Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Эрх баригчид сөрөг хүчнийг дуугүй болгох хууль батлах гэж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 16 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар зайлшгүй батлагдах ёстой гол хуулиудын нэг нь УИХ-ын дэгийн тухай хууль юм. Тэгвэл бид дэгийн хуульд орж буй өөрчлөлт, онцлог заалтуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос байр суурийг нь тодрууллаа.

-УИХ-ын хаврын чуулганаар батлах ёстой хамгийн чухал хуулийн нэг нь дэгийн тухай хууль. Тэгэхээр 126 гишүүнтэй шинэ парламент чуулганы хуралдаанд бүлгийн зохион байгуулалтад орж, олонх болсон намын гишүүд илүү үг хэлдэг байх дэг рүү шилжинэ гэж буй. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

- Эрх баригчид яавал сөрөг хүчний үгийг зогсоох вэ гэсэн хандлагаар асуудалд хандаж байна. Ирэх парламент 126 гишүүнтэй болно. Энэ үед дэгийн хуулийг өөрсдөдөө зориулаад хийнэ.

Хуульд хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, аливаа нэг асуудлаар бүлгийг төлөөлж нэг, хоёр хүн л үг хэлж, зарчмын байр сууриа илэрхийлээд явахаар байгаа. Гэтэл энэ зохицуулалт нь зарим хуулиудад сөрөг байр суурьтай байсан тухайн бүлгийн хүмүүсийн үгийг хэлүүлэхгүй байх нөхцөлийг бий болгодог.

Хоёрт, тойргоос сонгогдсон гишүүд сонгогчдынхоо санал бодлыг илүү төрд хүргэх ёстой. Тиймээс бүлгийн зохион байгуулалтыг хэтэрхий хавтгайруулж ганц хоёрхон хүнээр төлөөлүүлж асуудал ярьдаг болгох нь учир дутагдалтай гэж харж байгаа.

Шинээр бүрдэх парламентад аль нам нь олонх болохыг хэлэх боломжгүй атал АН-ыг дахиад сөрөг хүчин л байна гэдэг агуулгаар өөрсдөдөө тааруулсан хууль гаргаад байх нь зохимжгүй асуудал гэж хэлмээр байна.

-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг салгаж, зохицуулахаар тусгаад буй. Энэ агуулгад та ямар байр суурьтай байна вэ?

-Өнөөгийн УИХ-ын гишүүдэд бүх бүрэн эрх нь хэвээр байгаа. Өнөөгийн энэ парламентын хугацаанд асуудалд холбогдсон гишүүд өөрсдийн эрх ямбаа тоочихгүйгээр хууль хяналтын байгууллагад ухамсраараа очиж шалгуулж байгаа. Товчхондоо, шүүхээс ял аваад шоронд орох гэж буй хүмүүс л асуудалтай байгаа.

Тиймээс парламентын гишүүний бүрэн эрх тодорхой хэмжээгээр байх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг талаас маш их нөлөөлөл орж ирэх хоёр хөрштэй учраас бид үүнд нухацтай хандахгүй бол болохгүй. Парламентын засаглалаар маш сайн мэргэшсэн хүмүүс үүнийг маш буруу зүйл гэж зөвлөдөг.

-Гүйцэтгэх засаглал, Хууль тогтоох дээд байгууллагаасаа давсан эрх мэдэлтэй байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Ялангуяа Засгийн газрын эрх мэдлийн хүрээг УИХ-ын дэгт зангидах шаардлагатай талаар хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Тухайлбал, хуульд нэг сайд нэг л байнгын хороонд ажиллахаар тусгасан байна. Үүнийг та юу гэж харж байна?

- Энэ парламентаар хамгийн гол нь Ерөнхий сайд бүх сайд нараа өөрөө томилж, хариуцлага тооцож байгаа нь парламентын засаглалтай манай улсад нэг талаараа өрөөсгөл зүйл. Жишээ нь онцгой байдлын салбарыг харахад олон хүмүүс харамсалтайгаар нас барж байна. Гэтэл Ерөнхий сайд нь хариуцлага алдсан сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байна. Мөн энэ жил ХАА-н салбар 2023 онд 18 хувиар уналтад орсон. Энэ жил бүр их нэмэгдэхээр байгаа.

Тиймээс байнгын хорооны гишүүд салбарын сайдад хариуцлага тооцох саналыг Ерөнхий сайдад гаргах боломж бүрдэж байж гүйцэтгэх засаглалын эрх, үүргийг тэнцвэртэй барьж чадна.

ТОДРУУЛГА:  Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүн байхгүй
ТОДРУУЛГА: Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүн байхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.