Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Tuyana: Өнгөө зөв тодорхойлж, имижээ бүрдүүлж чадсан хүн өөрийгөө ТӨГС бүтээдэг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
11 минут 41 секунд

Хүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Ааш зан, гадаад төрх, дотоод гоо үзэсгэлэн гээд бүх зүйлээрээ бусдаас ялгаатай. Гэхдээ энэ бүхнийг тэр дундаа хамгийн зөв "БИ"-гээ бүтээсэн хүн бол зөвхөн өөрөө өөрийгөө олсон хүн л байдаг. Тэгвэл өөрийгөө олсон хүн гэж хэн бэ. Магадгүй энэ асуултад хариулт өгөх нэгэн бол "Tuyana Style Code Agency"-г үүсгэн байгуулагч, Fashion Stylist, Imidj Maker Tuyana болов уу.

Иймд Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа зочноор хувь хүний өнгө тодорхойлолтыг Монголд анхлан дэлгэрүүлсэн Д.Отгонтуяаг урьж, ярилцлаа.

-Стилист Туяана гэдэг нэрийг олонтоо сонсож байсан ч яг ямар хүн бэ, хаана сургуульд сурсан бэ, энэ мэргэжлийг хэрхэн эзэмшсэн бэ гэдгийг нь төдийлөн мэдэхгүй юм байна. Тиймээс юун түрүүнд та өөрийгөө танилцуулах нь зүйтэй болов уу?

-Намайг Туяана /Д.Отгонтуяа/ гэдэг. Би Герман улсад 23 жилийн турш ажиллаж, амьдарч байгаад 7 жилийн өмнө Монголдоо ирсэн. Эх орондоо ирснээс хойших энэ хугацаанд “Imidj Maker” буюу хувь хүний өнгийг тодорхойлж мөн стилистээрээ ажиллаж байна. Анх Герман улсад Fashion Stylist мэргэжлээр сурахаар явахад маш том зориг шаардаж байлаа. Гэхдээ би Германд байх хугацаандаа дан ганц стилист биш, make up artist, Imidj Maker зэрэг долоон мэргэжлээр суралцаж төгссөн. Ингээд яг 10 жилийн хугацаанд хүмүүсийн өнгийг тодорхойлж байна.

Анх Монголдоо ирэхэд хаана юу байгааг ч мэдэхгүй их л гайхаж билээ. Ганцхан Их дэлгүүр хаана байгааг бас гэр рүүгээ хэрхэн явахаа л мэднэ. Тийм л шинэхэн хүн ирж байлаа. Гэтэл одоо энэ сайхан мэргэжлийнхээ хүчээр олон хүнтэй танилцаж, олон хүнд өөрийгөө олоход тусалсан байна. Басхүү амьдралд нь дахин нэг шинэ үүд хаалга нээж өгч буйдаа туйлын их баяртай байдаг.

-Таны Монголд ирэх шалтгаан юу байв?

-Үүний шалтгаан их энгийн. Би өөрийгөө л олчихсон хүн. Гэнэт л нутагтаа очиж, амьдаръя, Монголчуудынхаа амьдралд өнгө нэмье, өнгийг нь тодорхойлж, зөв чиглүүлье гэж хүссэн. Энэ сонголтыг хийхэд ах дүүс маань их гайхсан л даа. "Монгол Туяанагаар л дутав гэж дээ" гээд л наргиж байсан юм. Гэхдээ л би эх орондоо ирэхийн тулд их том зориг гаргасан даа.

-Монгол Улсад хамгийн анх "Өнгө тодорхойлолт" гэх нэршлийг гаргаж, хүмүүсийн өнгийг тодорхойлж эхэлсэн шүү дээ. Ер нь өнгөө тодорхойлуулахад нас, хүйс хамаардаг уу?

-Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, хүүхэд, багачууд гээд аль ч насныхан хувийн өнгөө тодорхойлуулж болдог. Өөрөөр хэлбэл, насны хязгаар байдаггүй гэсэн үг. Бас дээр нь өнгө тодорхойлно гэдэг бол дан ганц хувцасны өнгө зохих, зохихгүй гэсэн асуудал биш. Үүнд алт, мөнгө, монет, шүр, сувд, чулуун эдлэл зэрэг гоёл чимэглэл тэр ч бүү хэл, гэрийн интерьер гээд бүхий л зүйл багтдаг.

-Хүүхдийн өнгө тодорхойлно гэдэг их сонирхолтой санагдаж байна. Ямар давуу талтай юм бэ?

-Хүүхдийн өнгийг тодорхойлохын давуу тал нь эцэг эхчүүдийн мөнгө санхүү, цаг хугацаанд хэмнэлттэй. Элдэв янзын, зохих зохихгүй даавуу авч хүүхдийнхээ энерги болон эрч хүчийг алдахгүй.

Харин хүүхэд өөрийнхөө өнгийг өмсөхөөр, хүмүүст их дулаахан, эвлэгхэн, эвсэгхэн харагддаг. Бас дотоод оюун ухааныхаа хүч чадал, авьяас билгээ илүү тод гэрэлтүүлдэг. Хэрэв өөрийнхөө бус өнгийг өмсвөл цаанаа л нэг сулбагар, унжуу харагдаад хүн болгонд сул энергитэй гэж мэдрэгдээд яг л өөртөө итгэлгүй эсвэл ууртай, зөрүүд мэтээр нүдлэгдчихдэг юм.

Тиймээс хүүхдийн өнгийг багаас нь тодорхойлуулах нь тун зөв. Наад зах нь хүүхэд багаасаа өөрийнхөө өнгийг мэдээд ямар хүн бэ гэдгээ олчихвол ирээдүйд мундаг мэргэжилтэн болж, сайхан сэтгэлтэй, тусч энэрэнгүй нэгэн болдог.

-Насан туршид нь хувь хүний өнгө өөрчлөгддөггүй гэдэг энэ үнэн үү?

-Тийм. Насан туршдаа өөрчлөгдөхгүй. Би өнөөдөр 21 хүрчихлээ, 31 хүрчихлээ, 50 гарчихлаа, 60 гарчихлаа, одоо миний өнгө буруу болчихсон, өөрчлөгдчихсөн гэсэн асуудал огт байхгүй.

-Таны хэлснээр өнгө тодорхойлно гэдэг хувь хүний ааш зан, энерги, эрч хүчтэй ч бас хамааралтай юм байна. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Хүн бүрд өөрийн гэсэн эрч хүч, энерги, давуу чанарууд бий. Тиймээс хүний өнгө өөрийнх нь гадаад төрхөөс гадна зан чанартай ч мөн зохицож байдаг гэсэн үг. Тиймээс л өнгөө тодорхойлуулснаар хүн хамгийн зөв өөрийгөө олдог. Өөрийгөө олно гэдэг нь тухайн хүн амжилттай, сэтгэл хангалуун, эд баялагтай байж, амьдралаас хамгийн сайхныг мэдэрч чадна гэсэн үг. Гэтэл өөрийнхөө өнгөнөөс өөр өнгийн хувцас өмсөж, эд зүйл хэрэглэж байгаа бол тухайн хүнийг хүмүүс шууд л өөрөөр, сөргөөр харж эхэлдэг. Тиймээс таны сайхан бүхэн бусдад харагддаггүй юм. Түүнээс болж хүмүүст буруу дүгнэгдэх тохиолдол бий.

-Хувь хүний өнгийг 4 улиралд хуваадаг гэсэн шүү дээ. Энэ нь бас л тухайн хүний зан чанартай холбоотой байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Ерөнхийдөө хүний өнгийг хавар, зун, намар, өвөл гэсэн дөрвөн улирлын нэршилд хуваагдсан ангиллаар ялгадаг. Жишээлбэл, намрын өнгө нь дайчин, эрч хүчтэй, спортын хүмүүст ихэвчлэн тохирдог. Гэтэл өвлийн улирал нь анхдагч, манлайлагч хүмүүст тохирч байдаг.

Би өөрөө өвлийн өнгөтэй эмэгтэй. Өвлийн улирлын өнгөнүүд миний нүүр будалт, нүд, чих гээд хөөрхөн зүйлүүдийг илүү тодотгодог. Үүнийгээ дагаад миний давуу талууд, хамгийн сайн чаддаг зүйлс ч хүмүүст тодоор харагддаг. Бас гэрийн эзэгтэйчүүд ч гэсэн өөрийнхөө өнгөнд тохируулж гэрээ тохижуулж, интерьертээ анхаарвал илүү тохиромжтой.

Би урьд нь Германд байхдаа өөрийгөө намрын өнгөтэй гэж боддог байлаа. Тэгээд л бэйж өнгийн пальто өмсөөд, уруулаа улбар шараар будаад л явдаг байсан юм. Гэтэл энэ өнгө нь миний зан төлөв, өгөгдөл, мөн чанарыг бүр л эсрэгээр нь илэрхийлж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл намайг үнэгүйдүүлж байсан.

Ерөнхийдөө өнгөө буруу өмссөн хүн ямар ч хувцсыг үнэгүй, хямдхан харагдуулдаг. Өөрийнхөө мөн чанар, чадвар, чадамжийг ч үнэгүйдүүлнэ. Бас нэг улирлыг 32 өнгө тодорхойлдог. Тиймээс би өнгөө тодорхойлуулж буй хүмүүстээ насан туршдаа ашиглах боломжтой 32 өнгөний картыг бэлэглэдэг юм.

-Сүүлийн үед манай улсад өнгө тодорхойлох үйлчилгээ үзүүлж буй хувь хүн, албан байгууллага олон болсон байна. Тэр хэрээр зөвхөн ашиг хонжоо олохыг хүссэн хүмүүс ч нэмэгдэж байхыг үгүйсгэхгүй юм. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Би үүнийг хэлмээр санагддаг юм. Манай Монголд маш олон өнгө тодорхойлогчид гараад ирчихсэн. Над дээр маш олон хүн сөрөг сэтгэгдэлтэй ирдэг болсон. Жишээлбэл,

"Би онлайнаар өнгөө тодорхойлуулчихлаа, тэр хүн дээр очтол хувийн өнгө чинь энэ байна, ийм хувцас ингэж өмс" гэсэн гээд л ирдэг. Би үүнд нь маш их харамсдаг. Яагаад гэвэл өнгө тодорхойлолт болон өнгө тодорхойлогч Imidj Maker гэдэг хүмүүс тоглоом биш. Энэ бол мэргэжил. Шинжлэх ухаанаар батлагдсан маш чухал зүйл байхгүй юу. Бүр хувь хүний амьдралд ихээхэн нөлөө үзүүлэхүйц томоохон эх үүсвэр. Түүнээс биш зүгээр л нэг хэдэн өнгийн алчуур дэлгэж бариад л энэ мэргэжлийг үнэгүйдүүлж болохгүй.

Угтаа Imidj Maker гэдэг хүн заавал эрхийн бичигтэй, мэргэжлийн зөвшөөрөлтэй байх ёстой. Миний хувьд ч өөртөө байгаа тэр олон сертификатыг, зөвшөөрлийг олон сургууль дамжиж, олон эрдэмтний ур ухаанаас суралцаж, батлуулж байж олж авсан. Ингэснээр тухайн хүний сэтгэлзүйг өнгөөр яаж нээдгийг, хүний амьдрал, хувь тавиланд яаж нөлөөлдгийг сурч авдаг. Энэ бол мэргэжлийн хүний хийдэг ажил.

-Мэргэжлийн бус хүнээр өнгөө тодорхойлуулсан бол өөрийгөө буруу олох юм байна?

-Тэгэлгүй яахав. Хүний хувь тавилан гэдэг их сонин. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн өнгийг тодорхойлж буй хүн өөрөө найдвартай, чадвартай, чадамжтай байх ёстой. Яагаад гэвэл хүний өнгө насан туршид нь өөрчлөгддөггүй. Тухайн хүний гадаад төрхөөс гадна дотоод мөн чанар зэргээс өнгө тодорхойлолт хамаардаг учраас ашиг сонирхлын төлөө бусдыг хохироогоод байгаа хүмүүсээр үйлчлүүлсэн хүмүүст харамсаад байдаг юм.

Бид гурван сая буюу маш цөөхүүлээ. Хүүхэд багачууд ирээдүйд зөв замаар явах ёстой. Тиймдээ ч өнгө тодорхойлогч, имиж бүрдүүлэлт гэх ойлголтыг гаргаж ирсэн хүмүүс "Өнгөө тодорхойлуулж, имиж бүрдэлтээ олсон хүн өөрийгөө төгс бүтээдэг. Энэ хүн нийгэмд, олон түмэндээ маш хэрэгтэй нэгэн болдог" гэдгийг баталсан байдаг.

Хүн гэдэг амьтан өрөөл бусдад хэрэгтэй л хүн байх хэрэгтэй. Яг энэ зөв, зохистой байдлыг өнгөө олж, өөрийгөө нээж, өөрийнхөө зан төлөв, имиж бүрдэлт, "стили"-ээ олж байж бий болгож чаддаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

НОГООН АВТОБУС, ашигт малтмалын лиценз, нийслэлийн газар олголтын талаарх СОНСГОЛ талаар болох нь
НОГООН АВТОБУС, ашигт малтмалын лиценз, нийслэлийн газар олголтын талаарх СОНСГОЛ талаар болох нь
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.