Чингэлтэй дүүргийнхэн ухаалаг самбар, хяналтын камер, ариун цэврийн өрөөтэй автобусны буудалтай болжээ. Тодруулж хэлбэл, Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хороонд 2 битүү, 17 задгай нийт 19 автобусны буудал өчигдөр ашиглалтад оров. Манай сурвалжлах баг Монголдоо анхдагч гэж хэлж болохоор жишиг автобусны буудлуудыг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийг зорилоо. Энэхүү автобусны буудлыг НЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран 100 хувийн буцалтгүй тусламжаар хийжээ.
Биднийг очиход шинэ автобусны буудлууд тэр дундаа дотроо ариун цэврийн өрөөтэй битүү автобусны буудал нь хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Нийслэл хотод урьд хожид харагдаж байгаагүй тансаг зэрэглэлийн гэж хэлж болохоор автобусны буудлууд үүдээ нээсэн тул сонжиж, сонирхох хүн олон байв. Иргэд тав тухтай тохилог автобусны буудлыг хараад баярлахаасаа илүүтэй санаа зовних нь их байлаа. Учир нь цугласан иргэдийн дунд "Ингээд эзэнгүй орхиж хэрхэвч болохгүй. Хэдхэн хоногийн дараа хэрэгтэй гэсэн бүхнийг нь тоноод дуусна. Тогтмол арчлах хүн байхгүй бол үнэр танар нь дийлдэхээ болиод хаалгаа барина. Яаж хариуцах эзэнтэй болгох уу. Иргэд өөрсдөө хайр гамтай хандах хэрэгтэй. Хайран юм. Муухай болгочих вий дээ" гэх мэт халагласан яриа өрнөх аж.
Тиймээс бид иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.
"ЭЗЭНТЭЙ ЮМ ШИГ ЭДЭЛДЭГ БОЛ ӨНӨӨДӨР БИ ЭНД АВТОБУСНЫ БУУДЛЫГ ЭЗЭНТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД ЯРИАД ЗОГСОХГҮЙ"
-Би Баянгол дүүрэгт амьдардаг. Ууланд алхаад бууж ирлээ. Хотын төвд ч харж байгаагүй маш гоё автобусны буудалтай болсон байна. Сая орж сонирхлоо. Аль нэг албан байгууллагад орж байгаа юм шиг л тав тухтай дулаахан мэдрэмжийг авлаа. Энэ хавийн оршин суугчид болон ууланд алхсан хүмүүс нь өөрсдөө сэтгэлтэй байж өөрийн юм шиг хайрлаж, гамнах хэрэгтэй байх гэж бодож байна. Гэхдээ хариуцах эзэнтэй болгох хэрэгтэй гэж бодож байна. Эзэнтэй юм шиг эдэлдэг бол өнөөдөр би энд автобусны буудлыг эзэнтэй болгох хэрэгтэй гээд яриад зогсохгүй. Даанч манайхан хэцүү. Хэд хоноод л завааруулаад хаячихвал хайран шүү дээ.
"ШӨНӨ ОРОЙ СОГТУУ ХҮМҮҮС ИРЭЭД ТОНООД ЯВЧИХВАЛ 1000 КАМЕРТАЙ БАЙГААД ЯАХ БИЛЭЭ. ТЭР СОГТУУЧУУДААС ЮУГАА ОЛЖ АВАХ ВЭ ГЭДГИЙГ БОДОХ Л ХЭРЭГТЭЙ"
-Би Чингэлтэй дүүргийн иргэн. Амьдарч буй орчинд минь ийм том бүтээн байгуулалт хийгдэж, ая тухтай орчинд амьдрах боломжоор хангаж өгсөнд маш их баярлаж байна. Гэхдээ энэ сайхан бүтээн байгуулалтыг хамгаалуулах хэрэгтэй байна. Ингээд эзэнгүй орхичихвол эвдэрч сүйдэхээс эхлээд олон асуудал байгаа. Шөнө орой согтуу хүмүүс ирээд тоноод явчихвал 1000 камертай байгаад яах билээ. Тэр согтуучуудаас юугаа олж авах вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Тиймээс нэн даруй эзэнтэй болгож хамгаалах хэрэгтэй гэж бодож байна.
ХОРОО, ДҮҮРЭГ НЬ МАШ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
-Хороо, дүүрэг нь маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Энэ хавийнхныг цуглуулаад ойр орчмынх нь хогийг цэвэрлүүлээд замын эсрэг талд байгаа нүхэн жорлонг нь зайлуулж, битүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд өөрсдөө сэтгэлтэй, энэ сайхан бүтээн байгуулалтдаа хайртай байх хэрэгтэй. Харамсалтай нь манай монголчууд ямар ч ухамсар байхгүй. Сэтгэлтэй хандаж, хайрлах ухамсар байхгүй. Бид бие засаж байгаа. Бид нарт хэрэгтэй гэсэн сэтгэлээр ханддаггүй. Баярлах гэхээсээ илүү хэн ирээд хэзээ сүйдэлчих бол оо. Дараа ирэхэд ямар болсон байх бол гэдэгт л санаа зовж байна.
АВТОБУСНЫ ЖОЛООЧ: АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАРТ ЭЦСИЙН БУУДАЛ ДЭЭРЭЭ ОЧООД БИЕ ЗАСАХ ГАЗАР ХАЙЖ ОЛНО ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ АСУУДАЛ ...
-Автобусны жолооч нарт эцсийн буудал дээрээ очоод бие засах газар хайж олно гэдэг хамгийн том асуудал байдаг. Өмнө нь энд нэг нүхэн жорлон байсан нь дүүрчихсэн учраас орох газар олддоггүй хэцүү байсан. Энэ асуудал шийдэгдэж ийм гоё автобусны буудалтай болсондоо баяртай байна.
Иргэд ашиглалт, хамгаалалт гэх зүйлд онцгой анхаарч эзэнтэй болгох хэрэгтэй гэх зүйлийг дуу нэгтэйгээр хэлж байна. Арга ч үгүй биз. Өмнө нь яг ийм биш ч энэ төрлийн жишиг автобусны буудлууд бусад дүүргүүдэд баригдаж, цахим орчинд гоё сайхныг нь магтан шагшиж байсан ч төд удалгүй тонуулж, согтуучуудын хоног төөрүүлдэг оромж болон ашиглалтаас гарсан жишээ олон бий. Тэр ч утгаараа иргэд хариуцах эзэнтэй болгож хайрлаж, гамнах хэрэгтэй гэдгийг дуу нэгтэйгээр хэлж байна.
"АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БИТҮҮ АВТОБУСНЫ БУУДАЛ 350 САЯ ТӨГРӨГӨӨР БҮТСЭН. АРЧЛАЛТ, ХАМГААЛАЛТЫГ ХОРОО, ДҮҮРЭГ НЬ ХАРИУЦНА"
Тиймээс бид “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн зохицуулагч О.Мөнхнасантай уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.
-Маш гоё бүтээн байгуулалт болсон байна. Ямар онцлог давуу талтай автобусны буудлыг иргэдэд хүлээлгэж өгсөн талаараа товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор НЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 17, 18, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр битүү, 17 задгай шинэ автобусны зогсоолыг ашиглалтад орууллаа. Автобусны буудал тус бүр нийтийн тээврийн мэдээлэл авах ухаалаг самбартай бөгөөд тухайн замд үйлчилдэг нийтийн тээврийн чиглэлийн автобусны ирэх хугацааг харах боломжтой. Дотроо эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн байгууламж, хүлээлгийн танхимтай. Мөн автобусны буудал бүрд байршуулсан хяналтын камер нь буудал орчмын аюулгүй байдлыг хянах боломжтой гээд маш олон давуу тал онцлогийг шингээсэн гээд маш олон давуу талтай гэдгийг энд онцолж хэлмээр байна.
-Одоо арчлалт, хамгаалалтыг нь хэн хариуцах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Үүн дээр ямар зохицуулалт хийж байгаа талаараа мэдээлэл өгөөч?
-Манай энэ буудлууд бүрэн камерын системээр холбогдсон. Нийтдээ 28 ширхэг камер байгаа. Эдгээр камерууд Чингэлтэй дүүргийн ногоон бүс камерын системтэй бүрэн холбогдсон. Тэгэхээр бүх процессыг 24 цагийн турш камераар хянана гэсэн үг. Хоёрдугаарт арчлалтыг дүүрэг хороод нь өөрсдөө хариуцна.
-Төсөвт өртгийн тухайд мэдээлэл өгч болох уу. Битүү болон задгай автобусны буудлууд тус бүрдээ хэдэн төгрөгийн өртөгөөр бүтсэн бол?
-“Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд бид нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ажилтан, албан хаагч, жолооч нарыг чадавхжуулах, нийтийн тээврийн үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулах тал дээр үе шаттай ажил арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна автобусны буудлыг шинээр ашиглалтад оруулах нь төслийн нэгдүгээр зорилт байсан. Өнөөдөр бид автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байна. Ингэхдээ автобусны эцсийн зогсоолд шинээр 0.8 км асфальт бетон замыг барьж ашиглалтад оруулсан. Энэ бүгд нийлээд 2 сая долларын буцалтгүй тусламжаар хийгдсэн. Задгай буудлуудын тухайд нэг бүрийн дундаж өртөг нь 45-50 сая төгрөг.
Битүү буудлын тухайд яг миний ард харагдаж байгаа ариун цэврийн байгууламжтай битүү автобусны буудал 350 сая төгрөгөөр бүтсэн.
Энд хүрээд бидний сурвалжилга өндөрлөв. Эцэст нь хэлэхэд, 2021 оны өвөл Налайх дүүрэг өвөл халуунаар, зун хүйтнээр үлээдэг дэлхийн жишигт нийцсэн битүү автобусны буудалтай боллоо гэх мэдээллийн дагуу сэтгүүлч миний бие очиж сурвалжилга бэлтгэж байв. Яг өнөөдрийнх шиг бүх зүйл нь шинэ. Смарт дэлгэцээр автобусныхаа маршрут, хэзээ ирэх боломжтойг харах боломжтой буудлыг ашиглалтад оруулж иргэд баяртайгаар хүлээн авч, талархал илэрхийлж байсан нь тодхон санагдаж байна. Харамсалтай нь сар хүрэхгүй хугацааны дараа дотор нь байрлуулсан камер, цэнэглэгч зэрэг өнгөтэй өөдтэй бүхнийг нь тоносон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, төд удалгүй ашиглалтаас гарсан. Одоо бол хаалттай шилэн байгууламжаас өөр юм үлдээгүй. Энэ жишиг ахин давтагдаж, эргээд ирэхэд огт өөр дүр зураг угтах вий гэх айдас сэтгүүлч надад ч төрснийг нуух юун. Тиймээс нэг бүр нь 350 сая төгрөгийн өртөгтэй тансаг автобусны буудалдаа хайр гамтай хандаж, тав тухтай орчинд автобус хүлээх боломжоо илүү удаан хадгалахыг их хотын иргэддээ энэ сурвалжлагаараа дамжуулан уриалж байна.