Сүүлийн жилүүдэд тасралтгүй, тогтвортой өсөж буй салбар бол яалт ч үгүй банкны салбар. Одоо үйл ажиллагаа явуулж буй банкнуудын нийт хөрөнгө л гэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2.5 дахин нэмэгдэж 54.2 их наяд төгрөгт хүрээд буй. Түүнчлэн өнгөрсөн онд банкны реформын хүрээнд ТОП-5 банк IPO хийснээр нийт 6 банк олон нийтэд нээлттэй болоод байна. Тэгвэл тэдний энэ бүх тэлэлт, хөгжил та бидэнд ямар нөлөө үзүүлж байна вэ.
Том зургаар: Эдийн засаг дахь нөлөө
Санхүү, бизнесийн бусад үйл ажиллагаа салбар нь 2022 оны ДНБ-ий 11.8 хувийг бүрдүүлсэн байдаг. Мэдээж үүнд банкны салбар багтаж буй. Банкны салбар нь санхүүгийн системийн 90 хувийг дангаар бүрдүүлдэг билээ. Түүнчлэн тус салбарын 1 ажилтанд ногдох ДНБ-ийг 2015 оны зэрэгцүүлэх үнээр харвал ХАА-н салбарынхаас даруй 6.1 дахин, уул уурхай олборлолтынхоос 1.4 дахин өндөр буюу 82.5 сая төгрөг байгаа юм.
- Ийм өндөр байгаа нь юуг илэрхийлэх вэ гэхээр, тус салбарын ажилтан бүр бусад салбарын ажилчдаас илүүтэйгээр эдийн засагт хувь нэмэр оруулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэдний бүтээмж, ашигт ажиллагаа, үр ашиг өндөр байгаа байх нь.
- Түүнчлэн банкнуудын цар хүрээ үйл ажиллагаа ихэд тэлсэн. Нээлттэй 6 банк л гэхэд 2023 онд нийт 52 их наяд төгрөгийн хөрөнгийг удирдаж, 1.2 их наяд төгрөгийн ашиг олсон билээ. Банкны салбарын хөрөнгө, ашгийн өсөлт нь эдийн засгийн өсөлт, санхүүгийн тогтвортой байдал, харилцагчдын итгэлд эергээр нөлөөлж буй.
Хөрөнгийн зах зээл дэх нөлөө
Цаашлаад яривал, одоогоос 3 жилийн өмнө СЗХ болон Монголбанкнаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар банкны реформ эхлэх боломж бүрдсэн. ТОП-5 банкны IPO-н дараа ХЗЗ-ийн үнэлгээ 2.3 дахин өсөж ₮11.1 их наяд болсон билээ. Өөрөөр хэлбэл банкны системийн шинэчлэл ХЗЗ-ийг дараагийн түвшинд аваачиж, идэвхжүүлсэн юм. ДНБ-д харьцуулсан ХЗЗ-ийн үнэлгээ ТОП банкнуудын IPO эхлэхээс өмнө буюу 2022 оны II улиралд 11.3 хувь байсан бол одоо 16.7 хувь болсон нь ч үүнийг илтгэнэ.
- Түүнчлэн 6 банк IPO хийснээс 5 банк нь ТОП-20 компанийн эгнээнд багтах болсон. Улмаар шинэчлэгдсэн ТОП-20 компанийн 10 нь санхүүгийн салбарынхан болоод байна. Банкнууд ТОП-20 индексийн багцад нэмэгдэж орсноор уг багцын зах зээлийн үнэлгээ 64.3 хувь нэмэгдсэн. Мөн өдрийн арилжааны идэвх ч өссөн. Тэгэхээр банкны реформ яалт ч үгүй ХЗЗ-ийг идэвхжүүлсэн байгаа биз.
- Нэмээд хэлэхэд ТОП-5 банкны IPO маш олон хөрөнгө оруулагчдыг татсан. Тэд дунджаар банкныхаа 7.46 хувийг олон нийтэд нээлттэй болгосон бөгөөд 5 IPO-д нийт 71,255 хөрөнгө оруулагчаас 725.5 тэрбум төгрөгийн захиалга ирсэн нь татан төвлөрүүлсэн дүнгээс 63.6 хувь илүүрхэж байв. Эндээс харахад Монголын ард түмэн, нийт хөрөнгө оруулагчид банкны хувьцаа эзэмшигч болохыг ихэд хүссэн нь илт.
- Одоо бол нийт 72,434 хөрөнгө оруулагч 6 банкны хувьцааг эзэмшиж байна. Мөн нээлттэй 6 банкны 4 нь 362.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсноор хөрөнгө оруулагчид хувьцааны үнийн зөрүүнээс ашиг олохоос гадна ногдол ашгийн өгөөж хүртэж буй. Угаас банкны салбар нийт ногдол ашгийн 80.6 хувийг бүрдүүлэхээс гадна ногдол ашгийн өгөөж нь бусад салбарынхаас хамаагүй өндөр байгаа юм. ХААН Банк л гэхэд 271 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргасан бөгөөд ногдол ашгийн өгөөж нь 11.8 хувьтай байсан нь компаниудын дундаж өгөөжөөс 6.6 нэгж хувиар илүүрхсэн юм.
- Энгийнээр бол банкны салбар ХЗЗ-ийг тэлж, идэвхжүүлж, дундаж үзүүлэлтүүдийг өргөхөөс гадна иргэдэд өндөр ногдол ашиг хүртэх боломжийг олгож байгаа. Өөрийн харилцдаг банкныхаа ашгаас өгөөж хүртэнэ гэдэг чинь мэдээж хэн бүхний хувьд тааламжтай мэдээ. Сануулахад, хэн бүхэн хүссэн нээлттэй банкныхаа хувьцааг эзэмших боломжтой шүү.
Технологийн хөгжилд
Нэг цаг үе хүн бүр тэтгэвэр, хүүхдийн мөнгөө авах гэж, гүйлгээ хийх гэж хамаг цагаа банкны очерт үрдэг байсан. Харин одоо интернэт болон мобайл банкны хөгжил маш өндөр түвшинд хүрснээс гадна банкнууд олон шинэ технологийг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн төрөл бүрийн урамшуулал, бүтээгдэхүүн үйлчилгээ, картууд ч бий болсон. Улмаар бэлэн гүйлгээний тоо буурч бэлэн бус гүйлгээний тоо нэмэгдэж буй. Тодруулбал, 2022 оны I улирлын байдлаар нийт гүйлгээний 11.9 хувь нь бэлнээр, 88.1 хувь нь бэлэн бусаар хийгдсэн байна. Уг нь бол 2017 онд бэлэн гүйлгээний нийтэд эзлэх хувь 26.3 хувь байжээ. Тэгэхээр банкны салбарын технологийн хөгжил нь харилцагчдын цаг завыг улам л хэмнэж байгаа хэрэг. Цаг хэмнэгдэж байна гэдэг чинь бүтээмжийг өсгөж байна аа л гэсэн үг.
- Мөн банкны апп-ууд улам хялбар болсоор байгаа. Голомт банкны SocialPay л гэхэд Чимэгэ дуу хоолой таних технологийг ашиглан төлбөрийн шилжүүлэг хийхээс гадна карт ашиглахгүйгээр Smart Киоск төхөөрөмжөөс бэлэн мөнгө авах зэрэг шинэ содон үйлчилгээтэй болсон. Мөн ихэнх банкны апп-уудаар дамжуулж цахилгаан, СӨХ, ТВ, интернэт, гар утасны төлбөр төлөх, нэгж авах, бүр заримаар нь Umoney автобусны карт цэнэглэх ч боломж бүрдсэн. Банкны салбарт хийгдэж байгаа энэ бүх технологийн хөгжүүлэлт нь та бидний амьдралыг хялбарчилж байна даа.
Таны амьдралд
Үргэлжлүүлээд ярихад, банкны гол үйл ажиллагаа бол санхүүгийн зуучлал. Банк хадгаламж эзэмшигчдээс хадгаламж цуглуулж, тэдгээр хөрөнгийг зээлдэгчдэд зээл, хөрөнгө оруулалт болгон дамжуулж дундаас нь ашиг олж байгаа. Манайх шиг хөгжиж буй банкны салбар нь иргэд болон ААН-ийн бизнес эрхлэлтийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг нөлөөтэй.
- Өнгөрсөн 1-р сарын байдлаар нийт 27.5 их наяд төгрөгийн зээл олгогдсон аж. Үүний 32.2 хувийг цалингийн, тэтгэврийн, картын зэрэг иргэдийн хэрэглээний зээл бүрдүүлж буй. Угаас Монголын 1.8 сая иргэн арилжааны банканд зээлтэй гэдгээс банкны салбар нийт иргэдийн дийлэнхийнх нь санхүүгийн хэрэгцээг хангаж байгааг харж болно.
- Угаас банкны хөрөнгө, ашгийн хэмжээ ихсэх тусам банкнуудын бизнес болон хэрэглэгчдэд олгох нөөц улам ихэснэ. Энэ нь хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх, бизнесээ өргөжүүлэх, орон сууц, машин зэрэг томоохон салбарын худалдан авалтыг дэмжих замаар эдийн засгийн идэвхжүүлэх боломжтой гэсэн үг.
- Түүнчлэн сүүлийн үед банкнуудын олгож буй ногоон зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа. ХААН Банк л гэхэд 657 тэрбум орчим төгрөгийн ногоон эх үүсвэр, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 326 тэрбум төгрөг гэх зэргээр нийтдээ ойролцоогоор 1 их наяд төгрөгийн эх үүсвэр татаж, үүнийгээ байгальд ээлтэй төсөл хөтөлбөрт зээл хэлбэрээр олгосон. Тэгэхээр хэрэв та байгаль орчинд ээлтэй, ногоон төсөл, бизнес санаачилбал банкнаас боломжийн нөхцөлтэй зээл авч чадна гэсэн үг.
Дүгнэхэд, та бид банкны салбарын хөгжил, өсөлт нь эдийн засаг, нийгэм, хөрөнгийн зах зээл, санхүүгийн системд асар их нөлөө үзүүлдэг гэдгийг харлаа. Тус салбар нь санхүүгийн зуучлалыг хөнгөвчлөх, санхүүгийн хүртээмж болон инновацыг дэмжих замаар асар хурдтайгаар тэлж байна даа.
“Монгол Улсын эдийн засагт банкны салбарын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт нийтлэлийн уралдаанд Тусгай байрт шалгарсан нийтлэл.