүмүүст боломж олдохгүй. Иймд ихэвчлэн цагаар түрээслүүлж байна. Хүмүүс өдрөөр түрээслэх сонирхолтой байгаа учир тал өрөөгөө өдрөөр, үлдсэнийг нь цагаар гэх мэт зохицуулдаг. Эхний ээлжинд олон хүнд сонирхуулж байгаад яваандаа олон өрөөтэй болгохоор зорьж байна.

-Маркетингаа яаж хийсэн бэ?

-Маркетинг ерөөсөө хийгээгүй. Нээгдэх өдрийн өмнө цахим хуудастаа нэг хүний оффис санал болгож байна гэсэн тайлбартайгаар зургаа хийсэн нь хүмүүст их хүрсэн. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн дандаа л улс төрчид эсвэл нийгмийн хар бараан зүйлсийг сурвалжилдаг гэж бодож байтал манайхыг ирээд сурвалжлаад яриа авья гээд ирэхэд миний зүгээс баяртай байсан. Нэлээд үнэлэмж өссөн гэхүүдээ.

-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл бий юу?

-“Solo Space”-ийг зөвхөн өрөө гэж харах учир дутагдалтай. Бидэнд цаашаа бодсон олон зүйлс бий. Ирээдүйд олон төрлийн үйл ажиллагаа явуулж болохуйц орон зайг бүрдүүлнэ. Зөвхөн төвлөрч суухаас илүү экстраверт хүмүүст чиглэсэн олуулаа сууж болох орон зайг гаргана гэж боддог. Залуустаа хандаж хэлэхэд биднийг хүлээж байгаарай /инээв/.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

 

С.Хонгорзул

Ц.Элбэгдорж: Ван И-гийн айлчлалаас монголчууд дараах зүйлсийг хүлээж байна
Ц.Элбэгдорж: Ван И-гийн айлчлалаас монголчууд дараах зүйлсийг хүлээж байна
 
Улаанбаатарт маргааш хур тунадас орохгүй
Улаанбаатарт маргааш хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.