"Дийлэнх тохиолдолд буюу 60-70 хувьд нь эмэгтэйчүүд гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл өгдөг. Эргээд эвлэрэх шийдвэрийг ч эмэгтэйчүүд ихэнхдээ гаргадаг. Хэрэв эрчүүд гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн тохиолдолд эвлэрэх магадлал маш бага. Эрэгтэй хүмүүс "эвлэрэхгүй" гэсэн л бол шийдвэртээ тууштай" гэж Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эмэгтэй ярив.
Түүний хэлж буйгаар сүүлийн гурван жилд хосууд үргүйдэл, хадмын болон найз нөхдийн хандлага, араар тавилт, хардалт, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, архидалт зэрэг шалтгааны улмаас гэр бүл цуцлуулахаар өргөдөл гаргах нь ихэсжээ.
Гэрлэлт цуцлалт 2021-2023 онд жил бүр өсөж, нийт 12743 болсон бөгөөд 2021 оныг 2023 онтой харьцуулахад 28.8 хувиар өсжээ. Энэ нь дунджаар 4 гэрлэлт тутмын нэг нь гэр бүл цуцлуулж байна гэсэн үг.
Гэр бүл цуцлалтын 9535 нь зан харьцаа таарамжгүй гэх шалтгаан эзэлж байгаа нь нийт гэрлэлт цуцлалтын 74.8 хувь буюу хамгийн өндөр дүнг эзэлжээ.
Зөвхөн 2023 онд уг шалтгааны улмаас 3584 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
Харин албаныхан хосуудад өгөх зөвлөгөө мэдээлэл хангалтгүй, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ сул, ялангуяа сэтгэл зүйч хангалтгүй, төлбөр нь хэт өндөр, гэр бүл цуцлалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байгаа нь гэр бүл салалтад нөлөөлж байна гэж үзжээ.
Өрх гэрээ нуруун дээрээ үүрч яваа ганц бие ээж, аавууд Монголын нийгмийн нэг анхаарлын тэмдэг болоод удаж байна. Гадаа гарч эр, гэрт орж эм болж яваа тэднийг төр засаг төдийлөн тоодоггүй. Хэдий нь энэ нь хоёр хүний хоорондын асуудал мэт боловч төр анхаарах ёстой нийгмийн нэг асуудал болжээ.
Учир нь эцэг, эхийнхээ салалтын золиос нь болж яваа хүүхдүүдийн эрх энд хамгийн их зөрчигдөж байна.
Гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн ар гэрийнхэн "Гэр бүл салсны дараа хосууд бие биеэ үзэн ядах, өширхсөний улмаас хүүхдүүдээ эцэг, эхтэй нь уулзуулахгүй байх, харилцаа холбоог нь таслах, хүүхдүүддээ нэгнийгээ муулах, улмаар ээж, аав, ах дүү, хамаатан садантай нь муухай харьцах, хандах зэрэг сөрөг үр дагавруудыг үүсгэж байдаг. Үүний улмаас хүүхдүүдэд салсан аав, ээжийн зүгээс тавих анхаарал халамж сулрах, холбоогоо таслах зэрэг үйлдлүүд хийдэг" гэдгийг ихэнхдээ хэлдэг аж.
Доорх судалгаанаас харахад гэрлэлтээ цуцлуулсны дараах эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харилцаа нь тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж хүүхдээ үл хайхарч эхэлдэг гэдгийг харуулж байна.
Ажил хийдэггүй тэтгэлэг төлөгч нар 30 хоногийн баривчилгаанд явахыг илүүд үздэг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллээр 2010-2019 оны хооронд нийтдээ 7100 хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэрэг маргааныг шийдвэрлэжээ. Харин 2021-2023 онд шүүх 6187 хүүхдийн тэтгэлэг гаргуулах иргэний хэрэг маргааныг шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээллээр 2023 онд 53.5 тэрбум төгрөгийн хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулахаас 22.6 тэрбум төгрөгийн буюу нийт төлбөрийн 42.3 хувийг төлж барагдуулсан нь шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй, 57.7 хувь нь тэтгэлэг төлөөгүй гэсэн үг.
Хүүхдийн тэтгэлэг төлөлтийн гүйцэтгэл бага хувьтай төлөгдөж байгаа нь тэтгэлэг төлөгч оршин суух хаяг дээрээ байдаггүй, оршин суугаа газрын хаяг нь тодорхойгүй эрэн сурвалжлахаар олддоггүй, архины хамааралтай, ажил эрхэлдэггүй өөрийн нэр дээр орлого байхгүй, хүнд өвчтэй, эд хөрөнгө, гэр орон байхгүй, ял эдэлж байгаа гэсэн шалтгаанууд эзэлдэг аж.
Өөрөөр хэлбэл, архины хамааралтай, ажил эрхэлдэггүй, орлогогүй, орон гэргүй тэтгэлэг төлөгч нарт зөрчлийн хэрэг үүсгээд баривчлах шийтгэл ногдуулахад тэд 30 хоногийн баривчилгаанд явж, хоолтой, дулаан газарт байрлахыг илүүд үзэхийн сацуу ажил эрхэлдэггүй гэнэ.
11 нас хүрээгүй хүүхдийн сарын тэтгэлэг 156.700 төгрөг
Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, сургуульд явж байгаа 11-16 насны хүүхэд, 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр тогтооно гэж заасан.
1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуульд 2002 оноос хойш нийтдээ 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хүүхдийн тэтгэлгийн хэмжээтэй холбоотой заалтыг огт хөндөөгүй 25 жил болжээ.
Тухайлбал, 11 нас хүрээгүй хүүхэд Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин болох 313,400 төгрөгийн 50 хувь болох 156.700 төгрөгийг сард авдаг ба энэ нь 1 өдөрт 5200 төгрөг оногдож байна. Мөн 11-16 насны хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэлх хугацаанд амьжиргааны доод түвшний 100 хувиар буюу Улаанбаатар хотод амьдарч байгаа бол 313,400 төгрөгийн тэтгэлэг авна, харин суралцаагүй бол 16 нас хүрээд тэтгэмж авах эрхгүй болдог байна.
Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “шүүх тэтгэлгийн хэмжээг сард нэгээс доошгүй удаа тэтгэлэг төлөгчийн орлого, хэрэгцээ шаардлага зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан аргачлалын дагуу тогтооно” гэж амьжиргааны доод түвшний хэмжээг тогтоосон дээрх заалтыг өөрчлөхөөр тусгажээ.
Түүнчлэн уг хуулийн төсөлд хүүхдийн тэтгэлгийн хэмжээ, хугацаа тогтоох аргачлалыг боловсруулах чиг үүргийг гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцахаар оруулсан нь сайшаалтай.
2021-2023 онд нийт гэрлэлт 51.122 бүртгэгдсэн бол гэрлэлт цуцлалт 12.743 бүртгэгдсэнээс үзэхэд дунджаар 4 гэрлэлт тутмын 1 нь гэр бүл цуцлуулж үүний цаана хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байна. Тиймээс гэр бүл цуцлалтын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судалж, суурь шалтгааныг арилгахад чиглэсэн бодлого, дорвитой ажил хийх шаардлагатай болжээ.
Эцэст нь гэр бүлийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тусгах хэрэгтэй болов уу.