Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Болдсайхан: Хараагүй хүмүүст ч давуу талууд бий

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 55 секунд

Саглагар моддын сүүдэрт хучигдсан хоёр давхар шар байшингийн үүдээр ороход хаа нэгтээгээс дуулдах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дуу содон сонсогдоно. Тэр дуу гарсан өрөө рүү ороход “Мазаалай” гэх бичигтэй наран шар өнгийн цамц өмссөн ажилчид үйлдвэрийн шат дамжлагуудад өөрт ноогдсон ажлаа хичээнгүйлэн хийж байлаа. Хоёр давхарын нэг талдаа олон таримал цэцэг байршуулсан өрөөнд зарим ажилчид ариун цэврийн цаасыг нямбайлан нэг нэгээр савлана. Энэ бол Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийнхны шинэхэн үйлдвэрлэл болох “Мазаалай” ариун цэврийн цаасны үйлдвэр, түүний шат дамжлага байв. 

-БОРЛУУЛАЛТЫН  ЗАХ ЗЭЭЛ ТААРУУ БАЙГААГААС ОДООГИЙН БАЙДЛААР ХҮЧИН ЧАДЛЫНХАА 10 ХУВЬД Л ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА -

“Мазаалай”-г 1, 4, 8 ширхгээр нь ууталж, савладаг бөгөөд бүтээгдэхүүний нэг бүрийнх нь жин 140-145 грамм. Тус үйлдвэрийн хүчин чадлын тухайд, сард 350 мянган ширхэг ариун цэврийн цаас үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой аж. Борлуулалтын  зах зээл тааруу байгаагаас одоогийн байдлаар хүчин чадлынхаа 10 хувьд л үйл ажиллагаа явуулж байгаа гэв.

Сэтгэл хангалуун ажиллах үйлдвэрийн ажилчдын нэг Ганбаатарын Тогтохбаатар 21 хоногийн мэргэшүүлэх сургалтанд хамрагдаснаас хойш тус үйлдвэрт зургаан жил ажиллаж байгаа гэнэ. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг түүнд халамжийн мөнгөнөөс гадна ажил хийж хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх нь амьдралд нэмэртэй. Мөн жаргал, зовлонгоо хуваалцах хамт олонтой байх сайхан байдаг гэв.

-ХАМГИЙН САЙН ЧАНАРЫН ДӨРВӨН ДАВХАР, БАЙГАЛИЙН МОДНООС ГАРГАЖ АВСАН ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН-

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх, орлоготой байх нөхцөл боломжийг нээж байгаа нь сайн ч бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах, эрэлтийг нэмэгдүүлэх, үнэлгээг тогтворжуулах бодлогын талаар болон шинэхэн гарсан “Мазаалай” нэрийн бүтээгдэхүүний талаар “Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын төв”-ийн захирал З.Болдсайхантай ярилцлаа.

Тэрбээр, “Манай байгууллага хараагүй хүмүүсийг ажлын байраар хангах, тэдний нэгдсэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 1964 оноос хойш өдийг хүртэл ажиллаж байна. 1990 оноос өмнө гурил, будаа, элсэн чихэр хийдэг байсан 1,2 килограммын бор болоод өнгөгүй гялгар уутнуудыг улсын хэмжээнд нийлүүлдэг ганц үйлдвэр нь байсан.

Зах зээлд шилжсэнээс хойш манай үйлдвэр төрөл бүрийн зүйл хийсээр ирсэн. Одоогийн байдлаар монгол гэр, цаасан сав баглаа боодол, ажлын бээлий хувцас, ариун цэврийн цаас зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна. Ариун цэврийн цаасыг бид 2019 оны сүүлээр хийж эхэлсэн. Нийт 26 ажилтантай.

Цаасны гол, цаас, сав баглаа боодлыг бүгдийг нь БНХАУ-аас авч байна. Түүхий эдээ монголоос авах боломжийг судалж байгаа. Бүтээгдэхүүнийхээ зардлыг бууруулахын тулд л урд хөршөөс түүхий эдээ авч байна. “Мазаалай” цаас дахин боловсруулсан цаас биш. Хамгийн сайн чанарын дөрвөн давхар, байгалийн модноос гаргаж авсан эко бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах хэтийн зорилго бий. Тэр үед дахин боловсруулсан цаас хэрэглэх шаардлага гарах байх.

Манайх ямар нэгэн шинэ үйлдвэр нээх, тоног төхөөрөмж оруулж ирэхэд хараагүй хүмүүсийн ажлын байранд зориулсан татвараас чөлөөлөх заалт байдаггүй. Энэ асуудал бидэнд шинэ үйлдвэрлэл эрхлэхэд ихээхэн хүндрэл учруулдаг.

Монгол улсын хэмжээнд хараагүй хүмүүсийн боловсрол нэлээн хүнд. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх МСҮТ-д бариа засал, гар урлал, компьютер зэрэг 6-7 мэргэжлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлж байна.

- ОДОО МАНАЙ ҮЙЛДВЭРИЙН БҮХ ХАРААГҮЙ АЖИЛЧИД ОРОН СУУЦАНД АМЬДАРДАГ-

Харааны бэрхшээлтэй иргэдийн тухайд аль ч түвшний боловсрол эзэмшихийн тулд тусгай орчин, нөхцөл шаарддаг. Нэмэлт тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, багш нарын ур чадвар гээд маш олон зүйл чухал нөлөөтэй. Энгийн болон бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамт сурахад хүндрэлтэй.

Хараагүй хүмүүст ч давуу талууд бий. Хамгийн гол нь ажил мэргэжилдээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Энэ хүмүүсийг ажилтай байлгах хэрэгтэй боловч нийгмийн асуудал их чухал байсан. 2017 онд Баянгол дүүрэгт 90 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Одоо манай үйлдвэрийн бүх хараагүй ажилчид орон сууцанд амьдардаг.

Хараагүй  хүмүүст тохирох шинэ ажлын байрууд байна уу? гэдгийг нэлээд судалж байна. Ярьдаг програмын тусламжтайгаар компьютерийг маш сайн эзэмшиж байгаа. Нийгмийн даатгалын төв газарт оператороор хоёр хараагүй хүн ажиллаж байна. Өмнө нь хийж чаддагүй байсан зүйлсээ хийж чадах боломжууд бий болж байгаа. Бид хөгжих л хэрэгтэй. Хараагүй хүмүүсийн хувьд аль болох өндөр боловсрол эзэмших тусам амьдралын чанар сайжирна.

Ажил олгогчдын хувьд сүүлийн хэдэн жил арай гайгүй болж байна. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахаас цэрвэх хандлагатай хэцүү байлаа. Хараагүй хүмүүс ажилд орвол тэндээ тогтвор суурьшилтай байхын төлөө маш их хичээл зүтгэл гаргаж ажилладаг.

“Мазаалай” ариун цэврийн цаасны борлуулалтын нэг хувийг Мазаалай сан”-д хандивлана. Нэг талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах зорилготой, нөгөө талаар дэлхийд нэн ховор төрөл зүйлийн хэдхэн ширхэг үлдсэн говийн байвгайг аврахын тулд бид өөрсдөө хөдөлмөр эрхлээд ажил хийгээд амьдралаа авч явж байгаа тодорхой хэмжээнд бидэнд бас нийгмийн хариуцлага байх ёстой гэж үзээд Мазаалай баавгайг хамгаалахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилготой хэмээсэн юм.

Д. Цэрэнчимэг

 

 

Булган аймгийн Гурванбулаг суманд бэлчээрийн нөхөн сэргээлтийн туршилт явуулж байна
Булган аймгийн Гурванбулаг суманд бэлчээрийн нөхөн сэргээлтийн туршилт явуулж байна
 
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Айлын хот руу чоно сүрэглэн дайрсны улмаас 80 мал үхэж, 23 бог мал шархаджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.