Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОГНОЗ: Налайх, Багануур, Багахангайн бүсэд Д.Амарбаясгалан очиж, ХҮН нам бүх бүсэд хүмүүсээ сойж, АН-ын горилогчид хойшоо сууцгааж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 59 секунд

УИХ-ын ээлжит сонгуульд нам эвслүүд нэр дэвших хүмүүсээ энэ өдрүүдэд тодруулахаар бэлтгэж байна. Хуулийн дагуу ирэх долоо хоногийн Даваа гараг буюу тавдугаар сарын 20-ны дотор СЕХ-нд нэрсээ хүргүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд хэн дэвшиж, хэн дэвшихгүй байх вэ гэсэн асуулт дор олон хүний шандсыг сорьж байна. Ардын намын хувьд гол дөрвөн дарга нар нь квотынхоо дагуу шинэ хүмүүсээ оруулж ирэхээр ярилцаж буй бөгөөд одоогийн байдлаар багагүй хувийнх нь нэр дэвших эрх нь баталгаажсан гэх мэдээлэл байна. Харин Ардчилсан намын хувьд тойргуудад нэр дэвших хүмүүсээ өнөөдрийн байдлаар хараахан эцэслэж чадахгүй байгаа бөгөөд хүчтэй өрсөлдөгчидтэй халз тулахаас зарим нэр дэвшигчид нь хойш суух хандлага байгаа гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийн зардал, тойрог томорсон явдал зэрэг нь нэр дэвшигчдийг тодорхойгүй байдалд орох гол нөхцөл шалтгаан болжээ.

Харин ХҮН намын хувьд амласан ёсоор 50:50 гэх бодлогоо баримталж буй. Мөн нэр дэвших хүмүүс нь ерөнхийдөө нам дотроо дараах байдлаар тодорсон гэх мэдээлэл байна. ХҮН намын онцлог нь бүх тойрогт, мандат тус бүрд нь хүмүүсээ сойх бөгөөд салбар, салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, докторын зэрэгтэй хүмүүс нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа нь тойрогт горилогчдоос нь харагдаж байна.

Доорх прогнозоос хамгийн сонирхолтой хэд хэдэн зүйл байгаагийн нэг нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймаг багтаж буй баруун бүсэд биш Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшиж магадгүй байгаа явдал. Мөн ХҮН намын дарга Т.Доржханд, АН-ын дарга Лу.Гантөмөр нар тойрогт биш жагсаалтад орох магадлалтай байна. Харин МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд тойрогт явах магадлал өндөр байна.

Ингээд бүс тус бүрээр нь гаргасан нэр дэвших магадлалтай прогнозтой танилцана уу. Сануулахад, эдгээр нэрс бол одоогийн байдлаар эх сурвалжийн түвшинд яригдаж буй бөгөөд сонгуулийн нэр дэвшүүлэлтийн үйл явц хараахан дуусаагүй байгаа тул энэ хугацаанд тодорхой өөрчлөлтүүд орох боломжтой юм.

БҮС - 1

Нэгдүгээр бүсийн хувьд нийт 9 мандаттай. Ардын намаас энэ бүсийг УИХ-ын дарга Г.Занданшатар ахалж орох бөгөөд бүсийн менежерээр нь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн оролцоно. Тэрбээр өнгөрсөн хугацаанд бүлгийн даргаар тасралтгүй долоо орчим жил ажилласан. Л.Оюун-Эрдэнийн засагт сайдын албан тушаал аваагүй. Мөн жагсаалтыг ахлахуйц нэр цэвэр байгаа хүн хэрэгтэй тул МАН-ынхан жагсаалтаа Д.Тогтохсүрэнгээр тэргүүлүүлэх аж. Энэ тойрогт МАН-аас хоёр шинэ хүн байгаа нь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн, нөгөөх нь Ерөнхийлөгчийн квотоор орж ирж буй зөвлөх Б.Даваадалай юм. АН-ын хувьд энэ тойрогт Ерөнхийлөгч асан Х.Баттулга менежерээр нь ажиллана. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнтэй хамгийн сайн ойлголцож чадсан хүмүүс л нэр дэвших магадлалтай байгаа гэнэ. Одоогоор Баянхонгороос түүний хүмүүс нэр дэвшихээр бүрэн жагссан бөгөөд авлигын хэрэгт шалгагдаж, хэрэг нь прокурор дээр байгаа А.Адъяасүрэн хүртэл нэр дэвших эрхээ авсан гэх мэдээлэл байна. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн хугацаанд Х.Баттулгатайгаа тааламжгүй харилцаатай болсон Д.Ганбат гишүүд энэ тойрогт зай олдохгүй байгаа юм. Тэрбээр, жагсаалтыг багагүй хэмжээнд сонирхож, Х.Баттулгаас "зугтаж" яваа аж. ХҮН намын хувьд 9 кандидат нэр дэвшүүлсэн. Тэдгээрийг нарийн бичгийн дарга О.Билгүүн тэргүүлэх бололтой. Энэ тойрогт өөр сонирхолтой нэг дүр байгаа нь Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар юм.

UBN.MN

БҮС 2

Нэр дэвшихээр горилж буй хүмүүс нь харьцангуй тодорхой байгаа бүс гэхэд болно. Энд нэгэн сонирхолтой үйл явдал өрнөж магадгүй байгаа нь Говь-Алтай аймгаас ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэр дэвшихгүй байх магадлалтай байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын хувьд харьцангуй нэр дэвших хүмүүс нь ойлгомжтой байгаа бөгөөд АН-ын хувьд зарим горилогчид нь санхүүгийн байдлаасаа хамаарч хойш суух хандлага ажиглагдаж байгаа гэх мэдээлэл байна.

UBN.MN

БҮС 3

Үндсэн хуулийн цэцэд бүсчилсэн тойргоос Баян-Өлгий аймгийг хассан тухай гомдлын шийдэл одоо болтол гараагүй байна. Гэвч бүсчилсэн тойрог энэ хэвээрээ орох нь бараг ойлгомжтой боллоо гэхэд болохоор байна. Энэ тойрогт Ардын намаас нэгэн шинэ хүн орж ирж буй нь Х.Жангавыл. "Рысжан" гэх шатахууны компанийн захирал тэрбээр саяхан МАН-д орсон нэгэн аж. Харин Ардчилсан намаас хуучин аймгийн Засаг дарга байсан Х.Дармен болон гишүүн асан Д.Мурат нар нэг мандат дээр нь хүчтэй өрсөлдөж буй гэнэ. Д.Муратын хувьд 2012-2016 онд гишүүнээр ажилласан бөгөөд ёс бус үйлдэл гаргасан тул эгүүлэн татуулах асуудал хүртэл яригдаж байсан нэгэн юм.

Харин аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржанд МАН-аас нь квот олдоогүй тул бие дааж нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл байна. ХҮН намын хувьд Б.Мухит, С.Айнагүл, М.Жанибек гэсэн гурван горилогч нь тодорхой болжээ.

БҮС 4

Энэ бүс дээр АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших бөгөөд бүсээ ахалж байгаа нь сөрөг хүчний хувьд сайн мэдээ юм. Хөвсгөлөөс орж ирэх нэг мандатын нэр нь одоогоор арай тодорхой болоогүй байгаа аж. Дээр нь АН-аас С.Ганбаатар нэр дэвших юм. МАН-ын хувьд уг нь Ц.Даваасүрэнг хойш нь суулгах бодол байгаа ч сонгуулийн дүнд нэг суудал ч гэсэн үнэтэй тул арга буюу түүнийг дахин явуулах байх гэсэн таамаг байна. Харин экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын квотоор ТВ9 телевизийн ТУЗ-ийн дарга асан, Соёлын яамны дэд сайд П.Баттөр болон Ерөнхийлөгчийн талаас Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай орж ирэх гэнэ.

БҮС 5

200 мянга гаруй сонгогчтой эл бүсэд МАН-аас хэд хэдэн шинэ хүмүүс орж ирж байна. Тухайлбал, энэ сонгуульд Ерөнхийлөгчийн квотоор түүний зөвлөхүүд өрсөлдөж буйгийн нэг нь С.Лүндэг. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ойрын хүн гэгддэг Боомтын сайд Б.Тулга нэр дэвших юм байна. Харин АН-аас энэ бүсэд хоёр ч квот сул байгаа буюу нэр дэвших хүн нь тодорхойгүй. Харин ХҮН намаас горилогчид бүгд шинэ хүмүүс байгаа аж.

Ubn.mn

БҮС 6

Нам доторх дарга нарыг жагсаалт руу чиглүүлэхгүй байхын тулд Ерөнхий сайд өмнө нь хэлж байснаараа бүсээ ахлаад сонгуульд орох магадлал багагүй өндөр байна. Энэ бүсээс дэд сайд Д.Солонгоо эсвэл Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэн хоёрын нэг нь квот авах магадлалтай байгаа аж. Ардын намаас Х.Алтай, М.Ганхүлэг зэрэг шинэ кандидатууд орж ирэх гэнэ. Харин АН-ын хувьд Н.Ганибал, Ж.Батсуурь хоёроос бусад нь бүгд шинэ хүмүүс байгаа ажээ.

БҮС 7

Энэ бүс дээр Ерөнхийлөгчийн квотоор Ө.Золбаяр нэр дэвших нь хамгийн ойлгомжтой байгаа аж. Мөн дэд сайд Б.Уянга, гишүүн асан Л.Энхболд, Ерөнхий аудитор асан Д.Занданбат гэх зэрэг сонирхолтой нэр орж ирж байна. АН-ын хувьд өрсөлдөөн ширүүхэн байгаа бөгөөд МАН-ынхан өнгөрсөн хугацаанд Өмнөговийн АН-ыг тогтворгүй байдалд хүргэсэн тул Р.Сэддорж тэргүүтэй хүмүүс нэр дэвших эсэх нь одоо болтол баталгаажаагүй байна. Өөр нэг сонирхолтой дүр орж ирсэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг энэ тойрогт сойх гэж буй явдал юм.

UBN.MN

БҮС 8

Баянзүрх дүүргийн Ардын намаас нэг орон зай гарсан дээр нь дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх орж ирэх аж. Энэ тойрогт АН-аас Ж.Батзандан дахин орж ирж байгаа нь сонирхолтой үйл явдал юм. Эдгээрээс гадна нийслэлд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх ХҮН нам энэ тойрогт нэлээд анхаарал хандуулж буй бололтой. П.Наранбаяр, Д.Гантулга, Э.Золзаяа тэргүүтэй хүмүүсээ илгээх гэнэ.

UBN.MN

БҮС 9

Энэ бүсийн хувьд МАН-аас Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар дахин нэр дэвшинэ. Харин гурав дахь мандат дээр нь Ж.Ганбаатарын талаас Ө.Сумъяабаатарыг, Х.Ганхуягийн талаас ИТХ-ийн дарга М.Сэмжидмааг дэвшүүлэх сонирхолтой байгаа аж. Ө.Сумъяабаатарын хувьд өнгөрсөн хугацаанд ажлаасаа хүртэл чөлөөлөгдөж байсан нэгэн юм. Түүнээс гадна эмэгтэй квот гэдэг агуулгаараа М.Сэмжидмаа нь дэмжигдэх магадлал өндөр байна. АН-аас С.Эрдэнэ жагсаалтад орох төлөвлөгөөтэй байгаа ч түүнийг тойрогт явуулахаар шахах гэнэ. Тиймээс Баянголыг С.Эрдэнэ удирдаж орох бөгөөд түүнтэй хамт НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нэр дэвшинэ. Харин нөгөө квот нь тодорхойгүй бөгөөд П.Галиндав байх магадлалтай. Гэвч С.Эрдэнэтэй хэр зохицох вэ гэдэг нь асуултын тэмдэг хэвээр байна. Тэрбээр магадгүй, дэд даргын квотоор жагсаалтад орж болох юм. Мөн Ардчилсан хүчний холбооны Гүйцэтгэх захирал Б.Баттулга нэр дэвшинэ. ХҮН намын хувьд Ж.Золжаргал, Ш.Энхтуул, Т.Золбоот гэсэн гурван мэргэжилтэн кандидатаа сойх аж.

БҮС 10

Ардын намаас дээрх зургаан мандат дээр М.Оюунчимэг, Н.Батсүмбэрэл, Э.Номинчимэг, О.Батнайрамдал, Б.Дөлгөөн, Н.Учрал тэргүүтэй зургаан кандидатыг явуулах магадлал өндөр байна. Энэ бүсийн горилогчид олон бөгөөд судалгаа болон намын дарга нарынх нь квотыг харахад дээрх хувилбар хамгийн бодитой байж болзошгүй. АН-ын хувьд Сүхбаатараас нэр дэвших хүмүүс нь харьцангуй ойлгомжтой. Харин Чингэлтэйгээс хэн явах нь бага зэрэг тодорхойгүй байна. Ямар ч байсан И.Мөнхжаргал, Б.Хурц, Ц.Баатархүү нар бусдаасаа илүү магадлалтай байгаа аж.

UBN.MN

БҮС 11

Нийслэлийн Ардын намын хороонд ойрын өдрүүдэд томоохон хөдөлгөөн болох магадлалтай байгаа бөгөөд үүнээс хамаарч нэр дэвшигчдийн нэрс эцэслэн тодорхой болно. Одоогоор дээрх таван хүн дэвших магадлал хамгийн өндөр байна. АН-ын хувьд хоёр кандидат нь хараахан тодорхойгүй байгаа бөгөөд ХҮН намын зүгээс зургаан нэр дэвшигчээ дараах байдлаар тодруулжээ. Энэ бүсийн шинэ зүйл нь Ч.Номин сайд Хан-Уулд биш Сонгинохайрханд явах нь бараг тодорхой болж буй явдал юм.

UBN.MN

БҮС 12

Нэр дэвших магадлалтай хүмүүсийг нь харахад энэ бүсэд ХҮН нам багагүй анхаарал хандуулж буй бололтой. МАН-ын хувьд өрсөлдөөн их байгаа ч Т.Мөнхсайхан, Ж.Алдаржавхлан нар дэвших нь ойлгомжтой байгаа гэнэ. Харин нэг мандат дээр нь дэд сайд Ж.Эрхэмбаатар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нараас сонгох гэнэ. АН-ын хувьд О.Тэнүүн, н.Ариунболд, Э.Тамир нар дэвших бололтой. Тэдгээрээс гадна гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн намаасаа дэвших бөгөөд тэмцэгч Б.Жагар САИН намаасаа дэвших хүсэлтээ өгчээ.

UBN.MN

БҮС 13

Таамаг ёсоор энэ бүсээс С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар дэвшинэ гэдэг мэдээлэл байсан. Гэвч ойрын өдрүүдэд ЗГХЭГ-ын дарга, генсек Д.Амарбаясгалан энэ тойрогт Ц.Сандаг-Очирын оронд ирэх магадлалтай гэх яриа гарах боллоо. Учир нь том сонгуульд тэрбээр дахин намаа удирдаж орох учиртай. Өнгөрсөн 2016 оноос хойшоо түүнийг намаа томоохон сонгуулиудад намаа ялуулсан гол хүн. Тактикийн тоглогч гэж намынхан нь ярьдаг. Өөрөөр хэлбэл, намын сонгуулиа удирдах хүн алс баруун бүс рүү гараад явчихвал энд хийх ёстой ажил нь яах вэ гэдэг асуудал гарах тул горилж байсан тойргоо өөрчлөх бололтой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт хоттой ойр. Уулзалт хийх, тойрогтоо ажиллахад амар бөгөөд эргээд хотын штабынхаа ажилтай зууралдахад харьцангуй хялбар бөгөөд ойрхон.

Хоёрт, С.Амарсайханы тойрогт тул энэ хоёрт ямар нэгэн асуудал үүсэхгүй. Тиймээс нэр дэвшүүлэлтийн өдөр ийм өөрчлөлт орох магадлал өндөр байна. Нөгөө талаар хүчтэй өрсөлдөгчдийн нэрс сонсогдох болсон тул АН-аас нэр дэвших хүмүүс өнөөдрийг хүртэл нарийн тодорхой болоогүй ч Багануур дүүргийн АН-ын даргаар ажилладаг Г.Цамбагарав нэр дэвших таамаг байна. Мөн Налайх дүүргийн дүүргийн намын дарга Д.Алтанхуяг дэвших байх гэсэн хүлээлттэй байна. Харин ХҮН намаас Б.Энхмаа, Д.Гантулга нар дэвших гэнэ.

БАЙНГЫН ХОРОО: МҮХАҮТ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: МҮХАҮТ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.