Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Занданбат: Эмийн асуудалд хяналт тавих ёстой байгууллагуудад эм тойрсон компаниудын төлөөлөл “шигдсэн“ гэх ноцтой зөрчил өмнө илэрсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 45 секунд

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн үр дүнд олон улсад хэвшин тогтсон “парламентын мөрдөн шалгах сонсгол”-ыг зохион байгуулж, ард иргэдийн мэдэх эрхийг хангах боломж бүрдсэн. Үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний гэх тодотголтой хэргээр нээлттэй сонсголыг зохион байгуулж, олон ноцтой баримтууд ард иргэдэд хүрсэн байдаг. Тэгвэл энэ хаврын чуулган эхэлснээс хойш олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан эмийн үнийн өсөлт, чанарын асуудлаарх сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан түр хорооны зүгээс сонсголын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, өнгөрсөн долоо хоногт л гэхэд мэдээллээ ирүүлэхгүй байгаа байгууллагууд, албан тушаалтнуудын нэрсийг зарласан байдаг. Нөгөөтэйгүүр түр хорооны ажилд дэмжлэг үзүүлж байгаа улстөрчид, албан тушаалтнууд ч байгаа талаар Түр хорооны гишүүд мэдэгдэж байсан.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Занданбат өнөөдөр эл Түр хорооны дарга Ж.Чинбүрэнтэй уулзаж, 2022 онд Үндэсний аудитын газраас хийсэн "Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлийн аудитын тайлан"-н дүгнэлтийг дахин танилцуулж, аудитаас илэрсэн ноцтой асуудлуудын талаар мэдээлэл өгчээ. Тодруулбал, Үндэсний аудитын газраас хийгдсэн аудитын дүгнэлтийн хүрээнд эмийн салбарт нэн тулгамдсан нийт 9 дүгнэлт, 13 зөвлөмжийг хүргүүлж байсан аж. Харамсалтай нь ЭМЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг "Эм эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар" тус дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангаагүйн улмаас өнөөдөр хяналтгүй эмийн үнийн өсөлт, чанаргүй эмийн асуудал хэвээр байгаа гэж ч харж болох юм.

Уулзалтын үеэр Ерөнхий аудитор асан Д.Занданбат өнөөгийн эмийн салбарын нөхцөл байдал үндэсний аюулгүй байдлын түвшний асуудал болоод байгаа онцлоод "Нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааны уршгаар эмийн чанарын асуудал монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Эмийн чанар, үнийн өсөлтөд хяналт тавих эрхзүйн орчныг сайжруулж, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Энэ асуудалд хяналт тавих эрх бүхий байгууллагын бүрэлдэхүүнд, эм тойрсон хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхлын компаниудын төлөөлөл байгаа нь аудитын дүгнэлтээр илэрсэн нь маш ноцтой асуудал юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ахалж буй Хянан шалгах түр хороо уг асуудлыг ул суурьтай судалж "нээлттэй сонсгол"-г зохион байгуулж байгаад иргэн хүний хувьд талархаж байгаагаа илэрхийлье. Эм нь бидний өдөр тутмын амьдрал, амьд явах эрх чөлөө, эрүүл мэндийн асуудал цаашлаад бидний төсөвтэй шууд холбоотой байдаг. Тус хорооны ажил бодит үр дүнгээ өгч, салбарын нээлттэй ил тод байдалд илүү ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. Уг асуудал болон цаашлаад олон тулгамдсан асуудлуудад өөрийн хийж гүйцэтгэж байсан ажлын туршлага, мэдлэгээр хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо өргөх болно" гэв.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.