Нийслэлээс хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлын асуудалд анхааран ажиллаж буй. Тухайлбал, өнгөрөгч өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тоглоомын талбайн нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг өгсөн. Харин үүнтэй холбоотойгоор ирж буй шүүмжлэлд тэрбээр дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Намайг попорлоо, хүн загналаа, 8 жил юу ч хийгээгүй байж гэнэт ухаажлаа, сонгууль дөхөнгүүт гарч ирлээ, СӨХ, хорооны даргын ажлыг хийлээ, бичлэггүй ажлаа хий... гэх мэтээр зарим хүмүүс шүүмжилж байна.
1. Би хотын даргын орлогч болоод 6 сар болж байна. Гэнэт ухаарсан биш. Хүүхдийн тоглоомын талбай бол бид хамтдаа шийдэж чадах асуудал
2. Гол зорилго бол хүн бүр анхаарч, шаардлага тавьдаг болж байж хүүхдэд эрсдэлтэй байдлыг өөрчилж чадна. Тийм учраас олон нийтийн сүлжээг ашиглаж уриалах нь хэрэгтэй.
3. Тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Цаашид ч энэ маягаар шаардлага тавина. Харин намайг хоосон шүүмжлэхийн оронд гадаа байгаа тоглоомын талбай аюулгүй байж чадаж байна уу гэдэгт анхаараасай гэж хүсэж байна. Зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа шүү" гэжээ.