Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хоёр блокыг нь нураана гэх “АВЛИГА ХОРООЛОЛ”-ын барилга аравдугаар сард ашиглалтад орох нь...

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 44 секунд

Өнгөрсөн 2023 оны зун нийслэл хотод өмнөх жилүүдийнхээс их хэмжээний бороо орж, үер буусан. Үер буусан шалтгаануудын нэг нь Сэлбэ голын голдиролыг хааж барьсан гэх АВЛИГА ХОРООЛОЛ буюу “Акуа Гарден” билээ. Хотын өмнөх болон одоогийн удирдлагууд тус хорооллын барилгыг нураах асуудлыг ярьж ирсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй, барилгын ажил нь үргэлжилж байгаа юм. Тэгвэл бид энэхүү асуудлын шийдвэрлэлт хэрхэн өрнөж байгааг нэхэн сурвалжиллаа.

Биднийг “Акуа Гарден”-ийн талбайд очиход, барилгын ажил нь эд өрнөж, гадна фасадын ажил үргэлжилж байлаа. Нөхцөл байдлыг ажиглабал, үүдэнд нь хоёр хамгаалагч зогсох бөгөөд барилгын талбай руу орж гарах автомашинд хаалгаа нээж хааж зогсоно. Тэднээс тодруулбал “Бид шинээр ажилд орсон учраас сайн мэдэхгүй. Барилгын ажил үргэлжилж байгаа. Барилга нураах талаар ямар нэг мэдэгдэх хуудас ирээгүй” гэв.

АКУА ГАРДЕН: Барилгын ажил асуудалгүй үргэлжилж байна. 10 дугаар сард ашиглалтад орно

“Акуа Гарден” хорооллын Борлуулалтын албанаас захиалга авч байгаа эсэхийг утсаар тодруулахад “Захиалга хэвийн авч байгаа. Барилгын ажил ямар ч асуудалгүй үргэлжилж байгаа. Ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Нийт дөрвөн блок барилга баригдаж байна. М.КВ нь давхраасаа хамаараад 4.9 сая төгрөгөөс эхэлнэ” гэх тайлбарыг өгөв.

-Хэрвээ ашиглалтад орсны дараа шүүхийн шийдвэрээр нийслэлээс танай барилгыг нураавал захиалагчдын хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Энэ тал дээр асуудалгүй ээ. Гэрээнд тусгасан заалтаараа л явна. Бидний бодлоор хотоос барилгыг буулгана гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл бид хууль зөрчөөгүй учраас энэ асуудлыг шийдэх ёстой газар нь л шийдэх байх.

П.Сайнзориг: Шүүхийн шийдвэр гарвал голын голдиролыг хааж барьсан хоёр блок барилгыг нураана

Бид үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоос тодруулахад “Акуа Гарденийг нураах асуудал шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд голын голдиролыг хааж барьсан хоёр блок барилгыг нураана" гэлээ.

-Хэрэв барилгыг нураасан тохиолдолд захиалга өгсөн иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Захиалагчдынхаа хохирлыг яаж барагдуулах нь тухайн компанийн асуудал. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж иргэдийн итгэлийг олж авсан бол компани хариуцна гэсэн үг. Аливаа бизнес хуулийн дагуу явагдах ёстой. Үүнийг мэдсээр байж, голын голдирол дотор барилга барьчхаад, захиалга авч байна гэдэг нь магадгүй, иргэдийг төөрөгдүүлж, залилан мэхлэх шинжтэй гэмт хэргийн шинжтэй байхыг ч үгүйсгэхгүй. Энэ асуудлыг мэдээж, хууль шүүхийн байгууллага эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс иргэд олон нийт зөв мэдээлэлтэй байх ёстой.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг дээрх хариултыг өгсөн бол бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Хуульч Ө.Эрдэнэ-Очироос байр суурийг нь тодруулсан юм. Тэрбээр,

Ө.Эрдэнэ-Очир: Хотын удирдлагууд өөрсдөө усан паркын газрыг орон сууцын зориулалтаар олгосон

“Уг нь нийслэлийн удирдлагууд хохирол үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж байсан. Анх шүүхээс гарсан 2021 оны А/17 захирамжийг гуйвуулж гаргасан шийдвэр шүү дээ. Өөрсдөө усан паркын газрыг орон сууцын зориулалтаар олгосон.

Энэ зөрчлөө арилгаач ээ гээд бид 2022 онд буюу дөнгөж барилга босож ирэх үед “Нийтийн эрх ашиг зөрчигдөхөөр байна. Үерийн хамгаалалтын бүсэд барилга баригдаад байна шүү дээ” гэх шаардлагыг нийслэлд хүргүүлж байсан.

Гэвч тухайн үеийн Хотын дарга Д.Сумъяабазар хүлээж аваагүй. Тиймээс бид шүүхэд хандсан. Улмаар шүүхийн процесс үргэлжилж байхад, барилга нь баригдсаар үер, усны аюултай золгож байгаа юм. Мөн нийслэлд “Бие даасан шийдвэр гаргаж болохгүй шүү. Нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр захиргааны шүүхэд гомдол байгаа учраас бидний нэхэмжлэлийг зөвшөөрчих” гэсэн шаардлагыг ч илэрхийлсэн. Хэрвээ тэгвэл дахиж шүүхийн процесс болохгүй, барилгын ажил ч үргэлжлэхгүй. Өөрөөр хэлбэл, 2023 оны наймдугаар сард энэ асуудал дуусах байсан.

Гэтэл эсрэгээрээ нийслэлийн удирдлагууд бие даасан шийдвэр гаргаснаас болж, шүүхийн шатанд маргаан үргэлжилсэн.

Бас компани буруутай юу, нийслэлийн Засаг дарга буруутай юу гэх асуудал үүсэж байгаа юм. Яагаад гэвэл нэг нь зөвшөөрөл хүсээд авч байна, нөгөөх нь хууль зөрчөөд зөвшөөрөл өгч байна. Аль аль нь буруутай буюу шүүхийн журмаар шийдэгдэх асуудал болж байгаа юм. Захиалга өгсөн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ гэхээр төрөөс өгсөн зөвшөөрлийг үндэслэж, төр барагдуулах ёстой гэж үзэж байна” гэсэн юм.

ХОМ: БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн үл хөдлөх хөрөнгө 4.4 тэрбум болж өсөж, нийт үл хөдлөх нь 15.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна
ХОМ: БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн үл хөдлөх хөрөнгө 4.4 тэрбум болж өсөж, нийт үл хөдлөх нь 15.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.