Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүгээ 12 хувь байсныг 11 хувь болгож нэг нэгж хувиар бууруулах шийдвэр гаргасан билээ.
Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд саяхан батлагдсан Баялгийн сангийн хуульд заасан Хуримтлалын санд татан төвлөрүүлээд буй 500 тэрбум төгрөгийг эхний ээлжид ипотекийн зээл олголт руу оруулах бодлогыг Засгийн газраас баримталж байгаа юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан ипотекийн зээлийн эрэлт болоод зах зээл дээрх орон сууцны нийлүүлэлттэй холбоотой асуудалд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлэл өглөө. Ингэхдээ тэрбээр "Барилгын салбарын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг тооцохдоо тус салбарт орж байгаа хөрөнгө оруулалтын 50-60 хувь нь импортын орцод зарцуулагдана гэж үздэг. Ингээд тооцохоор 500 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гэдэг бол 60 хувиар бодоход 300 тэрбумын импортын эргэлтэд, цаана нь 80-90 сая ам.долларын импортын асуудал яригдаж байна гэсэн үг.
Нөгөө талд барилгын салбарт байгаа эрэлтийг харахад их хэмжээний хүлээгдэл үүсчихсэн байна. Олон иргэд өргөдлөө өгөөд зээл хүсэж байгаа ч санхүүжилтийн хэмжээнээс болоод хүртээмжгүй байгаа тохиолдол гарч буй. Мөн их хэмжээний эрэлтийг бий болгоод байгаа нэг шалтгаан нь зээлийн хүү байна. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа аливаа нэг хөнгөлөлттэй зээл хөтөлбөр нь 3-6 хувийн хүүтэй буюу зах зээлээс хэт бага хүүг зарлаад байхаар тэр хэмжээгээр эрэлт бий болох дарамтууд бий" гэв.