Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Гэрээсээ гараад 2 км алхаж байж хамгийн ойрхон тоглоомын талбайд хүрдэг

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
14 минут 22 секунд

Энд тэнд, хааш яаш цутгасан, энхэл донхол ихтэй гэр хорооллын шат. Зам дагуу хашаагаа ч бүрэн хатгаагүй нэгэн айл хоёрын хоёр нохойгоор гэрээ мануулж байгаа гэлтэй хүзүүнээс нь уясан харагдана. Хүний хөлийн чимээ сонстох төдийд л тэдний чих сортойж, хажуугаар алхах хүн бүр рүү дайрч, айлган цочооно. Энэ бол төв замаас 400-500 метр орчмын зайд байрлах уулан дээрх тоглоомын талбайд хүрэх зам. Аюултай бас айдастай.

Харамсалтай нь үүнээс өөр ойр байрлах тоглоомын талбай үгүй тул хүүхдүүд энэ л замаар алхсаар дасжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 1553 хүүхдийн тоглоомын талбай бий. Үүний 840 нь СӨХ-д хамаардаг байна. Үүнээс үзэхэд нийт тоглоомын талбайн 50-аас илүү хувь нь орон сууцны хорооллын эзэмшилд байдаг гэсэн үг. Гэтэл хороо хариуцдаг 25-хан тоглоомын талбай Улаанбаатарт байдаг аж.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Хүйтний ам хэдийнээ цаашилсан тул өглөө оройдоо тоглоомын талбай бараадах хүүхдүүд олширчээ. Дулаахан болохоор ч тэр үү хүүхдүүд гэртээ суухаас илүү найзуудтайгаа цагийг өнгөрөөхийг илүүд үзнэ. Харамсалтай нь гэр хороолол дунд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар тун хомс. Хамгийн боломжтой газар нь сургуулийн гаднах хөл бөмбөгийн талбай эсхүл гудамжинд байрлах ганц нэг сагсны шийд. Бүр эсхүл тоос шороо багатай хороолол дундах засмал зам байдаг байна.

Хүүхдүүдийн хэлж буйгаар сургуулийн гаднах тоглоомын талбай дээр тогловол багш нар нь гэртээ харь гэдэг тул тухтай ч тоглож чадахгүй хий дэмий л цаг нөхцөөдөг, бас гудамжинд тогловол шороо тоос боллоо гэж ээж аавдаа үглүүлэх тул засмал зам сонгодог. Гэхдээ сүүлийн үед зам тээврийн осол их болж байгаа болохоор хашаандаа тоглохыг илүүд үзэх болсон гэнэ.

Бид сурвалжилгынхаа явцад та бидний нэрлэж заншсан Хайлаастыг зорив. Хамгийн сүүлд олныг цочроосон зам тээврийн осол ч энд болсныг хүн бүр мэдэж буй. Бас осолд өртсөн жаалууд тоглоомын талбайд тоглож байгаад харих замдаа осолдсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Гэтэл үнэхээр тэнд тоглоомын талбай хомс гэдэг илт харагдаж байв. Бид ойр хавийн хэд хэдэн хороогоор орж хүүхдийн тоглоомын талбай хэр их байдаг талаар бас хүрэлцээтэй эсэхийг тодруулах гэсэн боловч хариулт өгөхөөс татгалзсаар байв.

Харин ЧД-ийн ...-р хорооны хэсгийн ахлагч,

Нэг хороонд 2-3 тоглоомын талбай бий

"Одоохондоо ... дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай бас сургуулийн хажууд байрлах хүүхдийн тоглоомын талбай л бий. Удахгүй ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх талбай баригдах гэж байгаа. Тэгэхээр 2-3 тоглоомын талбайтай гэж хэлж болно. Мөн уулан дээр байрлах тоглоомын талбай нь гурван хороон дунд байрладаг. Манай хүүхдүүд ч тийшээ явж тоглодог. Дулааны улирал ирсэн болохоор хүүхдүүд хол гэлтгүй л очиж тоглодог юм" гэв.

Гэр хороололд тоглоомын талбай хангалтгүй байгааг ердөө энэ жишээнээс л харж болох юм. Бас тоглоомын талбай хүрэлцээгүйгээс үүдэж хүүхдүүд эрсдэлд ороод байгааг ч нуух юун.

Үнэхээр л уулын оройд байрлах тоглоомын талбай төв замаас нэлээдгүй хол аж. Биднийг тоглоомын талбайд хүрэхэд нэгэн хүү ганцаар тоглон зогсоно. Тэрбээр,

Тоглоомын талбай орохын тулд гэрээсээ ойролцоогоор 2 км алхдаг

"Хүүхдүүд ихэвчлэн оройн цагаар л энд гарч ирж тоглодог юм. Өдрийн цагаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр тоглодог. Энэ тоглоомын талбайд ирэхийн тулд гэрээсээ алхвал бараг л 2 км орчим алхдаг. Учир нь манай энд олон тоглоомын талбай байхгүй. Таван буудалд нэг тоглоомын талбай байгаа, 49-р сургуулийн тэнд нэг тоглоомын талбай байдаг. Тэгээд л болоо.

Гэхдээ энэ уулан дээр байдаг тоглоомын талбай руу гардаг гурван зам байдаг. Хүүхдүүд аль ойрхноор нь гарч ирдэг юм. Бас дээр нь энд хагархай шил, хог ихтэй болохоор бөмбөг хагарчих гээд байдаг юм. Угтаа дахиад яг энэ шиг хэр нь цэвэрхэн, том тоглоомын талбайтай болохыг хүсэж байна" гэв.

Харин өөр нэг бяцхан охин,

Тоглоомын талбай барьсны дараа тоглуулахгүй гээд харамладаг байсан

"Манай хороонд нэг л тоглоомын талбай байдаг. Таван буудалд гудамжны хажууд байдаг юм. Гэхдээ тэр тоглоомын талбай их жижигхэн, олон хүүхэд тоглох боломжгүй. Уг нь манай хуучин тоглоомын талбай том байсан ч хүүхдүүд тоглоомыг нь эвдчихсэн. Гэтэл дараа нь сонгууль болох гээд хуучин тоглоомын талбайг маань нураагаад жижигхэн болгочихсон юм.

Тэгээд эхний хэдэн сар хорооноос хүмүүс ирээд энд тоглож болохгүй гээд харамладаг байсан ч сүүлдээ зүгээр тоглодог болсон. Гэхдээ хүүхдүүд тэнд тоглохоос илүүтэй уул руу гарч тоглодог. Заримдаа найзуудтайгаа тоглохдоо уул руу гардаг байсан ч зам нь хол бас нохой ихтэй болохоор айгаад очихоо больсон. Одоо гэртээ хашаандаа л тоглодог" гэлээ.

Охины хэлж буйгаар тоглоомын талбайг шинэчилнэ гэдэг бас шинэ тоглоомын талбай байгуулна гэдэг нь хүүхдүүдээс харамлах ёстой гэсэн ойлголт биш. Харин хүүхдүүдийг илүү ариг гамтай, эвдэж хэмлэхгүй тоглох арга барилд бид сургахад анхаарах ёстой.

Тоглоомын талбайн хүрэлцээний талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэгээс тодруулахад,

Тоглоомын талбай заавал хариуцах эзэнтэй байх ёстой

"Нийслэлийн хэмжээнд 1553 тоглоомын талбай бий. Хотын стандартын газраас хийсэн хянан шалгалтаар эдгээр тоглоомын талбайгаас 465 нь стандартад нийцээгүй гэх судалгаа гарсан. Иймд хариуцаж буй эздэд нь холбогдох шаардлагыг тавьж ажиллаж байна.

Мөн хүүхдийн тоглоомын талбай нь авто замаас хол, гэрэлтүүлэг сайтай, насны ангилалтай байх зэрэг олон шаардлагатай байдаг. Гэвч стандартад нийцсэн тоглоомын талбайг барьж байгуулж буй хүмүүс цөөн байна. Түүнчлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд захын гурван дүүрэг хамгийн бага тоглоомын талбайтай байгаа бол төвийн 6 дүүргээс Сүхбаатар дүүрэг хамгийн бага тоглоомын талбайтай байна. Түүнчлэн нийслэлийн төсвөөр болон орон нутгийн төсвийн сангаар энэ жил 40 гаруй тоглоомын талбай барихаар төлөвлөж байна. Гэхдээ хамгийн гол нь тоглоомын талбай эзэнтэй байх ёстой. Хариуцах эзэнтэй болсноор тэнд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, арчлалт хамгаалалтыг хийх юм" гэв.

Нийслэлийн хэмжээнд,

  • СӨХ хариуцдаг-840
  • Цэцэрлэгийн дэргэдэх-42
  • ЕБС-ийн дэргэдэх-30
  • ДЗДТГ хариуцдаг- 236
  • Хот тохижилтын газар, хэлтэс хариуцдаг-47
  • Барилга барьсан ХХК хариуцдаг- 30
  • Хороо хариуцдаг-25
  • Иргэн хариуцдаг-23
  • Холбоо, ТББ, бусад хариуцдаг-8
  • Тодорхойгүй-24 тоглоомын талбай бий.

Бас нэгэн бяцхан охин бидэнд дараах зүйлийг ярьсан юм.

Ихэвчлэн хашаандаа тоглодог болохоор том, олон гоё тоглоомтой тоглоомын талбайтай болмоор байна

"Манай гэр хороололд тоглоомын талбай бага байдаг. Том бас дээр нь олон гоё тоглоомтой тоглоомын талбайтай болохыг хүсэж байна. Энэ уулан дээрх тоглоомын талбайд дандаа том хүүхдүүд ирж тоглодог. Бид нарыг тоглох гэхээр тоглуулдаггүй юм. Тийм болохоор бид нар доод талын тоглоом дээр нь тоглодог.

Бас сая болсон ослоос болоод ээж аав маань бид нарыг битгий гараарай, хашаандаа тоглоорой гэж захидаг болсон. Тиймээс ихэвчлэн хашаандаа тоглодог. Гэхдээ гэртэйгээ ойрхон том, олон гоё тоглоомтой тоглоомын талбайтай болмоор байна" гэсэн юм.

Үүнээс үзэхэд хүүхдүүдийн хамгийн их хүсэж байгаа зүйл нь гэртэйгээ ойрхон тоглоомын талбайтай болох аж. Арга ч үгүй биз гэр хорооллын хүүхдүүдэд хашаанаасаа өөр тоглох тоглоомын талбай хомс байна. Бас тэдэнд аюулгүй тоглох ч газар байхгүй учраас хороо бүр тоглоомын талбайн асуудлыг нухацтай тооцож, хүүхдүүдийг аюулгүй, эрүүл орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нь нээж өгөх ёстой.

Түүнээс гадна тоглоомын талбай байгуулаад өнгөрөхөөс илүүтэй аюулгүй байдалд нь ч мөн анхаарах ёстой. Учир нь тоглоомын талбайд тоглож байхдаа бэртэж гэмтсэн гэх өгүүлэмжтэй олон хүүхэд ГССҮТ-д ирдэг байна. Энэ талаар ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их эмч П.Батнаран,

Он гарснаас хойш тоглоомын талбайд тоглож байхдаа бэртэж гэмтсэн 48 хүүхэд ГССҮТ-д ирсэн

-Яаралтай тусламжийн тасагт тоглоомын талбайд тоглож байгаад унаж, бэртсэн гэх өгүүлэмжтэй хүүхэд хэр их ирдэг вэ. Тоон мэдээллийг өгөөч?

-Дулаарахаар гадна тоглох хүүхдийн тоо нэмэгддэг. Үүнийг дагаад манай эмнэлгийн ачаалал ч хоёр дахин ихэсдэг. Өнгөрсөн 2023 оны 5, 6, 7, 8 сард нийт 1998 хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад унаж, бэртсэн гэх өгүүлэмжтэйгээр манай эмнэлэгт ирж, тусламж үйлчилгээ авсан байдаг. Харин он гарснаас хойш буюу 3, 4 дүгээр сарын байдлаар нийт 48 хүүхэд ирсэн байна. Энэ тоо хичээл сургууль амрахаар огцом нэмэгддэг.

-Тоглоомын талбай дээр тоглож байгаад бэртсэн хүүхдүүдэд ямар төрлийн бэртэл, гэмтэл зонхилдог вэ?

-Гулсуураас унах, савлуураас савж унах гэх мэт олон төрлийн өгүүлэмжтэй хүүхдүүд ирдэг. Ихэвчлэн мөчдийн хугарал, толгой, гавал тархины гэмтлүүд бас их ирдэг. Хамгийн сүүлд, савлуураар тоглож байгаад гинж нь тасарч унасан гэх хүүхэд ирсэн. Тухайн хүүхдийн тухайд, тохойны яс нь хугарч, тархи нь доргисон байсан.

-Иймэрхүү байдлаар гэмтэж бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх дээ юуг анхаарах ёстой вэ. Зөвлөгөө өгөөч?

-Аливаа гэмтлийн үед хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай. Хоёрдугаарт гэмтсэн мөчдийг заавал сойх ёстой. Унжуулаад хүрээд ирдэг. Тэгэхээр хавдахаас эхлээд олон эрсдэлийг дагуулдаг.

-Энэ төрлийн бэртэл гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Нэгдүгээрт, хүүхдийг хараа хяналтын дор гадна орчинд тоглуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдийг хүүхдээр харуулмааргүй байна. 10 настай хүүхдээр 5 настай хүүхдийг харуулаад орхичихдог. Энэ маш буруу. Гуравдугаарт, тоглоомын талбайд стандарт байх хэрэгтэй. Хүүхэд унахад бэртэл, гэмтлээс сэргийлэх зорилгоор зөөлөн шалавчийг заавал дэвсэх хэрэгтэй. Гүйж, үсэрч, харайж байгаад хатуу цементэн дээр унахаар гэмтэж, бэртэх эрсдэл нь нэмэгддэг. Дөрөвдүгээр, тоглоомын талбай автозамаас тусгаарлагдсан байх ёстой. Замтай ойрхон, тусгайлсан хашаа хайс байхгүй гэх шалтгаанаар авто осолд өртөх тохиолдол ч ирдэг. Тиймээс хүүхдийн аюулгүй байдал гэдэг зүйлд л онцгой анхаардаг баймаар байна.

-Баярлалаа.

Тоглоомын талбайгаас хамаарч бэртэж, гэмтсэн хүүхдийн тоо Нийт тоглоомын талбайн 569 буюу 58.2 хувь нь орон сууцны хороолол, 142 буюу 14.5 хувь нь гэр хороолол, 262 буюу 26,8 хувь нь гэр хороолол, орон сууц хосолсон байршилд байна. Эндээс үзэхэд гэр хороололд оршин сууж байгаа хүүхдэд ноогдох тоглоомын талбайн хүртээмж хангалтгүй байгааг харуулж байна. ХЭҮК-ын 23 дахь илтгэл...

Тоглоомын талбайд тоглож байхдаа амь насаа алдсан хүүхдүүдийн харамсалтай жишээнүүдийг бид мэднэ. Бас гэрийнх нь ойролцоо тоглоомын талбайгүйгээс үүдэж цэцэрлэгт хүрээлэнг зорьж очоод амиа алдсан гунигт үйл явдлыг ч бид мэднэ. Тиймээс гэр хорооллын хүүхдүүдийн эрхийг хамгаалж, хашаанаас нь өөр аюулгүй тоглох боломжийг олгох ёстойг энэ удаагийн сурвалжилгаараа хөндлөө. Тэд ч бас тоглох, наадах, инээлдэх, хөхрөлдөх эрхтэй.

Д.Гантулга: Үнэхээр бүсчилсэн хөгжил ярьж байгаа бол нийслэлийн тойргуудыг тэнцүү хуваах ёстой
Д.Гантулга: Үнэхээр бүсчилсэн хөгжил ярьж байгаа бол нийслэлийн тойргуудыг тэнцүү хуваах ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.