
4 настайгаасаа эхлэн ном унших дадалд суралцаж, зөвхөн 2025 онд л гэхэд монгол, англи хэлээр 100 гаруй ном уншсан 12 настай Э.Энгүүнийг UBN сайт онцолж байна. Э.Энгүүн өдөрт хамгийн багадаа 30 минут, ихдээ 2-3 цагийг ном уншихад зарцуулдаг. Ингэснээр төсөөлөн бодох чадвар сайжрахаас гадна сул үггүй, зөв цэгцтэй ярьж сурсан гэдгээ бидэнд хуваалцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Миний нэрийг Э.Энгүүн гэдэг. Би 12 настай. Долоодугаар ангийн сурагч.
-Хэдэн настайгаасаа ном уншиж эхэлсэн бэ?
-Би дөрвөн настайдаа үсгээ сурч, 5 настайгаасаа ном уншиж эхэлсэн. Ээж минь надад бүгдийг нь зааж өгсөн.
-Уншсан номоо тоолж үзсэн үү. Нийт хэчнээн ном уншсан байна?
-Би ер нь уншсан номоо тоолдоггүй. Гэхдээ саяхан энэ жил уншсан номнуудаа цэгцлэхдээ тоолж үзсэн. Уншсан номнууд минь надаас өндөр болоод нийт 110 ном уншчихсан байсан.

Би дуртай номнуудаа 2-3 цагийн дотор уншаад дуусгачихдаг.
-Ямар төрлийн номонд дуртай вэ?
-Би адал явдалтай номонд дуртай. Тэр дундаа David Williams-ийн цуврал номнуудыг маш их уншдаг. Яагаад гэвэл нэгэн хэвийн уйтгартай шрифт ашигладаггүй. Сонирхол татахуйц том, жижиг фонт ашиглаж, зургаар бас харуулдаг учраас сонирхолтой санагддаг. Бас би уншсан номныхоо тэмдэглэлийг хөтлөдөг. Тухайн номонд юуны тухай гарсан. Юу ойлгосон. Гол дүр болон эсрэг дүр нь хэн бэ. Дуртай болон дургүй хэсэг гэсэн зургаан асуултад хариулж тэмдэглэлээ хөтлөдөг.

-Чамд энэ гоё номнуудыг хэн авч өгдөг юм бэ?
-Манай аав, ээж хоёр авч өгдөг. Тэр хоёр намайг том болоод ухаантай хүн болоосой гэж хүсдэг юм байна лээ. Аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Ихэвчлэн англи хэл дээр бичигдсэн номнууд уншдаг юм уу?
-Үгүй. Монгол хэл дээр бичигдсэн ном бас уншдаг. Одоо би Тансан ламбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл гэдэг номыг уншиж байгаа. Эхний хоёр ботийг нь уншаад дуусгачихсан. Одоо хамгийн сүүлийн гуравдугаар ботийг нь уншиж байгаа.
-Хичээл, даалгаварынхаа хажуугаар өдөр бүр номоо уншиж амждаг уу?
-Янз бүр байдаг. Би өдөрт хамгийн багадаа 30 минут. Хамгийн ихдээ 2-3 цагийг ном уншихад зарцуулдаг.
-Аав, ээж нь ном номоо уншаарай гэхээр уншдаг уу. Эсвэл өөрөө дуртай болохоор сайн дураараа уншдаг уу?
-Бас л янз бүр. Заримдаа ээж, аав маань номоо уншаарай гэж хэлдэг. Зарим үед би өөрөө номоо уншмаар санагдаад унших үе ч их бий.

-Ном уншснаар чамд ямар давуу тал гарч байна гэж боддог вэ?
-Ном их уншихаар төсөөлөх чадвар сайжирдаг. Би одоо найзуудтайгаа хамт комик хийж байгаа. Ном их уншсан учраас комикийн зохиолч болж чадсан гэж боддог. Бас ном их уншихаар ярих чадвар сайжирдаг. Тансан ламыг уншихаас өмнө би ээрч, муураад муу ярьдаг байсан. Одоо би сул үггүй. Сайн ярьдаг болсон.
-Ном уншихаар утасны хэрэглээ багасдаг уу?
-Хүүхдүүд утас үзэх дуртай. Би ч бас хүүхэд болохоор утас үзэх дуртай. Гэхдээ ном уншихаар утас үзэх зав бага байдаг.
-Англи хэл дээр ном унших хэцүү биш үү. Чи яаж англи хэлийг ийм сайн сурсан юм бэ?
-Манай сургууль нэгдүгээр ангиас англи хэл заадаг. Би долоон жил сурч байгаа болохоор англи хэл дээр том ном уншихад асуудал гардаггүй. Мэдэхгүй үг гарч ирэхээр толь бичиг ашиглаж хараад уншихаар англи хэлний чадвар ч дагаад сайжирдаг юм байна лээ.
-Ирээдүйд ямар хүн болно гэж боддог вэ?
-IT чиглэлийн код бичдэг хүн болно гэж бодож байгаа.
-Үеийнхээ найзуудад хандаж юу хэлмээр байна?
-Үеийнхээ найзууддаа ном их уншаарай. Ном уншихаар том болоод мэдлэгтэй, ухаантай хүн болно шүү л гэж хэлье.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!