Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Зээлийн мэдээлийн санг “баллуурдсанаар” хичээж хөдөлмөрлөсөн нь хохирч, хойш суусан нь хожиж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 35 секунд

Монголбанкнаас зээлийн мэдээллийн санд “Хар жагсаалт”-д бүртгэлтэй иргэдэд нэг удаа өршөөл үзүүлэхээр болсныг өчигдөр мэдэгдсэн. Банк, санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж ийнхүү зээлийн ангилал буурсан буюу анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр болсон. Энэ шийдвэр нь дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 2 хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан зээлдэгч нарт хамааралтай болохыг төв банк мэдэгдсэн билээ. Эсрэгээрээ уг шийдвэр нь иргэдийг өнөөдөр баярлуулж маргааш хорлох аюултайг сөрөг хүчний намын зүгээс болон эдийн засагчид санууллаа. Тэдний байр суурийг хүргэе.

----------------------------------------

МАН-ЫН ДАРАНГУЙЛАЛ МОНГОЛБАНКАНД НӨЛӨӨЛЖ СОНГУУЛЬД ОРОХ ШИЙДВЭР НЬ АЮУЛ ДАГУУЛЖ БАЙНА

АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх Н.Амаржин:

-Монголбанк зээлийн мэдээллийн сангаас "хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэдийг тэглэж байгаа харагдаж байна. Үүний цаана төрийн эрхийг сүүлийн найман жил барьсан МАН-ын том дарангуйлал төв банканд нөлөөлж сонгуульд орох шийдвэр нь маш аюултай. Бид аажим аажмаар ардчилалаа алдаж байгаа бол санхүүгийн эдийн засгийн хувьд ч бас дарангуйлал хэрхэн нөлөөлж байгааг энэ байдлаас харж болно. Монголбанк, банкны ерөнхийлөгч нь "хар жагсаалт"-ын түүхийг арилгах нь санхүүгийн хувьд харицлагагүй болохыг мэдэгдэж ийм шийдвэрийг зогсоох хууль эрхзүйн бүрэн чадамжтай. Гэвч практикт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намын даргынхаа үгийг сөрж чадахгүй хүнд нөхцөл үүсэж байна.

Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас "хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэдийг өршөөх шийдвэр нь нэн тэргүүнд ёсзүйн асуудал яригдна. Дараа, дараагийн удаа хэн ч зээлээ цаг хугацаанд нь төлөх инсентив байхгүй. Энэ нь шударга бус байдлыг бий болгож байгаа юм.

Хоёрт, түүхийн асуудал сөхөгдөнө. Улс төр биш шүү, манай намаас ч бас өмнө нь 2020 оны сонгуулийг угтаж тэтгэврийн зээлийг тэгэлнэ, ахмадуудын магнай тэнийлээ гэж зэргээр уянгалсан байдлаар төрийн шийдвэрийг гаргаж байна. Энэ нь дэлхийтэй хөл нийлүүлж алхах гэж байгаа одоогийн капиталист, чөлөөт зах зээлийн системд бидний бүдүүлэг суурь философи дээр тоглосон увайгүй үйлдэл гэж харж байна.

Үнэхээр иргэддээ хайртай, уучлахаар болбол 2024 оны сонгуулийн дараа Үндэсний их баяр наадмаар тэглэж болно. Сонгуулийн өмнө зээл тэглэж байгаа нь увайгүй үйлдэл. Зээл тэглэх нь банкны салбарт сөргөөр нөлөөлнө.

Банк санхүүгийн салбар алдагдалд орж дунд болон урт хугацааны асуудлууд үүснэ. Интервэнц хийж дураараа тэглэх нь маш том санхүүгийн эрсдэл дагуулна.

МУУ ЗЭЭЛИЙН ТҮҮХИЙГ БАЛЛУУРДАХ НЬ НИЙГЭМД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан:

-Монгол Улсад өнөөдөр нийгмийн нийгмийн ёсзүй, хариуцлага төлөвшил хурцаар тулгамдаж буй асуудал болсон. Гэтэл хариуцлагагүй, үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй ёс суртахуунгүй сул дорой байдлыг байнга үргэлж өөхшүүлсэн шийдвэр гаргаж байгаа нь буруу.

Зээлдэгчдийг “хар жагсаалт”-аас өршөөх нь буруу. Энэ бол улс төр. Зээлийн түүхийг баллуурдах нь нийгэмд маш сөрөг нөлөөтэй. Хариуцлагагүй, ёс зүйгүй иргэнийг төлөвшүүлж, хариуцлагын тогтоолцоогоо сүйтгэсэн шийдвэр гаргаж байгаа нь эдийн засгаа баллаж байна.

Цаашид иргэдийн зээл төлөх хандлага, банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө. Зах зээлийн эдийн засаг бол үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан, хариуцлагатай ёс зүйтэй иргэн дээр тогтдог нийгэм. Эсрэгээр нь ёсзүйгүй, хариуцлагагүй иргэдийг өөхшүүлж байна. Бид зээлийн түүх, ёсзүйн хариуцлагын түүхтэй байх ёстой. Зээл чанаргүйдэх нь бизнес эрхлэгчид хожиж, банк санхүүгийн салбар доголдно.

ХИЧЭЭЖ ХӨДӨЛМӨРЛӨСӨН НЬ ХОХИРЧ ХОЙШ СУУСАН НЬ ХОЖДОГ ЖИШИГ ТОГТЛОО

Эдийн засагч Б.Лакшми:

-Монголбанкны зээлийн мэдээллийн санд “хар жагсаалт”-д бүртгэлтэй хүмүүс дахин зээл авах боломжгүй болдог. Тодорхой хугацааны дараа гардаг жишигтэй. Хувь хүн талаасаа харвал давуу талтай байгаа юм. Банкнаас зээл авах, бараа бүтээгдэхүүний зээл авахад хар жагсаалтын түүхгүй, дахин зээл авах боломж бүрдэж байна. Хоёрт, өмнө нь торгуулиа төлдөггүй хүмүүс Өршөөлийн хуульд хамрагддаг байсан юм билээ. Энэ нь торгуулиа цаг тухайд нь төлж байгаа хүмүүст хохиролтой байсан учраас төлөхгүй гэх хандлага үүссэн байсан. Тэгэхээр зээлийн хар жагсаалт-ыг нэг удаа өршөөж байгаа нь сахилга батыг сулруулж байна гэж ойлгох хэрэгтэй. Улс төрчид нийгэм ёс зүйгүй гэж байнга шүүмжилдэг атал өөрсдөө үйлдлээрээ ёс зүйгүй болохыг нь урамшуулж байна. Зээлээ хугацаанд нь төлсөн, өнтэй хаваржсан малчдаа урамшуулал л даа. Хичээж хөдөлмөрлөсөн хүмүүс хохирч, эргээд хариуцлагагүй ёсзүйгүй хүмүүсээ дэмжиж өөхшүүлэх жишиг тогтлоо. Халамж, өршөөл зэргээр хариуцлагагүй, ёс зүйгүй хүмүүсийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Зээлээ хугацаанд нь төлж байсан, аливаа асуудал гаргаж байгаагүй хүмүүст энэ шийдвэр нь сөрөг нөлөөтэй. Дараа нь иргэдийн дунд зээлээ хугацаанд нь төлөх шаардлагагүй гэх буруу ойлголт, хандлага бий болно. Сонгуулийн жилд энэ шийдвэр гарч байгаа нь хардлага төрүүлж байна. Магадгүй хүмүүсийн саналыг татах зорилготой үйлдэл гаргаж байна уу, яагаад заавал сонгуулийн өмнө энэ шийдвэрийг гаргаж байна вэ? Сонгуулийн дараа шийдвэр гаргаж болохгүй байсан уу? гэх зэрэг олон асуулт эргэлзээ төрүүлж байгаа юм. Арилжааны банкуудын хувьд өмнө нь зээлийн ангилал буурсан хар жагсаалтад орсон зэрэг түүхийг нь харах боломжтой байсан бол муу түүхийг нь цэвэрлэснээр сайн, хариуцлагагүй зээлдэгч эсэхийг мэдэх боломжгүй эрсдэлтэй болж байна. Санхүүгийн урсгалуудаа тооцоолоход хүндрэлтэй болж байгаа юм.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Л.Энх-Амгалан:

-Гэнэтийн хортой шийдвэр гаргахгүйгээр зах зээлийн зарчмаар л шийдэх нь зүйтэй. Эсрэгээрээ төрийн хэт оролцох нь иргэдэд тусалж байгаа мэт харагдаж байгаа ч урт хугацаандаа сөрөг нөлөөтэй арга хэмжээнүүийг аль болох бага авах нь урт хугацаанд эдийн засаг зах зээлийн зарчмаар ердийн байдлаар хөгжих нөхцөл бүрдүүлнэ. Хүн бүр өөрийнхөө нийгэмд хүлээж буй хариуцлагыг ойлгож, санхүүгийн харилцаанд орохдоо хариуцлагаа ухамсарлаж байдаг. Гэтэл хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх нь “зээлийн хугацаа хэтэрсэн ч болно” гэх хандлага бий болгоно. Иймээс аль болох ийм арга хэмжээ бага авах хэрэгтэй. Сүүлийн үед гарч буй шийдвэрүүд сонгуульгүй жилүүэд хөнгөлөлт чөлөөлөлт байдаггүй мөртлөө улс төрийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль болох жилд үргэлж ийм гэнэтийн шийдвэрүүд гардаг. Миний харж байгаагаар сонгуультай холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлтийн шийдвэр гаргаж байна. Нэг талаараа, хар жагсаалтад орсон аж ахуйн нэгжүүдэд давуу талтай харагдаж байгаа юм. Зээлээ төлөх чадварыг нь харгалзан үзэх ёстой.

Өөрөөр хэлбэл, анх удаа аль эсвэл аливаа шалтгаанаар нөхцөл байдал нь бүрдээгүй нь нотолгоотой бол нэг удаа хар жагсаалтаас чөлөөлөх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Түүнээс биш зээлийг санаатайгаар төлөхгүй хойшлуулах, хугацаа хэтэрч төлдөггүй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтаас чөлөөлөх нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр.

Энэ бүх эрсдлийг Монгол банк судалж хар жагсаалтаас гаргах ангилалд шүүлтүүртэй хандаж шийдвэр гаргах ёстой. Үгүй бол зээлээ цаг хугацаанд нь төлж буй иргэн, аж ахуйн нэгж хохирох нөхцөл байдал үүснэ.

Монголбанк судалгаатай шийдвэр гаргавал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Эсрэгээрээ бодлого судалгаагүй шийдвэр гаргах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгдэнэ. Монголбанкны "Хар жагсаалт"-ын бүртгэлээс гарсан иргэд дахин банкнаас зээл авч банк санхүүгийн салбарт чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Нэгэнт "хар жагсаалт"-ыг үүсгэсэн бол мөрдөж, дүрэм журмаар нь чөлөөлөх хугацааг заана. Энэ зарчмаар арга хэмжээ авхаас биш гэнэтийн шийдвэрүүд ойр ойрхон давтамжтай гаргах нь харицлагатай зээлдэгчдэд “би ч бас чанаргүй зээлдэг ч болсон ч хар жагсаалтас гарч болно” гэх ойлголт төрүүлж, үнэнч шударгааар зээл төлөх байдал алдагдаж байгаа учраас массаараа эдийн засгийг сөрөг байдал руу чирэх эрсдэлтэй.

13.5 сая төгрөгийн “ТОРГУУЛЬ“-тай жолооч: Намайг хууль хяналтынхан мэднэ. Торгуулиуд нь  ҮНДЭСЛЭЛГҮЙ
13.5 сая төгрөгийн “ТОРГУУЛЬ“-тай жолооч: Намайг хууль хяналтынхан мэднэ. Торгуулиуд нь ҮНДЭСЛЭЛГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.