Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчдын тоо нийт хүн амын 6.6 хувь, ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
4 минут 19 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төрийн албаны зөвлөл 2023 оны тайлан, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаа танилцууллаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, 2023 оны нэгдсэн тоон мэдээллээр 4239 байгууллага, 226.496 албан хаагч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрийн албан хаагчийн тоо 1291 буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Төрийн албан хаагчийн тоо нь Монгол Улсын нийт хүн амын 6.67 хувь, нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна. Төрийн албан хаагчийн 63.7 хувь буюу 144.183 нь эмэгтэй, 36.3 хувь буюу 82.313 нь эрэгтэй байна. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний өөрчлөлтийг албан тушаалын ангиллаар авч үзвэл, төрийн улс төрийн албан тушаалын албан хаагч 3.6 хувиар, төрийн тусгай албан тушаалын албан хаагч 1.0 хувиар, төрийн үйлчилгээний албан тушаалын албан хаагч 0.7 хувиар тус тус өссөн байна.

Харин төрийн захиргааны албан тушаалын албан хаагч 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих зорилгоор төрийн албаны шалгалтын 5 журмыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж, мөрдөн хэрэгжүүлж байна.

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх шалгалтыг 2023 онд 4 удаа зохион байгуулж, 16085 иргэн бүртгэгдсэнээс 12683 буюу 78.8 хувь нь шалгалтад оролцож, 5212 иргэн буюу 41.1 хувь нь тэнцэн, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн. Зөвлөлөөс хуваарьт болон захиалгат ерөнхий шалгалтыг анх удаа зохион байгуулж, хөнгөрүүлсэн босго оноогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дүгнэж шалгалт өгөх нөхцөл боломжоор хангасан онцлогтой ажил болсон.

Шалгалтад хөгжлийн бэрхшээлтэй 33 иргэн бүртгэгдсэнээс 26 буюу 78.7 хувь нь шалгалтад оролцож нийт 14 иргэн тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн. Төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцийн ашиглалт 38.3 хувь буюу 6997 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна гээд төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, тоо цахимжилт, сургалт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, маргааныг хянан шийдвэрлэсэн талаар, ёс зүйн хэм хэмжээг сахиулах үүргийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тухайлбал,

Зөрчилтэй томилгооны шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан хяналт шалгалтын явцад 185 албан хаагчид холбогдох зөрчлийг арилган, шийдвэрийг зөвлөлд ирүүлжээ. Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 389 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаснаас төрийн захиргааны албан тушаалтан 159, төрийн үйлчилгээний албан тушаалтан 230 байна. Ёс зүйн зөрчлийн тоог өмнөх онтой харьцуулахад 26-аар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ. Мөн тэрбээр, Төрийн албаны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3 дэх хэсэгт заасан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газрын төвшинд хууль эрх зүйн орчныг сайжруулах тодорхой саналуудаа албан бичгээр илэрхийлэх, Төрийн албаны хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийг хангах, төрийн албаны ёс зүй сахилга, хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллахыг санууллаа. Төрийн албаны зөвлөлийн тайланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм.

Зам дагуу байрлуулсан том оврын техник хэрэгслүүдэд тодорхой байршил зааж өгөн, зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө
Зам дагуу байрлуулсан том оврын техник хэрэгслүүдэд тодорхой байршил зааж өгөн, зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.