Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр: Эрх баригчид өөрсдөө хуулиа зөрчиж, эдийн засгаа сүйрүүлж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 32 секунд

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

------------------------------------

-Ирэх намар шинэ парламент эдийн засгийн хэд хэдэн сорилттой нүүр тулах магадлалтай. 2024 оны УИХ-ын сонгуулийн жилд төсвийн үрэлгэн бодлогын нөлөөгөөр инфляци хөөрөгдөх, валютын савлагаанд төгрөг цаас болох эрсдэл отож байгааг шинжээчид сануулах боллоо. УИХ-ын сонгууль бидний амьдралд хэрхэн нөлөөлөх бол?

-Далайд гарцгүй манай улсын хувьд эдийн засаг нь гадаад худалдаанаас маш өндөр хамааралтай. Энүүхэндээ хилийн цаана хоёр хөршийн хүрээнд л худалдаа хийж байна. Өнөөдөр нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг цөөн бүтээгдэхүүнийг өөр улс руу тээвэрлэх гарцгүй. Төмөр замын холболтуудаа хийж амжаагүй. Нэг зах зээлээс 92 хувийн хамааралтай учраас маш их эрсдэл дагуулж байна.

Олон улсын байгууллагууд өнгөрсөн оноос Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгааг сануулах болсон. Тус улсын эдийн засгийн өсөлт 5 хувиас доогуур байхаар таамаглаж байгаа нь ирэх жилүүдэд Монголын нүүрсний эрэлт буурах өндөр магадлалтай.

Аль эрт нүүрсний үнэ бууж эхэлсэн. Энэ нөхцөлд өр үүсгэхгүй, төсвийн тогтвортой байдалд л анхаарах нь чухал. Хэрэв төсөвт хянуур хандахгүй бол нүүрсний экспорт 2022, 2023 он шиг дахин өсөх боломжгүй. Хэрэв экспортын орлого 15 тэрбум ам.долларт хүрэхгүй бол төлбөрийн тэнцэл алдагдах төсөв тасрах магадлалтай. Гэтэл улсын хэмжээнд инфляцид нөлөөлж буй уламжлалт хүчин зүйлс өөрчлөгдөөгүй. Зудын эрсдлээс үүдэн ирэх зуны зургадугаар сараас эхлэн махны нийлүүлэлт доголдож магадгүй. Мах бол инфляци нэмэгдэх голлох хүчин зүйл. Нөгөө талд, импортын бараа бүтээгдэхүүний хамаарал үнийн өсөлтийг нэмэгдүүлэх эрсдэл отож байна.

БЭЛЭН МӨНГӨ ТАРААЖ БАЙГАА НЬ ИМПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ИНФЛЯЦИ ӨСӨХ ЭРСДЭЛ ДАГУУЛНА

-Таны хэлсэнчлэн төсөв тасрах, төлбөрийн тэнцэл алдагдах маш том эрсдэл хүлээж байгаа бол өнөөдрийн сонгууль угтсан амлалт, цалин тэтгэвэр нэмэх, бэлэн мөнгө тараах нь сэргэж байсан эдийн засгаа хорлосноос өөрцгүй бололтой?

-Сонгуулийн цикл эдийн засагт халтай болохыг олон улсын байгууллагуулагууд болон дотоодын судлаачид олон жилийн өмнөөс сануулсаар өнөөдрийг хүрлээ. Улс төрийн сонгууль болж буй ямар ч улс нь төсвийн зарлагаа нэмдэг ч тодорхой хэмжээний хязгаартай. Харин бид боломжоосоо давсан амлалт өгч болохгүй. Сүүлийн үед цалин хөлсийг нэмэгдүүлэх, 1072 хувьцааны ноогдол ашиг тараах зэрэг их хэмжээний бэлэн мөнгө иргэдэд тарааж байгаа нь эргээд бараа бүтээгдэхүүний эрэлтийг өсгөх талтай. Импорт нэмэгдэх нь инфляцийг нэмэгдүүлнэ.

Өөрөөр хэлбэл эрэлт нийлүүлэлтийн зөрүүнээс хамаарч үнэ өсөх эрсдэлтэй. Өнгөц харвал цалин нэмэх нь эерэг талтай ч нөгөөтэйгүүр инфляци өсөх эрсдэл байгааг шийдвэр гаргах түвшний эрх баригчид тооцох ёстой атал судлаагүй л байхгүй юу. Энэ бол өмнөх алдаагаа давтаж байгаагаас өөрцгүй.

Хөрөнгө оруулалтын тухайд бид нэн тэргүүнд хамгийн чухал буюу эрсдэлтэй, гамшиг учруулж болзошгүй зүйлд хөрөнгө оруулалт хийх ёстой атал өнөө маргаашийг харж сонгогчдын эрэлт хэрэгцээнд таалагдсан зүйлд хөрөнгө оруулалт түлхүү хийж байна. Гэтэл мөнгө хязгаартай. Дараа нь аминд тулсан чухал төслүүдээ хөдөлгөх хөрөнгө оруулах боломжгүй болдог. Учир нь өмнө нь гаргасан алдаагаа засахын тулд илүү их мөнгө үрсэн учраас тэр. Гэвч энэ алдаа давтагдсаар л байна. Олон улсын байгууллагуудын Монгол Улсад 20 гаруй жил хийсэн бүх судалгаа зөвлөмжид энэ тухай л сануулсан байдаг. Хилийн боомт, авто зам, эрчим хүч зэрэг нэн чухал дэд төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлэхийг зөвлөж сануулсан ч өнөөдрийг хүртэл энэ дарааллаа зөв тогтоож чадаагүй. Салбар бүр өөрсдийн амбицтай, улс төрчид өөрсдийнхөөрөө "попорч" нэгийнхээ урдуур зүтгэдэг. Иргэдийн хурлаас авхуулаад УИХ-аар төсөв батлахад судалгаа шинжилгээнд тулгуурладаггүй. Тухайн хэсгийнхээ ашиг сонирхлыг илүү үздэг учраас эрэмбэ дарааллаа зөв тогтоож чадахгүй үр дагаврыг нь өнөөдөр үзэж байна. Үерийн гамшиг, зуд, түймрийн хохирлын цаана алдаатай бодлого байгааг л харуулаад байгаа юм. Монголд өнгөрсөн зун анх удаа үер бууж, энэ жил анх удаа зуд нүүрлээгүй шүү дээ.

-Сонгууль хаяанд ирсэн өдрүүдэд улс төрчид хөрөнгө оруулалт нэртэйгээр тойргоо “услахад” дэд бүтцээс илүү анхаарч байгаа бололтой?

-2024 оны УИХ-ын сонгуульд оролцож буй намуудад тавьж буй шаардлага нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх ёстой. Энэ бодлогод эрчим хүч, авто зам, төмөр зам, хилийн боомтуудыг хөгжүүлэх улс орны зайлшгүй суурь дэд бүтцийг тодорхой заасан. Дэд бүтэцгүй газар ямар ч үйлдвэрлэл хөгжих боломжгүй. Иймээс намууд аль нэг тийш туйлшрахгүй байх ёстой. Хоёрдугаарт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг чанд хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь улс төрчид, төрийн захиргааны байгууллагуудын цаасан дээрх богино хугацааны бодлого нь унтаж сэрээд л гэгчийн үлгэрээр өөрсдийнхөөрөө зүтгэж алдаа гаргаж байгаа нь улс орны хөгжлийг хойш нь чангааж байна. Угтаа бол Монгол Улс баталсан хуулиудаа мөрдөх хэрэгтэй. Гэвч батлагдсан хуулийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр 600 руу дөхлөө. Энэ олон хуулиуд бодит байдал дээр хэрэгждэггүй. Жишээ нь, энэ оны дөрөвдүгээр сараас цалин тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмсэн. Үүнийг өнгөрсөн оны төсөвт тусгахдаа иргэдийн худалдан авах чадварыг сайжруулна гэж бичсэн ч инфляци өсөх сөрөг үр дагаварыг нь судлаагүй л байхгүй юу.

-Яагаад?

-Төсөв өргөн барихад төсвийг хууль тогтоомжийн тухай хуулиар бус өргөн барьж хэлэлцдэг. Харин төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, өрийн стратеги бичиг баримтууд үүнд хамаардаггүй. Цалин нэмэх шийдвэр судалгаагүй байсан ч текстээр эерэг талаас нь “гоё болно” гэх байдлаар л хэлэлцэж байна. Ийм маягаар парламентын түвшинд аливаа шийдвэр гаргахад хууль тогтоомжийг чанд мөрдөхгүй байна. Хоёрдугаарт, үйл явц нь алдаатай учраас төсвийг судалгаагүй батлах боломжтой. Хэдийгээр улсын төсвийг батлахаас өмнө Сангийн яам, Засгийн газар, УИХ-ын Байнгын хороод, Их хурлаар шат бүрт хэлэлцдэг ч нарийн тооцоо судалгаа алга. Олон улсын жишгээр аливаа шийдвэрийн эерэг болон сөрөг үр дагаврыг тооцож ялангуяа макро эдийн засагт үзүүлэх үр дагаврыг тооцох ёстой. Шийдвэр гаргаж буй тогтолцоонд гаргаж буй алдаагаа залруулахгүй бол цаашид асуудал улам бугширна. Хамгийн гол асуудал нь, Засгийн газар УИХ-ын түвшинд шийдвэр гаргаж буй тогтолцоогоо илүү их хуульд нийцүүлэн чамбай хэрэгжүүлж байх ёстой. Гэвч өөрсдөө хуулиа зөрчиж, эдийн засгаа сүйрүүлж байна. Үүний нэг шалтгаан нь, Монгол Улсын урт дунд хугацааны хөгжлийн зорилтуудтай хэрэгжүүлж буй арга хэмжээ төсөл хөтөлбөр нь уялдахгүй хэрэггүй үрэлгэн зарлага гаргаж байна. Хэрэгжүүлж буй төслүүдийн дийлэнх нь байшин барилга барихад төвлөрч, сүүлдээ өөр хоорондоо байшин барихад уралдах хандлагатай боллоо.

-2024 онд 27 их наядын зарлагатай төсөв баталсан шүү дээ. Гэтэл сонгуулийн жилийн үрэлгэн төсвийн сөрөг үр дагавар хэдэн жилээр эдийн засгийн өсөлтийг дөнгөлж байдгийг өнгөрсөн жилүүдийн гашуун туршлагууд ч нотолно. Жишээ нь, 2004 оны сонгуулийн үрэлгэн зарлага 2006 онд гарч даамжраад 2008 оны эдийн засгийн хямралтай нүүр тулсан үе бий. Бид хэмнэнэ гэж ярьдаг ч эсрэгээрээ улам төсвийг тэлсээр байна?

-2024 онд 27 их наяд төгрөгийн зарлагатай төсөв баталсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний 38 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Засгийн газар төсвөөрөө дамжуулан зарж байна. Энэ нь бидэнтэй ижил түвшинд хөгжиж буй далайд гарцгүй түүхий эдээс амааралтай улс орнуудтай харьцуулахад илүү өндөр хувьтай байгаа юм. Тухайлбал, Монголтой ижил хөгжиж буй Төв Азийн улс орнуудын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 25 хувиас бага. Мөн Латин Америкийн орнуудад 20-иос доош хувьтай байгаа юм. Иймээс аль болох төсвийн зарлагыг 30 хувиас доош бууруулах ёстой. Ийм боломж бий. Бид өр, төсөвөө тэлж болохгүй тухай зөвхөн өнөөдөр ухаараагүй. Уул уурхайгаас хамааралтай, түүхий эдийн хараат болж эхлэх үед л олон улсын валютын сан анхааруулж байсан. Түүхий эдий хамааралтай улс орнуудыг хамардаг Голланд өвчин буюу баялгийн хараалаас болгоомжлохыг сануулж байсан.

Байгалийн баялгийн орлогоор их хэмжээний орлоготой болох өөдрөг төсөөлөл, төсвийн үрэлгэн зардал нь Голланд өвчний шинж. Төсвийг үрэлгэн зарцуулснаас өр үүсдэг.

Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өр, зарлагын хязгаарыг тогтоодог болсон. Харамсалтай нь энэ хуулийг өнгөрсөн 13 жил хэрэгжүүлээгүй. Жил бүр төсвийн хүрээний мэдэгдэл баталдаг мөртлөө намар нь Их хурлаар төсөв боловсруулахад үүнийгээ зөрчдөг. УИХ, Засгийн газар нь хуулиа өөрсдөө зөрчдөг. Хэрэв хуулиа хэрэгжүүлж өр, төсвийн хязгаараа дагасан бол өнөөдөр Монгол Улсын өр таазанд тулахгүй.

Монголд шинэ төслөөс илүү технологийн шийдэл, хөрөнгө оруулалт л чухал. Ингэж чадвал Монгол Улс цаашид жил бүр төсвийг нэмэх шаардлага гарахгүй.

Төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас доош хувьд барьж салбар бүрт оновчтой хөрөнгө зарцуулбал өр үүсэхгүй. Төсвийн зөв бодлогоор явж болно.

БАЯЛГИЙН ХАРААЛААС ГАРАХ ЭСЭХ НЬ ЭРХ БАРИГЧДЫН ШИЙДВЭРЭЭС ШАЛТГААЛНА

-Бид баялгийн хараалаас яаж салах вэ. Энэ тухай олон жил ярьж байна?

-Уул уурхайн салбар тэлж бусад салбар шахагдаж байна. Үүнийг дагаад чадварлаг боловсон хүчин банк санхүү, уул уурхайн салбарт төвлөрөх боллоо. Харин хөдөө аж ахуйн салбар агшиж мянгатуудаас бусад малчдын амжиргаа сайжраагүй өрхөө тэжээх хэмжээнд л байна.Ийм байдлаар Голланд өвчний шинж тэмдэг илэрч байгаа юм. Иймд улсын төсөвт зөв бодлого хэрэгтэй гэдгийг улс орнуудын жишээ харуулж байна.

Баялгийн хараалаас гарах эсэх нь эрх баригчид хуулиа чанд мөрдөх эсэхээс шалтгаална. Парламент буюу хууль тогтоогчид зөвхөн өнөөдрийн тухай биш урт хугацааны тухай бодох ёстой. Үүний тулд дүрэм журмаа л ойлгох ёстой.

-Таны ярианаас дүгнэхэд эрх баригчдын харалган бодлогын хар гай нь эдийн засгийг буруу тогтолцоо руу чиржээ. Магадгүй дөрвөн жил тутмын сонгуулийн амлалт ч нөлөөлсөн байх?

-Эрх баригчдын зүгээс хурал зөвлөгөөн хийх бүртээ л “улс төрийн намуудыг төлөвшүүлэх ёстой” гэж дуугардаг. Намууд төлөвшиж чадвал улс орны хөгжил зөв чиглэл рүү урагшилна. Хамгийн чухал нь, намууд улс орны хөгжлийн бодлогын төлөө зөв төлөвшилтэй байх ёстой. Үүнийг л төлөвшүүлэх ёстой. Бүх шийдвэрийн тогтолцоо нь намуудаас л хамааралтай. Намууд улс төрийн сонгуульд орохдоо мэдлэг чадвартай хүмүүсээ байх ёстой газар нь томилдог бол ийм асуудал үүсэхгүй. Өнгөрсөн жилүүдийн бүхий л сургамж бол албан тушаалд томилогдсон хүн мэдлэг чадваргүй, асуудлаа бүрэн ойлгодоггүй. Үүнээс л асуудал гарч байна. Нэгэнт улс төрийн сонгууль нам төлөөлөн өрсөлдөж байгаа бол тодорхой албан тушаалд төрийн албаны шаардлага хангасан өндөр мэдлэг чадвартай боловсон хүчнийг дэвшүүлэх ёстой. Аль нэг намын улс төрийн лобби хэрэггүй.

П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.