Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: 2020-2024 оны 3 сар хүртэл Ц.Анандбазар НЭГ ЧУУЛГАНЫ ДАЙТАЙ ТАСАЛЖ, Д.Цогтбаатар 74 удаа хоцорч, Сү.Батболд ХАМГИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ гишүүнээр тодорч байна

Ангилал
Улс төр Visual toim
Огноо
Унших
9 минут 17 секунд
Г

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент сарын дараа “отгон” чуулганаа өндөрлүүлэх гэж байна. Үндсэн хуульд заасны дагуу парламент нэг жилийн хугацаанд ажлын 75 хоногт хуралдаж, хууль болон тогтоолын төслүүдийг батлах үүрэгтэй. Тодруулбал, бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд 300 орчим хоног хуралдах ёстой гэсэн үг. Тэгвэл энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ-д сонгогдсон 76 гишүүний чуулганы хуралдаанд хэрхэн оролцож, ард түмний төлөөллийн үүргээ биелүүлсэн бэ

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ХАМГИЙН ИХ ТАСАЛСАН 10 ГИШҮҮН

УИХ-ын чуулган жилдээ хоёр удаа хуралддаг бөгөөд нэг улирлын хуралдаан 32-36 удаа үргэлжилдэг байна. Таслалтаараа тэргүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бүтэн нэг улирлын хуралдаантай дүйцэхүйц хугацаанд тасалжээ.

УИХ-ын гишүүн, Б.Жавхлан, УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нар удаалж байна. Х.Нямбаатарын хувьд өмнө нь 2022 оны гуравдугаар сард УИХ-ын чуулган 7 удаа хуралдах үед тасалсан 18 гишүүний нэг бөгөөд нийт 15 цаг тасалж жагсаалтыг тэргүүлсэн байдаг.

Мөн 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд 76 гишүүнээс 66 гишүүн таслалттай байгаа бол УИХ-д АН-аас сонгогдсон 11 гишүүн бүгд таслалттай байгаагаас хамгийн олон удаа тасалсан гишүүн нь А.Адъяасүрэн 16 удаа, Ц.Туваан 15 удаа тасалж тэргүүлсэн байна.

Харин 2020 оны сонгуульд УИХ-д 62 суудал авч олонх болсон МАН-ын нийт гишүүдийн 52 нь буюу намын нийт гишүүдийн 83.8 хувь нь энэ парламентын хугацаанд ямар нэгэн байдлаар таслалттай бүтгэгджээ.

Харин бие даан сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нйит 14 удаа тасалж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн 14 удаа тасалсан байх бол ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд 5 удаа тасалжээ.

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААС ХАМГИЙН ИХ ХОЦОРСОН 10 ГИШҮҮН

2020-2024 оны парламентын дөрвөн жилийн хугацаанд хамгийн олон удаа хоцорсон гишүүдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд нар тэргүүлж байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ парламентын хугацаанд нийт 74 удаа хоцорсон бөгөөд дунджаар 10 минутаас 3 цаг хүртэлх хугацаагаар хоцорчээ. Харин УИХ-ын гишүүн Сү.Батболд нийт 74 удаа хоцрохдоо дунджаар 15 минутаас 01 цагийн хугацаагаар хоцорсон байна.

8 дахь парламентын 4 жилийн хугацаанд нийт 71 гишүүн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хоцролттой бүртгэгдсэн бөгөөд үүнээс МАН-ын 62 гишүүний 58 нь буюу 93.5 хувь нь УИХ-ын чуулганы хуралдаанаас хоцорч бүртгэгджээ.

Тэгвэл УИХ-д АН-аас сонгогдсон 11 гишүүн бүгдээрээ хоцролттой байх бөгөөд намын гишүүдээсээ Н.Ганибал 33 удаа хоцорч, Д.Ганбат 29 удаа, Ж.Батсуурь 20 удаа, А.Адъяасүрэн 18 удаа тус тус хоцорч тэргүүлжээ.

Харин 2020 оны сонгуульд бие даан сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нийт 23 удаа хоцорч, С.Ганбаатар 30 удаа тус тус хоцорсон байна. Мөн ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ парламентын хугацаанд нийт 48 удаа хоцорчээ.

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААС ХАМГИЙН ИХ ЧӨЛӨӨ АВСАН 10 ГИШҮҮН

Энэ парламентын дөрвөн жилийн хугацаанд хамгийн олон удаа чөлөө авсан гишүүдийн жагсаалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж байна. Түүний хувьд нийт чуулганы хуралдааны 47 хувьд нь суугаагүй аж. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Ганбаатар, С.Амарсайхан, Ш.Раднаасэд нар удаалжээ. МАН-аас УИХ-д сонгогдсон нийт 62 гишүүн бүгд ямар нэгэн байдлаар чөлөө авч байжээ.

Харин бие даагч гишүүн Н.Алтанхуяг нийт 5 удаа чөлөө авч, С.Ганбаатар 26 удаа чөлөө авсан байх бол ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ парламентын хугацаанд нийт 11 удаа чөлөө авч байжээ.

ХАМГИЙН ОЛОН ЭМНЭЛГИЙН ЧӨЛӨӨТЭЙ БАЙСАН 10 ГИШҮҮН

Энэ парламентын хугацаанд хамгийн олон удаа эмнэлгийн чөлөөтэй байсан гишүүдийн жагсаалтыг УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүлж байна. Тэрбээр, өнгөрсөн сонгуулийн дараа хүнд өвдөж нэлээдгүй хугацаанд гадаадад эмчлүүлж байсан удаатай. Тиймээс эмнэлгийн чөлөөтэй хугацаа нь бусдаасаа илүү байгаа юм. 2020 оны УИХ-ын сонгуульд 62 суудал авсан МАН-ын 52 гишүүн энэ парламентын хугацаанд ямар нэгэн байдлаар чөлөө авсан байх бөгөөд намын нийт гишүүдийн 83.8 хувийг эзэлж байна.

Харин АН-ын 11 гишүүний 7 нь чөлөө авч, намаасаа сонгогдсон нийт гишүүдийн 63.6 хувийг эзэлж байна.

Түүнчлэн бие даагч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 7 удаа чөлөө авч байжээ. 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд бие даан сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ХҮН намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд нар чөлөө авч байгаагүй байна.

2020 оны УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатар нийт 8 удаагийн чуулганд нэг ч хуралдаан тасалж хоцорсон бүртгэлгүй байх бөгөөд 4 удаа чөлөө авч байсан аж.

УИХ-ын гишүүний ёс зүйн шинэчилсэн дүрэм 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг дүрмийн 17.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулган, байнгын, дэд, түр хорооны бүтэн жилийн хуралдаанд хоцорсон, тасалсан цаг нь ажлын таван өдрийн буюу 40 цагаас дээш гарсан бол Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ гэж заасан байдаг. Хэрэв дээрх зөрчлийг гаргасан бол сануулах арга хэмжээ авах, олон нийтээс уучлалт гуйхыг үүрэг болгох хариуцлага тооцно гэж заажээ.

Харамсалтай нь дээрх заалт өнөө хэр нь УИХ-ын гишүүдэд үйлчилдэггүй бөгөөд УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах чадамжтай зохицуулалт болж чадахгүй байгаа нь үүгээр харагдаж байна.

Угтаа УИХ-ын гишүүн гэдэг нь төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээс сонгогдсон элч хэмээн нэрлэгдэж дөрвөн жилийн хугацаанд халдашгүй бүрэн эрхээ эдэлдэг ч харамсалтай нь үүргээ мартаж хууль батлах, сонгогчдын эрх ашгийг хамгаалж, УИХ-д ажиллах үндсэн үүрэг нь сул явж ирсэн нь чуулганы хуралдаанд оролцсон идэвхээс харж болох юм.

Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент бүхэлдээ улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж нөхцөлүүдийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх зорилт тавьж байв. Өнгөрсөн хугацаанд төрийн тогтолцооны суурь шинэчлэлүүдийг хийж, ЗГ-аас хэрэгжүүлсэн авлигын эсрэг тэмцэл, Засгийн газрын шийдвэр, санал бүрийг УИХ дэмжиж ажиллаж ирсэн ч парламентын дархлаа суларч, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ хэт томорсон үндэс нь хууль тогтоох байгууллагын чадамж сул байгаатай холбоотой гэж судлаачид дүгнэдэг. Товчхондоо УИХ-ыг бүрдүүлж байгаа гишүүдийн хууль санаачлах, батлах, асуудал хэлэлцэх, бодлого тодорхойлох, шийдэл эрэх идэвх харьцангуй сул байсан нь энэ удаагийн парламентын хамгийн сул тал гэж хэлж болохоор аж.

Сүүлийн 76 гишүүнтэй 8 дахь удаагийн парламент түүхэндээ хамгийн их яллагдагч, сэжигтэнтэй гэдгээрээ онцлог байв. Хөгжлийн банк, Боловсролын сангийн зээл, Нүүрсний хулгайн хэрэг ил болж, УИХ-ын 17 гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон хууль, шүүхээр шалгагдаж, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн билээ.

Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
 
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
2026 онд ашиглалтад оруулах Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.