Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гантулга: Үнэхээр бүсчилсэн хөгжил ярьж байгаа бол нийслэлийн тойргуудыг тэнцүү хуваах ёстой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
7 минут 54 секунд

Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан болох гэж байна. Хуралдаанаар НИТХ-ын сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах асуудлыг хэлэлцэх юм. Уг асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулгатай ярилцлаа.

-НИТХ-ын сонгуулийн бүс, мандатын асуудлыг өнөөдөр хэлэлцэх гэж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Зарим заалттай нь санал нэгдэхгүй байна уу?

-НИТХ-д өргөн барьсан төслөөр иргэдийн хурлыг бүсчлэхдээ Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүрэг нь тус бүр нэг тойрог болох юм билээ. Харин Сонгинохайрхан дүүргийг хоёр хувааж, тус бүр таван мандаттай болгож буй бол Баянзүрх дүүргийг гурав хуваасан байгаа юм. Бид үүнд зарчмын асуудал л яриад байна. Жишээлбэл, Хан-Уул, Баянгол дүүрэг тус бүр нэг тойрогтой байгаа нь УИХ-тай адилхан байгаа биз. Энэ нь ямар учиртай вэ гэх асуулт гарч ирж байна.

БГД-ээс УИХ-д гурван хүн сонгогдох бол нийслэлд зургаан хүн сонгогдоно. Өөрөөр хэлбэл, тойрог нь томрох тусам зардал их гарна. Ингэх ямар шалтгаан байна гэхээр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу ингэж өөрчлөхөөр болсон гэж нийслэлийн удирдлагууд хэлж буй. Үнэхээр бүсчилсэн хөгжил ярьж байгаа бол тэнцүү хуваах ёстой. Яагаад СХД-ийг хоёр, БЗД-ийг гурав хувааж байгаа юм бэ. Хууль тогтоомж, эрх зүйн акт гаргахдаа зарчим баримтлах ёстой шүү дээ. Энэ асуудлыг гаргаж ирэхээр хариулт өгөхгүй байх жишээтэй.

Ижил тэгш хуваасан бол бид ойлгоно. Яагаад гэвэл сонгогчийн тэгш эрхийн зарчим хангагдана. Иргэн аль дүүрэгт байгаагаас үл хамаарч 2-3 хүний нэр дугуйлна. Харин одоо өргөн баригдаж буй төслөөр Багахангайд байгаа иргэн нэг хүний нэр дугуйлж байхад өөр газар байгаа иргэн зургаан хүний нэр дугуйлах нь. Энэ мэтчилэн зарчмын асуудал гараад байна.

Уг нь энэ асуудлуудад судалгаа хйигээд үзүүлсэн бол өөр хэрэг. Тэгэхгүйгээр танилцуулга дээрээ бүсчилсэн хөгжлийг дагаж мөрдөж байгаа гэх юм. Яг мөрдөж байна уу гэвэл үгүй. Бид юу гэж дүгнэж байна вэ гэхээр ингээд л хийчихвэл бидэнд ашигтай, нөгөө намынханд ашиггүй гэх байдлаар сонгуулийн тойргоо зурж байна гэсэн байдлаар шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

-Огт судалгаагүй хуулийн төсөл гэсэн үг үү?

-Тэгж хэлж болно. Бидний зүгээс ерөөсөө л тэгш хуваарил гэж байгаа. Хэрвээ үгүй гэж байвал дүүрэг тус бүрийг нэг нэг тойрог болгочих. Үнэхээр бүсчилсэн хөгжил ярьж байгаа бол алслагдсан гурван дүүргээ нэгтгэ. Бүх зүйл ижил тэгш нийцэж байх ёстой.

-Энэ асуудлаар нийслэл болон НИТХ-ын удирдлагуудад шаардлагаа хүргүүлсэн үү. Та бүхэнд ямар тайлбар өгч байна?

-Бид өнгөрсөн баасан гарагт бүлгийн хурлаар албан ёсны танилцуулгаа авсан. НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар санал хураана. Сонгуультай холбоотой асуудал бол эрх баригч нам олонхоороо хүч түрж шийддэг асуудал биш. Хэрвээ тийм гэж үзэж буй бол ардчиллын зарчмаа эвдэж байна л гэсэн үг.

-Нийслэлийн бондын хүү буурах боломжтой-

-Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх бас нэг асуудал бол нийслэлийн үнэт цаас буюу бонд. Хотын дарга солигдсоны улмаас энэ ажил зогсоод байсан. Үнэт цаасны үнэлгээг хэрхэн харж байна?

-Бид Д.Сумъяабазар даргыг байхад ч хэлж байсан. Бонд гаргаад, нийслэлийн иргэдэд тулгамдаж буй түгжрэл, үер, утааны асуудалд дорвитойхон шиг арга хэмжээ авч бүтээн байгуулалтууд хийх ёстой гээд дэмжсэн. Анх бондын хүүг 17.2 хувиар тооцож байсан. Үүний таван хувь нь татвар байгаа юм. Яагаад гэвэл “Засгийн газрын болон Хөгжлийн банкны бонд л татваргүй байна” гээд заачихсан юм билээ.

Тэгэхээр анх Д.Сумъяабазар даргад үүнийгээ татваргүй болго гэх шаардлагыг тавьж байсан. Яагаад гэвэл 2017 оноос хойш Засгийн газар бонд гаргаагүй. Бонд гарахгүй болохоор хөрөнгийн зах зээл нь ажиллахгүй байна.

Одоо нийслэл бонд гаргах гэж байгаа бол дээрх хүүгээ аль болох бууруулах хэрэгтэй. Хэрвээ нийслэл нь 17.2 хувьтай гаргавал компаниуд нь ч өндөр хүүтэй гаргана. Монголбанкны мөнгөний бодлогын хүү 13-аас 12 хувь руу буурсан. Тиймээс нийслэлийн бондын хүү буурах боломжтой гэж үзэж байна.

Хоёрдугаарт, мөнгө нь босоод ирлээ. Юунд зарцуулах вэ гэх асуулт гарч ирнэ. Маш товчхон хэлэхэд, 500 тэрбумынхаа 300 тэрбумаар нь Бөөрөлжүүтийн ДЦС-д дэмжлэг үзүүлээд, нийслэлийн цахилгааны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулна. За болж байна. Дараа нь Туул коллектор буюу бохирын асуудлыг шийдэх гэж байна. Харин 150 тэрбумыг зам засварын ажилд зарцуулна гэж байгаа юм. Бидний зүгээс зам засварлахаас гадна Сэлбэ голын үерийн барилга байгууламж барихад мөнгө тавь гэх шаардлагыг тавьж буй. Д.Сумъяабазарыг Хотын дарга байхад ч бид ийм байр суурьтай байсан. Одоо ч хэвээрээ. Тиймээс саналаа тусгаад явж байна.

-Жалга довны юм ярьдаг улстөрчдөөс ангижрах ёстой-

-Төгсгөлд нь асуухад, та 2024 онд УИХ-д нэр дэвших үү эсвэл НИТХ-даа дахин өрсөлдөх үү. УИХ, НИТХ-ын ялгааг хэрхэн харж байна?

-Шийдвэр гаргах хуулийн хугацаа хараахан болоогүй байна. Хуулиараа тавдугаар сарын 20 гэхэд тодорхой болно. ХҮН нам бол аль болох жалга довны юм ярьдаг улстөрчдөөс ангижрах ёстой. Улс орныхоо эдийн засгийн хөгжлийг өөд нь татах том бүтээн байгуулалтыг ярьдаг, улсаа нэг том тойрог гэж хардаг улстөрчид олон байгаасай гэж боддог. Харин нийслэлийн төлөөлөгчид ч гэсэн нийслэлийн асуудлаа авч ярьдаг, шат шатандаа томрох ёстой.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Би энэ замыг улсын төсвөөр засууллаа” гээд лайв хйигээд явж байсан. Гэхдээ энэ нь тухайн хүний буруу биш байх л даа. Тогтолцооны гажуудал гэж үзэж байна. УИХ-ын гишүүн ч бай, нийслэлийн төлөөлөгч нь ч бай тохижилт хийхийн төлөө явдаг юм шиг тойрог нь жижиг байгаа юм. Тиймээс ард түмнээс сонгогдсон төлөөлөгч шат шатандаа ажлаа хийдэг байхын тулд тогтолцоо маш чухал.

-Ярилцсанд баярлалаа.

С.Бямбацогт: Орон нутагт Мазаалай онгоцоор нислэг үйлдэж эхэлснээр баруун 5 аймагт тийзний үнэ хямдарч байна
С.Бямбацогт: Орон нутагт Мазаалай онгоцоор нислэг үйлдэж эхэлснээр баруун 5 аймагт тийзний үнэ хямдарч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.