Өчигдөр Ерөнхий сайд асан С.Баяр "Ц.Элбэгдорж “2024 сонгуулиар МАН 20 хувь л авна. Үүнээс илүү авбал сонгууль луйвардсан гэсэн үг” гэж. 2008 оны сонгуулийн өмнө ийм юм мэдэгдэж байгаад урдчилсан дүн гармагц үймээн дэгдээж эхэлсэн. Аль нам хэдэн хувийн санал авах лимит тогтоон зарладаг хэн бэ тэр. МАН 20% илүүг авбал яана гэх гээд байгаа юм. Сэрэмжтэй байгтун" хэмээн өөрийн твиттер хуудаснаас жиргэжээ.
Харин түүний жиргээндээ дурдсан үймээн дэгдээсэн гэх агуулгад АН-ын дарга асан С.Эрдэнэ "С.Баяр гуай ийм загасны ой санамжтай байж болохгүй. Та тэр үеийн сонгуулийн гол будлианыг зохион байгуулж шударга залуусын амь нас итгэл үнэмшлийг цагдаагийн тахтай гутлын улаар дэвсэлж үгүй хийсэн тэр түүх мартагдаагүй байгаа шүү. Одоо ч тэр түүх давтагдахгүй гэх баталгаа үгүй" гэсэн юм.
Үүний хариуд Ерөнхий сайд асан С.Баяр "С.Эрдэнэ гуай, загасны санамж гэснээс танд хэдэн зүйл сануулъя. 2008 сонгууль олон мандаттай тойрогт болсон. Ийм сонгуулийг нэг нам дангаар луйвардах боломжгүй. Харин хэд хэдэн тойрогт өөр өөр намын луйварчид хоршиж "ханцуйн наймаа” хийсэн байсан. Үүнээс болж танай, манай намын гишүүд өөр зуураа муудалцаж уралцсаны шарх, сорви одоо ч эдгээгүй шиг. "Шударга залуусын итгэл үнэмшлийн" тухайд. 2008 онд сонгууль өгсөн хүний хурууг хар бэхээр буддаг байсныг сануулъя. ЦЕГ-т саатуулагдсан 900 орчим залуусын 187 нь хуруундаа хар будагтай байсан гэдэг. Өгөөгүй сонгуулийн "итгэл үнэмшил" гэж юу байдаг юм бол. Надад сануулаач" гэжээ.