Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль 1990 оны долоодугаар сард болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан билээ. Энэхүү Ардын Их Хурал “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлан гаргаж, уг хуулийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Ийнхүү 1990 оны 9 дүгээр сарын 13-нд Улсын Бага Хурлын анхдугаар чуулган үйл ажиллагаагаа эхэлснээр манай оронд байнгын ажиллагаатай Парламент хэмээх төрийн байгууллын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтсон. Өчигдөр 30 жилийн ой тохиов.
Парламент гэдэг нь “ярих, хэлэлцэх” гэсэн утгатай англи үг /parliament/ бөгөөд хууль тогтоох-төлөөлөгчдийн дээд байгууллагыг илэрхийлж ойлгодог дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хэвшсэн нэр томъёо. Энэ бол ард иргэд өөрсдийгөө төлөөлөн эрх ашгаа даатгаж сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага бөгөөд бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм.
Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж бий болсон нь гэнэтийн санамсаргүй тохиолдол байгаагүй бөгөөд харин улс орны түүхэн хөгжлийн зүй ёсны үр дүн, шинэ үе шат болжээ. Монгол орон ардчилалд шилжих үндсэн тохиролцоог 1990 оны 5 дугаар сард баталсан олон намуудын зөвшилцлийн Протокол хэмээх улс төрийн баримт бичгээр анхлан бэхжүүлж, улмаар Ардын Их Хурлаас баталсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” нэртэй шилжилтийн хуулиар тунхагласан байна. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурлыг анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий чөлөөт сонгуулиар шинэчлэн сонгохын хамт Үндсэн хуулийн дагуу бүртгэгдсэн намуудын нэрээр ард нийтийн санал хураалт явуулж, анхны байнгын ажиллагаатай парламентыг ардчилсан зарчмаар байгуулах улс төр, эрх зүйн урьдач нөхцөлийг бүрдүүлжээ.
Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсан нь Улсын Бага Хурлын гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын Монгол Улсын түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмэр юм. Улсын Бага Хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан хэлэлцэж, оюун бодлоо уралдуулан мэтгэлцэн, шүүн тунгааж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхтэй.
Шинэ Үндсэн хуулиар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж, парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоож, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлон “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан билээ. Энэхүү зарчмын үндсэн дээр Монгол Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ төрийн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх бүхий субъектүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгуулалтын бүхий л асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж иржээ.
Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойшхи өнгөрсөн 28 жилийн хугацаанд 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 онд нийт 8 удаа парламентын сонгууль болж, төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурлыг байгуулаад байна.
Анхдугаар сонгууль: 1992-1996 оны парламент
Хоёр дахь парламент
Гурав дахь парламент
Дөрөв дэх парламент
Тав дахь парламент
Зургаа дахь парламент